Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс Эрчим хүчний сайд асан М.Сономпилийг яллагдагчаар татсан тухайгаа саяхан мэдээллээ.

Тодруулбал, тус газраас өнгөрсөн пүрэв гарагт түүний эзэмшлийн “Залуу Монгол” компанийн байранд болон гэрт нь нэгжлэг хийж, шаардлагатай бичиг баримт болон бусад эд зүйлсийг нь хураан авчээ. 

 

Түүнийг яллагдагчаар татах болсон шалтгаан нь тэрбээр Эрчим хүчний сайдаар ажиллаж байхдаа Эрчим хүчний яамнаас зарласан худалдан авах ажиллагаа, тендер, “Амгалан” дулааны цахилгаан станц болон уг станцын санхүүжилттэй холбоотой асуудалд холбогдсон аж. Ингэхдээ “Хөгжлийн банк”-наас дээрх тендерийн санхүүжилтийг авсан нь тогтоогдсон байна. 

 

Ямартай ч АТГ-аас өгсөн мэдээлэл ердөө энэ. Түүнчлэн түүнийг сайдаар ажиллаж байх хугацаандаа өөр ямар, ямар тендерт холбогдсоныг ч хуулийнхан мөрдөн шалгаж байгаа гэж баттай эх сурвалж мэдээлж байв. Уг нь сайд асан М.Сономпил тухайн үед Засгийн газраас өгсөн үүрэг чиглэлийн дагуу санхүүжилтийн асуудлыг шийдэж, “Амгалан” дулааны станцыг барилгын ажлыг эхлүүлсэн аж. 

 

Тухайлбал, Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 35, 55 дугаар тогтоолоор Улаанбаатар хотод 348Мвт хүчин чадалтай “Амгалан” дулааны станцыг барихаар шийдвэрлэсэн байдаг. Үүний дагуу Засгийн газрыг Эрчим хүчний яам, Эдийн засгийн хөгжлийн яамд төлөөлж, БНХАУ-ын “Чайна Машинери Инженеринг Корпораци” /СМЕС/-тай түлхүүр гардуулах нөхцөлтэйгөөр 2013 оны дөрөвдүгээр сарын 12-ны өдөр концессын гэрээ байгуулж, нээлтийн үйл ажиллагааг 2015 оны арваннэгдүгээр сарын 27-нд болж байсан юм. Тэгэхээр энэхүү дулааны цахилгаан станцын санхүүжилт яагаад одоо ийнхүү асуудал дагуулах болов гэдэг нь хачирхалтай.

 

Учир нь тэрбээр тус яамны сайдын ажлыг 2014 оны арванхоёрдугаар сарын 10-нд Д.Зоригтод хүлээлгэн өгсөн түүхтэй. Гэтэл бүхэл бүтэн гурван жилийн дараа буюу завсарт нь өөр хүн ажлыг нь үргэлжлүүлэн хийсэн байхад М.Сономпилийг юуны учир шалгах болов хэмээн журмын нөхөд нь гайхаж буй гэнэ. Харин ч сайд асан М.Сономпилийг ажлаа хүлээн авч байх үед нь буюу 2012 оны байдлаар тус салбар Эрчим хүчний нийлүүлэлтийн дутагдалд орсон, насжилт хэт өндөр, үүнтэй холбоотойгоор үр ашиггүй, алдагдалтай ажилладаг төдийгүй гаднаас авах эрчим хүчний хэмжээ нэмэгдсэн. 

 

Жил бүр 40-68 тэрбум төгрөгийн алдагдал хүлээдэг. Сүүлийн 20 жилд томоохон шинэчлэл хийгдээгүй, хөрөнгө оруулалтын гачигдалд орсон гэх зэргээр олон хүндрэлтэй асуудалтай байсныг тэрбээр ажралгүй давж, дараагийн сайддаа хүлээлгэн өгч байжээ. Тиймээс түүнийг яллагдагчаар татсан гэх дээрх хэрэг хэр бодит үнэн бэ гэдэг нь ч асуудалтай. 

 

Ямартай ч Хөгжлийн банкны гэх тодотголтой хөрөнгө мөнгөний асуудалд М.Сономпил гэдэг хүн нэгээр нэмэгдлээ. Өөрөөр хэлбэл, дээрх банкны хэрэгт холбогдуулан тус банкны Гүйцэтгэх захирал асан Н.Мөнхбат, “Эрэл” компанийн захирал Б.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатар, Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаяр нарын олон хүн шалгагдаж байгаа билээ. Энэ талаарх мэдээллийг бид эргэн хүргэх болно.

 

Р.Саруул