“Эмийн сан руу алхсан нь” хэмээх этгээд нэртэй дуу Нисванис хамтлагийнханд өөрсдийн төсөөлж байгаагүй амжилт авчирсан гэнэ.

1999 онд “Хүчилтөрөгч” нэртэй  18 дуутай анхны цомгоо гаргасан байна. Энэ үед нийт 17 дуу оруулах байсан ч дахин нэг дуу оруул гэхээр нь “Эмийн сан руу алхсан нь” дуугаа нэг ёсондоо шахаас маягаар оруулжээ. Гэтэл энэ дуу нь  тэдний төсөөлж байснаас илүү хүмүүст хүрч, бараг л Нисванис хамтлаг гэж байдаг гэдгийг бусдад  таниулсан нэрийн хуудас мэт бүтээл нь болжээ.

“Эмийн сан руу алхсан нь” дуу үнэхээр тухайн цагт өвөрмөц өнгө төрхтэй дуу болж, хүн болгон л энэ дууг амандаа аялаж байсан гэхэд хилсдэхгүй. Цагтаа гранж рок урсгалаа хүмүүст таниулахаар зүтгэж байсан энэ хамтлаг хэрэв шахаасны гэх дуугаа цомогтоо оруулаагүй бол яах байсан бол ...

Гранж рок урсгалаар уран бүтээлээ туурвидаг Нисванис хамтлаг 1996 онд энэ нэрээр уран бүтээлээ эхэлсэн бөгөөд модернист яруу найрагч Б.Галсансүх хамтлагийн анхны менежерээр ажиллаж байжээ. Тус хамтлагийн анхны бие даасан тоглолт 1996 оны 11 дүгээр сард “Сонсохыг хориглоно” тоглолт Соёлын төв өргөөнд болоход 100-аад хүн л үзэж байжээ. Энэ мэтээр тэд шантралгүйгээр уран бүтээлээ түгээн залуучуудад өөрсдийн урсгалын хөгжмөө таниулж байв.

Одоо харин тэд Монголын рок попын ертөнцөд өөрийн байр сууриа хэдийн эзэлж, өөрсдийн фэн клубтэй ч болоод амжсан. Түүнчлэн Монголын амьд хөгжмийн хөгжил дэвшилд томоохон байр суурь эзлэх хамтлаг болж чаджээ.

С.Отгон