Үеэл нь Ким Чен Уныг дарангуйлагч гэж үздэг Францын засаг захиргаа Хойд Солонгосын удирдагч Ким Чен Уны үеэл Ким Хан Солийг өндөржүүлсэн хамгаалалтаар хамгаалах болсон тухай мэдээлсэн. Ким Хан Сол нь Хойд Солонгост нэгэн цагт хоёрдугаар эрх мэдэлтэй дарга байсан Чан Сон Тэкийг цаазаар авсны дараа хэдэн хоног бүх харилцаа холбоогоо тасалсан гэнэ. Тэрчлэн Ким Хан Солийн нэрийг сургуулийн дотуур байрны шуудангийн хайрцагнаас авсан тухай “The South China Morning Post” сонинд мэдээлсэн байна. Түүнийг алга болсон гэх мэдээлэл хэвлэл мэдээллээр гарсан ч Ким Хан Сол хичээлдээ дахиад явж эхэлжээ. Харин цагдаа нар хүүг хичээлээс нь дотуур байр руу хүргэж өгөх болсон байна.

Ким Хан Сол ардчилсан үзэлтэй гэдгээ хэлдэг бөгөөд өөрийн Facebook хуудсанд энэ тухайгаа бичдэг юм. Өнгөрсөн 2012 онд залуу хүү Финляндын телевизэд ярилцлага өгөхдөө өөрийн авга ах Ким Чен Уныг дарангуйлагч гэж боддогоо хэлсэн аж. Өдгөө 19 настай Ким Хан Сол бүр багадаа аав, ээжийн хамт Макаод очжээ. Макаод дунд сургуульд суралцсан хүү Босни Герцеговин улсын Мостар хотын Олон улсын коллежид суралцахаар Европыг зорьсон байна. Өнгөрсөн намар Ким Хан Сол Францын нэр хүндтэй дээд сургуульд суралцахаар болсон талаар дэлхийн хэвлэлүүд мэдээлсэн. Тэрбээр Европ, Азийн харилцааг судлахаар Гавр хотын их сургуульд элсчээ. Хичээл нь англи хэл дээр байх бөгөөд оюутнууд франц хэл сурах шаардлагатай гэнэ. Түүнээс гадна оюутнууд Азийн орнуудын хятад, япон, солонгос, хинди, индонез хэлний нэгийг суралцах юм байна.

Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ирийг нас барсны дараа 2011 онд засгийн эрхийг түүний том хүү Ким Чен Нам авах байсан боловч дүү Ким Чен Унд эрх мэдлийг өгсөн. Ким Чен Нам 2001 онд Япон улс руу хуурамч бичиг баримтаар орох гэж байгаад саатуулагджээ. Тэрбээр хүүтэйгээ Диснейленд орохоор Японд очсон гэнэ. Тиймээс Ким Чен Намыг үе залгамжлах найдвартай хүний тооноос хассан тухай хэвлэл мэдээллээр бичиж байсан. Түүний хүү Ким Хан Сол аавыгаа улс төр огт сонирхдоггүй гэж ярьжээ. Ким Чен Нам өөрийн дүү Ким Чен Уныг дэмждэггүй учраас харилцаа холбоогүй байдаг аж. Харин цаазлагдсан дарга Чан Сон Тэктэй ойр дотно харилцаатай байжээ. Ким Чен Нам одоо Макаод амьдардаг бөгөөд Хойд Солонгосын нэгэн тагнуулч түүний амь насанд халдахаар төлөвлөж байснаа ярьсан гэнэ. Өмнөд Солонгост цагаачилж очсон Умардын тагнуулч баригдсаныхаа дараа Ким Чен Намыг автын осолд орсон мэтээр хөнөөх гэж байснаа хэлсэн аж. Харин тэр үеэр Ким Чен Нам Макаод очоогүй юм байна.

Барууны хэвлэл мэдээлэлд Ким Чен Уныг авга эгчийнхээ хамтаар хүргэн ахаа цаазлах шийдвэрийг гаргасан байж магадгүй гэж бичиж эхэллээ. Швейцарийн “Tagesanzeiger” сонинд Чан Сон Тэкийн эхнэр Ким Гён Хи нөхрөө цаазлах шийдвэрт оролцсон байж болох тухай мэдээлсэн аж. Ким Чен Уны авга эгч нөхрийнхөө хамт залуу удирдагчийг ажлаа эхлэхэд ихээхэн үүрэг гүйцэтгэсэн юм. Ким Гён Хи сүүлийн хэдэн жил олны өмнө нэг ч удаа гараагүй гэнэ. Гэхдээ түүний нэр нөлөө огт буураагүй байна. Хойд Солонгосын засаг захиргаа Чан Сон Тэкийг төрийн эргэлт хийхийг оролдсон, мөрийтэй тоглосон, улсын баялгийг худалдсан гэх зэргээр буруутгаж цаазын ял оноосон. Харин Сөүл хотноо байдаг “North Korea Strategic Information Service Center” төвийн судлаач Ли Ен Кол хэлэхдээ “Ким Гён Хи нөхөр Чан Сон Тэктэйгээ 1972 онд гэрлэсэн. Түүнээс өмнө л Чан Сон Тэкийг архи уудаг, мөрийтэй тоглоомд их мөнгө алддаг, хүүхэн эргүүлдэг тухай ярьдаг байжээ. Ким Гён Хи нөхрийнхөө дутагдалтай талыг мэддэг байсан хэрнээ түүний эхнэр болсон. Магадгүй удирдагчийн авга эгч Чан Сон Тэкийн бүх алдаанаас залхсан байж болох. Ким Чен Ун авга эгчийнхээ зөвшөөрлийг авалгүйгээр нөхрийг нь цаазлахгүй биз ээ” гэж ярьжээ.


Н.ТУНГАЛАГ