Хулсан ташуур нь байгаасай даа...
2017/10/13
Хуруундаа өлгөөд явах юмсан даа...гээд л аялчихмаар мэдээнүүд ар араасаа хөврөх юм даа. Хад нь өндөр боловч хажуугаар нь гардаг замтай даа. Халх Монголын үр садтай хамтраад амьдрахыг бодсон юмсан даа, ай хүү минь ээ хө... гэж энэ дуу үргэлжилдэг юм билээ...
Айсуй Засгийн газрын сайд нар бүгд давхар дээлтэй гэдгийг сонсоод эхлээд урам хугарав. Ганц би ч биш, бүх хүн л хэсэгтээ гацаанд орох байх. Гэвч том зорилгын төлөө том эрсдэл хийх ёстой гэдгийг санаад багахан уужуурав. Үнэн хэрэгтээ Хүрэлсүхэд Засгийн газраа эмхлэн байгуулахтай зэрэгцэн тулгарч буй асуудал бол Монголын төрд бугласан улс төр бизнесийн олигархуудаас ангижрах явдал. Шинэ Засгийн газарт тэдний гар хөл шургалж гэмээнэ өнөөдрийг хүртэл өнжин хонон тэмцэлдэж, Эрдэнэбатын танхимыг унагаасны хэрэг үгүй болно.
Эдүгээ Хэнтийн хөвгүүнд Засгийн газраа хуйвалдаанд хутгалдаагүй, наймаанд найраагүй өөрийн итгэлтэй хүмүүсийн бүрэлдэхүүнтэйгээр байгуулах шаардлага тулгарч байна. Дараа нь танхимаа унагаачихалгүй авч явах хүндхэн ачаа бас л түүнийх. Энэ бүхэнтэй зэрэгцүүлэн С.Баярын үеэс цус холилдож, нам дамжсан бүлэглэлийг задлан, тэр үеийн МАН-ын алдааг засч залруулах үүрэг оногдож буй юм. Нэг үгээр хэлбэл Элбэгдорж, Энхболд хоёрын хамтарсан бүлэглэлийг төрөөс арчих бодлого үүний цаана хэрэгжих учиртай. Миеэгийн хүмүүс гэх тодотголтой MCS-ийн Л.Энх-Амгалан шадар сайдад, О.Содбилэг Байгал орчин аялал жуулчлалын сайдад, Х.Баделхан Барилга хот байгуулалтын сайдад, Б.Цэрэнбат Батлан хамгаалахын сайдад, Ж.Бат-Эрдэнэ Зам тээврийн сайдад нэр дэвшин орж ирэхээс эхлээд МАН доторх хуваагдлыг илчилсэн хачиртай томилгоонуудын сураг сонсогдож эхэллээ. Бүлгийн хурал дээр Хүрэлсүх ашиг сонирхлын зөрчилтэй эдгээр хүмүүстэй хамтран ажиллах боломжгүй гэдгээ мэдэгдсэн аж.
Батлан хамгаалахын сайд нь Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулгатай зөрчилдөөд байвал ажил урагшлахгүй нь тодорхой. MCS-ийн сайд Энх-Амгалан Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй заамдалцаад байвал шаварт сууснаас ялгаагүй. Тэгэхээр ийм тохиолдолд Хүрэлсүхийн зөв болж таарч байна. Зорилго нэгтэй хүмүүсээр танхимаа бүрдүүлэхийн тулд давхар болон дан дээлний синдромыг энэ удаадаа мартахаас аргагүй байдалд орсон нь ч эндээс харагдана. Ухнаагийн хүүгийн ард Энхболдын бүлэглэлийнхэн томоос том нүх ухаж, АН-ынхан салхи эргэхийг хүлээн анаж байхад Хүрэлсүх бол илдний ирэн дээгүүр гүйгч л гэсэн үг. Баттулга, Хүрэлсүх нарын өмнө Үндсэн хуульд өөрчлөлт оруулах замаар тогтолцоогоо шинэчлэх, үүний тулд гар нийлж, ойлголцож ажиллах шаардлага тулгарч буй. Энэ утгаараа С.Эрдэнэ тэргүүтэй АН яах аргагүй УИХ дахь есхөн гишүүнийхээ хүчээр төр барих хариуцлагатай үүргийг үүрч байгаа юм. Оюутолгойг олзолж, Тавантолгойн нэг хэсгийг МCS-д бэлэглэснээр эхэлсэн хамтын луйврыг хамтын бодлогоор зогсоох нь АН-ын үүрэлцэх ёстой ачаануудын нэг. Хоёр аравны турш төрд томорсон хувалзнуудыг зайлуулахад хугацаа хэрэгтэй. Эл урт ужиг замыг аль болох товчлохын тулд улстөрчийн хувьд өөртөө зүг чиг болгодог зарим зарчмаасаа ухарч, хүсэл тэмүүллээ нухчин дарах шаардлага У.Хүрэлсүхэд ч бас тулгарч байгааг үгүйсгэхгүй.
Тиймээс л " Хулсан ташуур нь байгаасай даа..." хэмээн дуулмаар өдрүүд санж. ...Улс Монголын үр садтай уулзаад ярилцахыг бодсон юм аа, ай хүү минь ээ хө хө хө...
Р.Эмүжин
шаабар · 2017/10/13
Хулсан ташуур байвч өлгөх хуруу нь богинодох шиг боллоо до ай хө Эмүжин мэндээ хө.