УИХ-ын гишүүн О.Баасанхүү өнөөдөр Төрийн ордонд мэдээлэл хийх үеэрээ "Монгол Улс хяналтгүй төртэй боллоо" хэмээн мэдэгдэв.

Тэрбээр цааш ярихдаа, "Манай улс гүйцэтгэх засаглал байхгүйтэй адил болсон. Учир нь УИХ Засгийн газрыг хянах хуультай. Гэвч шинэ Засгийн газрын бүх гишүүд УИХ-ын гишүүдээс бүрдэж байна. Ингэснээр УИХ хянах чиг үүргээ биелүүлэх боломжгүй болж байна. Бүх гишүүд сайдын давхар дээлтэй болж байгаа нь хууль зөрчиж буй хэрэг. Одоо 15 хүн өөрөө өөрийгөө томилох нь байна шүү дээ. Өөрөө өөрийнхөө төлөө сайд больё гэж кноп дарах хүмүүс ичээсэй. 

 

Би МАН-ын гишүүдийн хэлж ярьж байсан үгээр хянах самбар гаргасан. Самбар дээрх мэдээлэл эвлүүлэг биш. Түүнчлэн Сангийн сайдад нэр дэвшиж буй Ч.Хүрэлбаатарыг эсэргүүцэж байна. Монгол Улсад анхны бага хүүтэй банк орж ирвэл дэмжинэ гэдгээ би хэлж байсан. Гэтэл Хөрөнгө оруулалтын банкаар дамжуулан стратегийн ордыг барьцаалж, "Bank of China"-г Монголд оруулж ирэх хөрсийг бэлтгэх хуулийн төслийг УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар, Б.Жавхлан нар дэмжиж, УИХ-аар хэлэлцэх байсан ч түр царцаасан. Тиймээс Сангийн сайдад нэр дэвшигчийг эсэргүүцэж байна. Үүний зэрэгцээ сайд болон 76 дотор давхар иргэншилтэй хүн байна уу гэдгийг хуулийн байгууллагаар шалгуулна. Энэ нь заавал БНХАУ-ын иргэн байх биш, бусад орны иргэн байж болзошгүй тул Элчин сайдын яамдад бичиг явуулна" гэв.

 

Б.Туул

Эх сурвалж: Монцамэ агентлаг