Цаашид үнэ нь өсөх зургаан сая тонн цайр Mонголд бий, гэвч...
2017/10/15
Төмөртийн овооны уулын баяжуулах үйлдвэр (цайрын)
Сүүлийн үед дэлхийн зах зээл дээр цайрын үнэ өссөн нь багагүй шуугиан тарьж байна. Цайрын үнэ өчигдрийн байдлаар Лондонгийн металлын бирж дээр нэг тонн нь 3370 доллар байна.
Энэ нь сүүлийн арван жилийн хамгийн өндөр үнэ гэнэ. Шинжээчдийн таамгаар цайрын үнэ 2019 он хүртэл өснө. Монголчууд нефть, нүүрс, алт, төмрийн үнийг байнга сонирхдог. Харин цайрын үнийг анзаардаггүй аж. Харин энэ удаа мэдээллийн хэрэгслээр цайрын үнийн тухай багагүй мэдээлэл цацагдаж байна. Хэргийн учир энэ өндөр өсөлт монголчуудад ч хамааралтай юм. Учир нь Монголд цайрын зургаан сая шахам тн нөөц тогтоогдсон. Цаашид өсөх магадлал өндөр гэнэ. Өнөөгийн үнэлгээгээр энэ нь 20 шахам тэрбум доллар.
Википедиад тайлбарласнаар бол цайр нь идэвхтэй металл ба хүчлийн уусмалаас устөрөгчийг түрж гаргана. Мөн түүнчлэн идэвх муутай металлыг давсны уусмалаас нь түрнэ. Мөнгөлөг цагаан өнгөтэй 420 хэмд хайлж 906 хэмд буцалдаг. Агаарт цайрын исэл үүсгэнэ. Энэ нь түүнийг цаашид исэлдэхээс хамгаална. Цайрын нимгэн давхаргыг телевизорын нүүр, рентген хоолойнууд дээр түрхдэг. Энэ нь зэврэлтээс хамгаалдаг байна. Мөн насанд хүрсэн хүний биед 2.3 гр цайр агуулагддаг ба энэ нь эсэд энергийн солилцоог зохицуулдаг 40 гаруй ферментийн найрлагад оролцдог.
Эртний металлургичид эрдэс галмейг зэс, нүүрстэй халаахад өнгөөрөө алтыг санагдуулам хэсэг үүснэ. Үүнээс үүдэн зэс, цайрын хайлшийг гууль гэж нэрлэх болжээ. Эрт үеэс мэдэгдэж байсан долоон металлын тоонд цайр ордоггүй. Учир нь түүнийг цэвэр байдалтайгаар гарган авах боломжгүй байсан. Галмейг зэсгүйгээр нүүрстэй шатаахад цагаан нунтаг агаарт хүчилтөрөгчтэй харилцан үйлчлэлцэх явцад цайр үүсч байжээ. Хүмүүс шинэ эриний эхэнд л цайрыг халааж үүссэн уурыг шавар саванд хөргөн шингэн болгодог. Энэ үед технологи нэлээн нарийн төвөгтэй байлаа. Химийн утга учрыг хүмүүс сайн мэдээгүй учир Х зуун гэхэд цайрыг бэлтгэх нь нууц хэвээр үлджээ. Олон зуун жилийн дараа цайрын тухай дахин дурсах болсон. Алхимич Андрэйс Либавий цайрыг эртний долоон металлд нэгдсэн найм дахь металл гэж нэрлэжээ.
Дэлхийн цайрын үйлдвэрлэлийн 43 хувийг Ази, 30 хувийг Европ, 20 хувийг Америк тив эзэлж байна. Харин нийт боловсруулсан цайрын 50 шахам хувийг зэврэлтээс хамгаалах, 20 хувийг гууль, хүрэл хийхэд, 14 хувийг цайрын хайлш гаргахад, есөн хувийг химийн үйлдвэрлэлд ашигладаг аж.
Ойрын өдрүүдэд цайрын үнэ өссөн нь нийлүүлэгчдэд ашигтай ч хэрэглэгчдэд багагүй хүндрэл үүсгэж байна. 2007 онд цайрын үнэ дэлхийн зах зээл дээр нэг тонн нь 3070 доллар хүрч түүнээс хойш уруудсаар 200 гаруй доллар болж байсан гэнэ. Нэгэнт цайрын үнэ унасан тул олон уурхайнууд хаагдаж, цайрын салбарт хөрөнгө оруулалт буурчээ. Энэ оны эхний таван сард зах зээлд 180 гаруй мянган тонн цайрын дутагдал үүссэн. Үүнд нь үнэ шалтгаан болсон. Цаашдаа 250 шахам мянган тонн цайрын дутагдалд орох тухай шинжээчид таамаг дэвшүүлж байна. Дэлхий даяар жилдээ нийт арав гаруй сая тонн цайр хэрэглэнэ. Хэрэв дээрх хэмжээний дутагдал үүсвэл үнэ цаашид улам өснө.
Хэдийгээр ирэх онд цайрын олборлолт долоо шахам хувиар өсөх таамаг байгаа ч хэрэглээ гурван хувиар өсөх учраас нийлүүлэлт хангалттай хийгдэж чадахгүй. Энэ нь үнэ өсөх шалтгаан гэнэ. Ойрын хугацаанд үнэ огцом буухгүй шалтгааныг мэргэжилтнүүд доорх хэлбэрээр тайлбарлаж байна. Цайрын үнийн бууралт уурхайнууд хаагдахад хүрээд зогсохгүй, нэмж орд илрүүлэх зорилготой хайгуулын хөрөнгө оруулалтыг зогсоосон. Үнэ яаж ч өссөн одоогийн байгаа уурхайнууд зах зээлд хангалттай цайр нийлүүлэх боломжгүй. Учир нь уул уурхайн хөрөнгө оруулалт хайгуулд хөрөнгө босгохоос эхлээд эхний бүтээгдэхүүн гарах хүртэл багаар тооцоход дунджаар долоон жил шаардагдана. Энэ хугацаанд цайрын үнэ буурах боломжгүй.
Сонирхолтой нь цайрын хамгийн том хэрэглэгч Хятад болон төмөрлөг бүтээгдэхүүний үйлдвэрлэгчид цайрын нийлүүлэлтийг нэмэх зориулалтаар хөрөнгө оруулахаар яарахгүй байгаа аж. Тэд цайрын хомсдол түүнийг орлох өөр хямд, шинэ технологи үүснэ гэсэн горьдлого тээж явна. Одоогоор төмөрлөг бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид цайрыг орлох ямар нэгэн технологид ихээхэн хэмжээний хөрөнгө оруулсан боловч тэр нь үр дүнгээ өгөх хугацаа ойртож байгаа гэнэ. Хэрэв үр дүн гарвал цайрын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд дахин хэн ч хөрөнгө оруулахгүй. Харин үр дүнгүй тохиолдолд цайрын ордуудын үнэ ойрын ирээдүйд хоёр дахин нэмэгдэнэ гэсэн таамаг бий.
Дайны хажуугаар дажин гэж цайрын үнэ өсөхийн зэрэгцээ хүрэл хөшөө, гуулин эдлэлийн үнэ юу юугүй өсөөд эхлэх аюул нүүрлэж байгаа аж. Уг нь энэ салбар нийт үйлдвэрлэлийн 20 орчим хувийг эзэлдэг ч зах зээл дээр хамгийн хурдан дохио өгдгөөрөө давуу талтай. Цайрын хэрэглээний бараг тал хувийг эзэлдэг өмнөд хөршид энэ нь хүндээр тусна. Металлыг зэврэлтээс 50 орчим жил хамгаалдаг цайр нь Хятадын үйлдвэрлэл, улмаар хэрэглээг хангахад томоохон үүрэг гүйцэтгэнэ.
Харин зургаан сая тонн цайрын нөөцтэй манай улс үнийн өсөлтөд хэрхэн хамрагдах боломжтой вэ. “Цайрт минерал” гэж хэдэн жилийн өмнө хэл ам дагуулж байсан компаниас өөр өнөөдөр цайртай холбогдсон дорвитой үйл ажиллагаа манай улсад алга. Энэ компани Сүхбаатар аймгийн Төмөртийн овооны ордод үйл ажиллагаа явуулж байна.
Өнөөдөр энэ компани томоохон татвар төлөгч болоод зогсоогүй нийгмийн хариуцлага, байгаль орчны нөхөн сэргээлт, аюулгүй байдал, ажилчдын нийгмийн асуудал гэх мэтийн олон компаниудын шийдвэрлэж болох асуудлыг бүрэн шийджээ. Энэ компанийн түүхээс харвал багагүй зовлон туулжээ. Тус ордын хайгуулыг 1979 онд дуусгаж 1990-ээд оны дунд үе хүртэл багагүй хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн боловч төсөл дундаа ч оролгүй зогсчээ. Гадна дотны олон байгууллага сонирхсон боловч, дэд бүтэц муу, хөрөнгө оруулалт их шаардана, цайрын үнэ унасан зэрэг шалтгаанаар тус ордод хөрөнгө оруулалт байхгүй олон жилийн нүүр үзжээ. Харин Монгол-Хятадын хамтарсан "Цайртминерал" ХХК-ийг үүсгэн байгуулж, Хятадын тал 51 хувь, Монголын тал 49 хувийг тус тус эзэмших ба зээлээ төлж дууссаны дараа дээрх хувь оролцоо 50:50 болж өөрчлөгдөх, жилдээ 300 мянган тонн хүдэр олборлож, 50 хувийн агуулга бүхий 70 мянга орчим тонн цайрын баяжмал үйлдвэрлэх хүчин чадал бүхий уул уурхайн баяжуулах үйлдвэрийг NFC компани нь "түлхүүр өгөх" нөхцөлөөр барьж байгуулахаар тохиролцож чаджээ.
Энэхүү гэрээг үндэслэн "Металл Импекс" компани нь цайрын ордын А-723 ашиглалтын лицензээ хамтарсан "Цайрт Минерал" ХХК-д шилжүүлэн өгснөөр ордыг түшиглүүлэн уул уурхайн баяжуулах үйлдвэрийг барьж байгуулах ажлын шинэ үе эхэлсэн аж.
Хамтарсан компани нь Ашигт малтмалын хуулийн дагуу Монгол Улсын Сангийн сайдтай "Тогтвортой байдлын гэрээ"-г 1998 онд байгуулж, NFC компанитай хамтран БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсад олгосон хөнгөлөлттэй зээлийг энэ төсөлд ашиглаж болох хувилбарыг сонгон авч холбогдох яамдад саналаа оруулжээ.
Ордыг үйлдвэрийн аргаар ашиглах техник, эдийн засгийн үндэслэл, холбогдох тооцоо судалгааг хийснээр нийтдээ 200 сая юанийн хөнгөлөлттэй зээлийг Төмөртийн овооны цайрын үйлдвэрийг барьж байгуулах төсөлд зориулах шийдвэрүүдийг гаргасан юм.
Төмөртийн овооны цайрын үйлдвэрийг барьж байгуулснаар үйлдвэр нь Чойбалсангийн дулааны станцын гол хэрэглэгч нь болж, цахилгаан станц алдагдалтай бус харин ихээхэн ашигтай ажиллах нөхцөлийг бүрдүүлжээ
Компанийн УБҮ-ийн бүтээгдэхүүн болох цайрын баяжмал нь (дундаж агуулга 50 хувь) хагас боловсруулсан бүтээгдэхүүн юм. Хайлуулах үйлдвэрт бүрэн боловсруулалт хийгдэж цэвэр цайр гаргаж авсны дараа машины болон усан онгоцны үйлдвэрлэл, сантехникийн төмөр ба ган хоолойн үйлдвэрүүдэд металлыг зэврэлтээс хамгаалах зориулалтаар чухал хэрэгцээт материал болдог.
Цайрын баяжмал худалдан авах сонирхолтой газруудад бүтээгдэхүүнээ нийлүүлэх санал тавьж тэднээс ирүүлсэн худалдааны санал, гэрээний нөхцөл, бүтээгдэхүүний чанарт тавигдах шаардлагыг судалж үзэх, гэрээ байгуулах шатнаас эхэлдэг юм.
Худалдааны гэрээ байгуулсны дараа бүтээгдэхүүнийг үйлдвэрийн ачих талбайгаас автомашинд ачиж 350 км газарт тээвэрлэн УБТЗ-ын Сайншанд өртөөнд хүргэнэ. Сайншанд өртөөнөөс төмөр замын тээврээр худалдан авагчийн заасан газарт хүргүүлнэ.
Борлуулалтыг ижил төрлийн бүтээгдэхүүнийг худалдах ба худалдан авах олон улсын худалдааны жишгийн дагуу "Инкотермс-2000" гэрээний нөхцөлөөр явуулдаг. Цайрын баяжмалын үнийг Лондонгийн Металлын Бирж /LME-(http://www.LME.com-оос харж болно)/ -ийн зарласан үнийг үндэслэн олон улсын худалдаанд мөрдөгдөж буй аргачлалаар тооцон борлуулж байна. “Төмөртийн-Овоо”- ны Уулын Баяжуулах үйлдвэр 2005 оны наймдугаар сарын 28-ны өдрөөс ажиллаж эхэлсэн бөгөөд жилдээ 400 мянган тонн цайрын хүдэр баяжуулж, 90 мянган тонн баяжмал үйлдвэрлэх төслийн хүч чадалтай. Өнөөгийн байдлаар хүдэр дэх цайрын агуулга 13 хувь, баяжмал дахь цайрын агуулга 53 хувь, цайрын металл авалт 93 хувьд хүрч байна. Баяжуулах үйлдвэр нь бутлах, нунтаглан баяжуулах, усгүйжүүлэн савлах, засвар механикийн гэсэн үндсэн 4 цехийн бүтэц, 170 гаруй ажилтантайгаар тасралтгүй үйл ажиллагаа явуулдаг юм байна. Ойрын хоёр жилд цайрын үнэ өндөр байх нь. Харин бид ганц үйлдвэртэй л сууж байх бололтой.
Х.Баттөгс