Сайдад нэр дэвшигчдийг байнгын хороод дэмжлээ
2017/10/17
Өнөөдөр 15:00 цагт УИХ-ын нэгдсэн чуулган хуралдаж сайд нарыг томилно. Үүнтэй холбоотойгоор байнгын хороод хуралдаж Засгийн газрын гишүүнд томилох асуудлыг хэлэлцэж байна.
Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Ч.Хүрэлбаатарыг Сангийн сайдад томилох эсэхийг хэлэлцлээ. Түүнээс асуулт асуух гишүүн байсангүй. Байнгын хорооны хуралдаанд оролцогчдын 100 хувийн саналаар Сангийн сайдад томилохыг дэмжлээ.
Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар БСШУС-ын сайдад Ц.Цогзолмааг, НХХ-ийн сайдад С.Чинзоригийг, Эрүүл мэндийн сайдад Д.Сарангэрэлийг томилуулах саналыг 100 хувь дэмжлээ.
Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаанаар Ерөнхий сайд сайд нараа нэг нэгээр танилцуулж гишүүд дэмжих эсэхийг хэлэлцэх үед
УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат: Сайд болохгүй гээд байсан юу болсон бэ? Гэж асуусан.
УИХ-ын гишүүн, Шадар сайдад нэр дэвшигч Ө.Энхтүвшин: Би сайд болохгүй гэж хэлсэн нь үнэн. Тиймээс залуучууддаа алдах онох боломжийг нь олгоод дэвжээд явуулсан ч бүтээгүй. Ингээд нөхцөл байдал өөр болсон тул асуудлаа шийдэх, ажлаа хийхийн тулд та Ерөнхий сайд болно гэж өрсөлдөж байхдаа хэлж байснаа хэрэгжүүл, ажил хий гэсэн. Тэгээд би Шадар сайд болохоор шийдсэн гэж хэлсэн. Ингээд санал хураалтаар 92.3 хувийн саналаар Ө.Энхтүвшинг дэмжлээ.Харин Д.Эрдэнэбат гишүүн дэмжсэнгүй. Мөн Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргад Г.Занданшатарыг байнгын хорооны гишүүд дэмжив.