УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хоёр өдөр дамнуулан байж Засгийн газраа бүрэн бүрэлдэхүүнтэй болгож батлахаар зүтгэлээ. Эрх баригч МАН-ынхан өөрсдөө Засгийн газраа огцруулж, дараагийн засгийг бүрдүүлэх гэж багагүй зүтгэсэн, зөвшилцсөн, ойлголцсон байдлаар сайд нараа тодруулсан. Гэвч яг үүн шигээ сайд тус бүрийг ногоон гэрлээр батлаад явуулчихсангүй.

Түүгээр ч зогсохгүй УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат “Гишүүд ингэж хэлэлцэж, ярилцах нь зүгээр” ухааны юм хэлж байх юм. Хөөрхийс нүүр нүүрээ харж ярилцах гэснийх үү, эсвэл шууд дамжуулж байгаа телевизийн эфирүүдийг ашиглах гэв үү, ямартай ч хоёр өдөр үзэж таарлаа тэд. Эсрэгээрээ иргэд ч тэднийг харж сонсож суулаа.

Санал хэлж, асуулт асууж буй гишүүд болон сайдад нэр дэвшигчид хоорондын ярианаас ганц л зүйл анзаарагдаж байв. Энэ бол төрийн залгамж халаа гэдэг зүйл байхгүй болчихсон гэмээр.

Ядахад өнгөрсөн хоёр өдөр хуралдсан чуулганы эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-аас зарим хуулийн төслийг татан авах хүсэлт ирүүлснийг УИХ-ын дарга М.Энхболд мэдэгдэж, төрхөмд нь буцаасан. Буцаан татсан төслүүдийг өмнөх Ерөнхийлөгч санаачлан, өргөн мэдүүлжээ.

Тухайлбал, Үндсэн хуулийн Цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай болон холбогдох бусад хуулийн төсөл, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай болон холбогдох хуулийн төслүүд, Мэдээллийн аюулгүй байдлын тухай хуулийн төсөл, Сонгогдсон болон томилогдсон албан тушаалтанд хүлээлгэх хариуцлагын тухай хуулийн төсөл, Төрийн албаны тухай хуулийн төсөлд нэмэлт өөрчлөлт оруулах тухай төслүүд юм.

Олон нийтийн дунд Сонгогдсон болон томилогдсон албан тушаалтанд хүлээлгэх хариуцлагын тухай хуулийн төсөл болон Төрийн албаны тухай хуулийн төслийг хамгийн их хүлээлт үүсгээд байгаа. Гэвч өмнөх парламент, өнөөгийнх ч дээрх хуулийн төслүүдийг хойш тавьсаар өдийг хүргэсэн. Сүүлдээ бүр төрийн тэргүүн нь буцаан татав, хэрхэхийг бүү мэд. Бодвол өмнөх Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийг одоогийн Ерөнхийлөгч бага ч болов өөрчлөх гэсэн санаа юм байх.

Яг үүнтэй адил олон үйл явц төр, засгийн хэмжээнд байнга болж байна. Тиймдээ ч төрийн залгамж халаа гэж ярихаас хэтрэхгүй, хэрэгжүүлж байгаа нь ч огт алга.

Сайдад нэр дэвшигчдийн хувьд ч судалж үзье, тийм зүйл яригдаж байсан, асуудалтай танилцана гэх зэрэг үг хэлж байгаа нь тун ч эмгэнэлтэй гэлтэй. Уг нь, нэгэнт томилогдож буй сайд нарын хувьд бүгд л давхар дээлтэйгээ ашиглаж ямар ч асуудалд тов хийсэн хариулт, товч бөгөөд тодорхой зүйлийг ярьчих боломжтой л баймаар. Харамсалтай нь тэгсэнгүй.

Энэ мэтчилэн төрийн залгамж халаа гээч үгүй болохын суурь нь төр нь тогтворгүйгээс болохын зэрэгцээ бөөн амбицаас ихээхэн шалтгаалдаг. Нэгэнтээ эхлүүлсэн төсөл, хөтөлбөрийг үргэлжлүүлж, хэрэгжүүлээд өөд нь татаад явахын оронд өөрчилж байгаа нэрээр үгүй хийх нь олон. Үгүй ядахдаа л нэрийг нь хүртэл өөрчилж, нэг хэсэгтээ л цаг хугацаа алдах нь энүүхэнд болжээ.

Өглөөний сонин
Б.Төгөлдөр