Д.Сарангэрэл:Төр дүлий хандахгүй
2017/10/21
Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл тамгаа гардаж ажлаа хүлээж авсан даруйдаа салбарынхаа ҮЭ-ийн дарга нарыг хүлээн авч уулзлаа. Уулзалтад Монголын Эрүүл мэндийн ажилтнуудын үйлдвэрчний эвлэл (МЭМАҮЭ)-ийн дарга Б.Мягмар, Улсын нэгдүгээр төв эмнэлгийн ҮЭ-ийн хорооны дарга их эмч Д.Цэцгээ, Нийслэлийн түргэн тусламжийн төвийн ҮЭ-ийн хорооны дарга их эмч Г.Наранжаргал, Чингэлтэй дүүргийн ЭМН-ийн ҮЭ хорооны дарга, их эмч Х.Ариунаа, Улсын II Төв эмнэлгийн ҮЭ-ын хорооны дарга, их эмч н.Энхсайхан нар хүрэлцэн ирсэн юм.
Тэд эмч эмнэлгийн ажилчдын тулгамдаж байгаа хэд хэдэн асуудлыг ярилцлаа. Д.Сарангэрэл сайд “Хамтдаа шийдэл хайя, эмч эмнэлгийн ажилтнуудын эрх ашгийг хангах, эрүүл мэндийн салбарын нэр хүндийг өргөх цаашлаад цалин урамшууллын системийг өөрчлөх шинэ боломжуудыг эрэх гээд бодлогын хувьд “сэхээнд” орчихоод байгаа салбараа хамтдаа өөд нь татъя. Хангалттай нөөц бий гэж харж байна. Тийм болохоор эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуулийг хэрэгжүүлэх шаардлагатай. Хууль зарим эмнэлэг дээр хэрэгжиж эхэлсэн ч хяналтгүй буруу тийш нь залбал иргэд хохирчих вий гэсэн эрсдэл байгаа юм билээ. Хууль гарчихсан. Хяналтаа сайжруулбал бололцоо энэ салбарт байна. Шинэчлэл өөрчлөлт хийхэд янз бүрийн эрсдэл гардаг. Үүнийг засаад явах боломжтой тул асуудлаас айхгүй зоригтой алхам хийнэ. Эрүүл мэндийн салбарын асуудлыг сууриар нь өөрчлөх шаардлагатай гэж би үзэж байна. Нэг удаагийн гал унтраасан байдал хангалтгүй. Бид нэг асуудлын төлөө хамтдаа явж байгаа дайчид гэж ойлгоорой. Эмч, эрүүл мэндийн салбарт үүссэн хүндхэн нөхцөл байдалд төр дүлий хандахгүй” гэдгийг онцоллоо.
Б.Мягмар: ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫГ МЭДЭРДЭГ ЦӨӨХӨН ГИШҮҮДИЙН НЭГ БАЙСНЫГ БИД МЭДНЭ
Өнгөрсөн парламентын гишүүд эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуулийг баталсан ч өнөөдрийг болтол хэрэгжүүлээгүй гэдгийг ҮЭ-ийн дарга нар санууллаа. Уулзалтын үеэр МЭМАҮЭ холбооны дарга Б.Мягмар “Сайд нь ажлаа авсан даруйдаа ҮЭ-ийн байгууллага буюу салбарын ажилтнуудынхаа үгийг сонсож байгаад эрүүл мэндийн салбарын 48 мянган хүний өмнөөс баярлалаа. Өнөөдрийн бидний дуу хоолойгоо өргөж байгаа эмч нарын цалин урамшууллыг дор хаяж 50 хувиар нэмэгдүүлэх, нийгэм дэх эмч эмнэлгийн ажилтнуудын нэр хүндийг өргөх, эмч нарын мэдлэг мэдээллийг сайжруулах, сургалт судалгааг эрчимжүүлэх, эмч нарын нийгмийн асуудлыг шийдвэрлэх гэх мэт асуудлыг бид ганцхан өнөөдөр шинээр яриагүй. Өмнөх сайдуудад асуудлыг хүргэдэг байсан ч тодорхой шийдэлгүй явсаар өнөөдрийг хүрч байна. Мэдээж манай салбарт дан ганц эмч нарын цалин урамшууллаас гадна том зургаар нь харж бодлогоор нь өөрчлөх асуудал олон бий.
Та бол энэ салбарт шинэ хүн биш гэдгийг бид мэднэ. Эрүүгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахад таны хувь нэмэр, таны дуу хоолой бусдаасаа тод байсны ачаар эмч нарыг яллах заалт үгүй болсон. Мөн эмч эмнэлгийн ажилтны 36 сарын тэтгэмжийг бууруулах оролдлогыг тухайн үед төр хийсэн. Энэ үеэр ч мөн та эрүүл мэндийн салбарынхны нийгмийн баталгааг түвшин түвшингээр бууруулахгүй байх бодлого барих ёстойг танхимынхаа гишүүдэд хатуу сануулж бидний дуу хоолой болж байсан. УИХ-ын гишүүдээс манай салбарынхантай хамгийн ойр байж дуу хоолой нь болж асуудлыг нарийн мэдэрч байсан цөөхөн түшээдийн нэг нь та байсан. Энэ бол таны талаар бидний мэдэх бодит үнэн. Нэг үгээр хэлбэл, өнгөрсөн бүх хугацаанд Эрүүл мэндийн салбарт хамгийн ойр байсан парламентч таныг салбарын сайдаар ирсэнд бид маш их баяртай байгаа” хэмээн амжилт хүсч баяр хүргэлээ.
Zochun · 2017/10/22
Yarihaas tsaashgui avgai daa