У.Хүрэлсүхийн кабинетийн сайд нарын ажил, мэргэжлийн туршлагатай танилц
2017/10/22
Улсын Их Хурлын чуулганы 2017 оны 10 дугаар сарын 18, 19-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын гишүүдийг шинээр томилсон. Шинээр томилогдсон сайд нар өчигдөр тамгаа хүлээн авч үүрэгт ажилдаа орсон юм. Тэгвэл У.Хүрэлсүхийн кабинетийн сайд нарын ажил, мэргэжлийн туршлагыг сонирхуулж байна.
Засгийн газрын гишүүн-Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Намсрайн ЦЭРЭНБАТ
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат 1996 онд Улаангом хотын 10 жилийн 2 дугаар сургууль, 2000 онд Техникийн их сургуулийн Компьютер техник менежментийн сургуулийг төгссөн. Санхүүгийн менежментийн мэргэжилтэй, магистрын зэрэгтэй. 2000-2001 онд Мобиком корпорацид нягтлан бодогч, 2003-2004 онд “Таван богд” группт гадаад харилцааны менежер, 2005-2010 онд “Увс хүнс” ХХК-ийн дэд захирал, 2010-2012 онд Улсын Их Хурлын гишүүний туслах, 2012-2015 онд “Трансинконсулт” ХХК-ийн гүйцэтгэх захирал, 2015 онд Сангийн яамны Төсвийн хяналт, эрсдэлийн удирдлагын газрын дарга, 2015-2016 онд “Юу Эф Си” группийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан. 2016 оноос Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдон ажиллаж байгаа юм.
Засгийн газрын гишүүн-Батлан хамгаалахын сайд Нямаагийн ЭНХБОЛД
Батлан хамгаалахын сайд Н.Энхболд 1974 онд Төв аймгийн Зуунмод хотын 10 жилийн дунд сургууль, 1979 онд ЗХУ-ын Москва хотын Хэвлэлийн дээд сургууль, 1990 онд ЗХУ-ын Москва хотын Коммунист намын дээд сургууль, 1996 онд Австрали Улсын Сиднейн их сургуулийг тус тус төгссөн. Инженер-эдийн засагч мэргэжилтэй, магистрын зэрэгтэй. Тэрбээр 1979 онд Соёлын яамны хэвлэлийн нэгдсэн редакцид эдийн засагчаар ажлын гараагаа эхэлж, улмаар Соёлын яамны Төлөвлөгөө, эдийн засгийн хэлтэст мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, 1986-1993 онд Улсын хэвлэлийн комбинатын орлогч дарга, “Монгол хэвлэл” нэгтгэлийн ерөнхий захирал, 1993-1995 онд Монгол Улсын Шадар сайдын зөвлөх, 1997-2000 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын Мэдээлэл, харилцааны албаны даргын алба хашжээ. Улсын Их Хурлын гишүүнээр тав дахь удаагаа сонгогдон ажиллаж байгаа. 2006-2007 онд Засгийн газрын гишүүн-Гадаад хэргийн сайд, 2007-2008 онд Засгийн газрын гишүүн-Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, 2008-2012 онд Улсын Их Хурлын дэд дарга, 2012-2013 онд Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн даргаар ажиллаж байсан. 2016 оноос Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар ажиллаж байгаа юм.
Засгийн газрын гишүүн-Гадаад харилцааны сайд Дамдины ЦОГТБААТАР
Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар 1988 онд нийслэлийн 16 дугаар орос дунд сургууль, 1994 онд Москвагийн Олон улсын харилцааны дээд сургууль, 1998 онд Австралийн Үндэсний их сургуулийг тус тус төгссөн. Улс төр судлаач, олон улсын хуульч мэргэжилтэй. Улс төр судлал, олон улсын хууль зүйн магистр. Тэрбээр 1994-1996 онд Гадаад хэргийн яамны Ази, Африкийн газарт атташе, 1998-2000 онд Нэгдүгээр газар, Гадаад худалдаа, хамтын ажиллагааны газарт мэргэжилтэн, 2000-2002 онд Олон талт хамтын ажиллагааны газрын дэд захирал, 2002-2008 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөх, 2008-2011 онд Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга, 2011-2012 онд Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх, улмаар 2013 онд Засгийн газрын гишүүн-Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, 2014-2015 онд Засгийн газрын гишүүн-Барилга, хот байгуулалтын сайд, 2015 оноос нийслэлийн Сүхбаатар дүүргийн МАН-ын хорооны даргаар ажиллаж иржээ. 2016 оноос Улсын Их Хурлын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны даргаар ажиллаж байгаа юм.
Засгийн газрын гишүүн-Сангийн сайд Чимэдийн ХҮРЭЛБААТАР
Сангийн сайд Ч.Хүрэлбаатар 1986 онд Увс аймгийн Улаангом хотын 10 жилийн 2 дугаар дунд сургууль, 1991 онд ОХУ-ын Ленинград хотын Санхүү, эдийн засгийн дээд сургуулийг төлөвлөгөө, эдийн засагч мэргэжлээр, 1998 онд Австралийн Сиднейн их сургуулийг эдийн засагч мэргэжлээр төгссөн.Төлөвлөгч-эдийн засагч мэргэжилтэй, Эдийн засгийн ухааны магистрын зэрэгтэй. 1991 онд Yндэсний хөгжлийн яаманд эрдэм шинжилгээний ажилтнаар ажлын гараагаа эхэлж, 1992-1995 онд МУИС-ийн Эдийн засгийн сургуульд багш, 1998-2000 онд ЭЗБД төсөлд ахлах эдийн засагч, 2000-2003 онд Монгол Улсын Ерөнхий сайдын эдийн засгийн бодлогын зөвлөх, улмаар 2003-2007 онд Санхүү, эдийн засгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, 2007-2008 онд Засгийн газрын гишүүн-Түлш эрчим хүчний сайд, 2009-2012 онд Засгийн газрын гишүүн-Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байсан. Улсын Их Хурлын гишүүнээр гурав дахь удаагаа сонгогдоод байгаа. 2008-2009 онд Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны даргаар ажиллаж байсан бол 2016 оноос энэ албан тушаалд дахин сонгогдон ажиллаж байгаа.
Засгийн газрын гишүүн-Хууль зүй, дотоод хэргийн сайд Цэндийн НЯМДОРЖ
Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж 1975 онд Увс аймгийн Улаангом хотын 10 жилийн 1 дүгээр дунд сургууль, 1981 онд ЗХУ-ын Ленинград хотын Улсын Их сургуулийг хуульч мэргэжлээр төгссөн. Тэрбээр 1981-1988 онд Улсын ерөнхий прокурорын газарт хэлтсийн прокурор, хэлтэс, тасгийн дарга, 1988-1990 онд Цэргийн ерөнхий прокурорын нэгдүгээр орлогч, 1990-1992 онд Хууль зүйн тэргүүн дэд сайд, 1990 онд БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлд мэргэжилтнээр ажиллажээ. Улмаар 2000-2005, 2008-2012 онуудад Засгийн газрын гишүүн-Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ажилласан. 1992 оноос хойш Улсын Их Хурлын гишүүнээр тасралтгүй сонгогдож байгаа бөгөөд 2005-2007 онд Улсын Их Хурлын даргаар ажиллаж байсан бол 2016 оноос Улсын Их Хурлын дэд даргаар ажиллаж байгаа.
Засгийн газрын гишүүн-Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Содномын ЧИНЗОРИГ
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг 1986 онд МУИС-ийг төлөвлөгч эдийн засагч мэргэжлээр төгссөн. Тэрбээр 1986-1992 онд Өвөрхангай аймгийн АДХГЗ-ны төлөвлөгөөний комисст мэргэжилтэн, аймгийн АДХГЗ-ны хэлтсийн дарга, 1992-1996 онд Өвөрхангай аймгийн Засаг даргын орлогч, 1996-2000 онд Өвөрхангай аймгийн ИТХ-ын дарга, улмаар 2000-2008 онд Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн дэд сайд, 2008-2010 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга, Төсвийн ерөнхий менежер, 2010-2012 онд Монгол Улсын Ерөнхий сайдын нийгмийн бодлогын зөвлөх, 2013 онд МАН-ын НБХГ-ын дарга, 2014-2015 онд Засгийн газрын гишүүн-Хөдөлмөрийн сайдаар ажиллаж байсан. 2016 оноос Улсын Их Хурлын гишүүн, Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооны даргаар сонгогдон ажиллаж байгаа.
Засгийн газрын гишүүн-Зам, тээврийн хөгжлийн сайд Жадамбын БАТ-ЭРДЭНЭ
Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ 1983 онд нийслэлийн 75 дугаар дунд сургууль, 1989 онд ОХУ-ын Эрхүү хотын Политехникийн дээд сургууль, 1998 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг тус тус төгссөн. Инженер-эдийн засагч, эрх зүйч мэргэжилтэй. 1990-1992 онд ОХУ-ын “Рыпкооп” улсын үйлдвэрийн газарт менежер, 1994-2000 онд “Ашид-Эрдэнэ” ХХК-ийн захирал, 2000-2004 онд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Авто тээврийн газрын дарга, 2007-2012 онд Зам, тээвэр, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга, 2008-2012 онд “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, 2011-2012 онд МИАТ ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, 2013-2016 онд Булган аймгийн МАН-ын хорооны даргаар ажиллаж байсан. 2016 оноос Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдон ажиллаж байгаа.
Засгийн газрын гишүүн-Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Долгорсүрэнгийн СУМЬЯАБАЗАР
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар 1991 онд нийслэлийн 77 дугаар дунд сургууль, 2005 онд ШУТИС-ийн Компьютер техник менежментийн сургуулийг төгссөн. Бизнесийн удирдлагын мэргэжилтэй. 2003-2006 онд “ЭйБиСи Девелопмент” ХХК-ийн ерөнхий захирал, 2006-2013 онд Үндэсний хөрөнгө оруулалтын банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, 2008-2012 онд нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчөөр ажиллаж байсан. 2009 оноос Монголын чөлөөт бөхийн холбооны Удирдах зөвлөлийн дарга, 2013 оноос МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн, 2014 оноос Монголын хөдөө аж ахуйн хоршоологчдын үндэсний холбооны ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа. Улсын Их Хурлын гишүүнээр хоёр дахь удаагаа сонгогдон ажиллаж байгаа.
Засгийн газрын гишүүн-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Батжаргалын БАТЗОРИГ
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг 1983 онд нийслэлийн 6 дугаар дунд сургууль, 1987 онд Чехословак Улсад Хөнгөн үйлдвэрийн дээд сургууль, 1997 онд Удирдлагын академи, 2001 онд Хөдөө аж ахуйн их сургуулийг тус тус төгссөн. Эсгүүрчин, эдийн засагч, санхүүгийн мэргэжилтэй, Улс төр судлалын докторант. 1989 онд Савхин жижиг эдлэлийн үйлдвэрт мастераар ажлын гараагаа эхэлж, 1992-1999 онд “Зэвэг” хоршооны дарга, 1999-2008 онд “Кёкүшюзан хөгжил сан” ТББ-ын гүйцэтгэх захирал, 2004-2012 онд нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгч, 2008-2012 онд нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг дарга, 2015 онд Хүнс, хөдөө аж ахуйн яамны дэд сайдаар ажилласан. 2016 оноос Улсын Их Хурлын гишүүн, Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооны даргаар сонгогдон ажиллаж байгаа.
Засгийн газрын гишүүн-Эрчим хүчний сайд Цэрэнпилийн ДАВААСҮРЭН
Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн 1983 онд Хөвсгөл аймгийн Мөрөн хотын 10 жилийн 1 дүгээр дунд сургууль, 1989 онд ЗХУ-ын Харьков хотын Политехникийн дээд сургууль, 1994 онд Төрийн захиргаа, удирдлагын хөгжлийн институт, 1998 онд Япон Улсын Сайтомогийн их сургуулийг тус тус төгссөн. Цахилгаан автоматикийн инженер, эдийн засагч, бизнесийн удирдлагын менежер мэргэжилтэй, Эдийн засгийн ухааны магистр зэрэгтэй.
1989 онд Төвийн эрчим хүчний системд автоматикийн инженерээр ажлын гараагаа эхэлж, 1995-2000 онд Сангийн яамны Валютын харилцааны газарт мэргэжилтэн, Эдийн засгийн бодлогын газрын Гадаад харилцааны хэлтсийн дарга, Мэдээлэл, хяналт шинжилгээ, үнэлгээний газрын дарга, 2000-2005 онд Санхүү, эдийн засгийн яамны Төрийн сангийн газрын дарга, 2005-2008 онд Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны Санхүү эдийн засгийн газрын дарга, 2005 онд Монгол Улсын Шадар сайдын Эдийн засгийн бодлогын зөвлөхөөр ажиллаж байсан. Улсын Их Хурлын гишүүнээр гурав дахь удаагаа сонгогдон ажиллаж байгаа. 2009-2010, 2012-2014 онд Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны даргаар ажиллажээ.
Засгийн газрын гишүүн-Эрүүл мэндийн сайд Даваажанцангийн САРАНГЭРЭЛ
Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл 1979 онд нийслэлийн 10 жилийн 57 дугаар дунд сургууль, 1983 онд ЗХУ-ын Омск хотын Технологийн техникумыг фото зургийн мэргэжлээр, 1990 онд ЗХУ-ын Ростов хотын Их сургуулийг сэтгүүлч мэргэжлээр тус тус төгссөн. Гэрэл зурагчин, сэтгүүлч мэргэжилтэй, Сэтгүүл зүйн ухааны магистр зэрэгтэй. Тэрбээр 1982 онд МРТУХорооны харьяа гэрэл зургийн газарт өнгөт зургийн лаборантаар ажлын гараагаа эхэлж, 1990-1994 онд Монголын Үндэсний телевизэд сурвалжлагч-редактор, ахлах редактор, хариуцлагатай редактор, 1995-2003 онд Монголын Үндэсний телевизийн "ММ" агентлагийн ерөнхий редактор, "ММ" агентлагийн захирал, Нийгэм, эдийн засгийн ерөнхий редакцид редактор, 2003-2005 онд ТВ5 телевизийн ерөнхий захирал, улмаар 2005-2011 онд Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгч, 2011-2012 онд МАН-ын нарийн бичгийн даргаар ажиллаж байсан. Улсын Их Хурлын гишүүнээр хоёр дахь удаагаа сонгогдож, 2016 оноос Улсын Их Хурлын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны даргаар ажиллаж байгаа.