НИТХ-ын шинэ даргын эхний хуралдаанууд хүчин төгөлдөр болсон уу
2017/10/26
НИТХ-ын шинэ дарга Тэргүүлэгчдийн хурлаа 2017 оны 10-р сарын 12-нд зарласан ч ирц хүрээгүйн улмаас гурван ч удаа хойшлуулсны эцэст 10 дугаар сарын 20-ны өдөр дахин ирц хүрээгүй боловч хуралдуулсан байна.
Тэргүүлэгчдийн хурал МАН-ын бүлгийн 9 тэргүүлэгчээс бүрддэг бөгөөд Тэргүүлэгчдийн хуралдааны дэгийн 2.3-т заасны дагуу олонх буюу 5 болон түүнээс дээш тэргүүлэгч хуралд оролцсон үед уг хуралдаан хүчин төгөлдөр болох ёстой. Гэтэл 13 асуудал хэлэлцсэн уг хуралдаанд С.Амарсайхан, Ж.Алдаржавхлан, Б.Сүхбаатар, Э.Бат-Амгалан гэсэн дөрөвхөн тэргүүлэгчтэй хуралдсан тул уг хурал болон хурлаас гарах тогтоолууд хүчин төгөлдөр бус юм.
Тус хүчин төгөлдөр бус хуралдаанаас гаргасан 134-р тогтоолоор 2017 оны 10-р сарын 30-нд зарласан НИТХ-ын ээлжит 12-р хуралдаан болох эсэх нь эргэлзээтэй боллоо. Засаг захиргаа түүний нэгжийн тухай хуульд зааснаар хурлын дарга өөрөө хуралдаан товлох гарц л байна.
НИТХ-ын чуулганы өмнө ажлын хороодын хурал болж нэгдсэн чуулганаар хэлэлцэх асуудлуудыг тус тусын чиг үүргийн дагуу хэлэлцэж санал дүгнэлтээ хуралдаан дээр танилцуулдаг. Гэтэл бас ажлын хороодын хурлын ирц хүрэхгүй эхнээсээ хойшлуулсан байна. Шинэ даргын эхний хурлууд хүчин төгөлдөр бус болсон нь юуг илэрхийлж байна вэ?