Монгол улсын Засгийн газар урд шөнө 800 сая ам долларын шинэ бонд босголоо
2017/10/26
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газар урд шөнө олон улсын зах зээл дээрээс 800 сая ам.долларын шинэ бонд гаргасан талаар Сангийн сайд асан Б.Чойжилсүрэн мэдээлэл хийлээ.
Сангийн сайд асан Б.Чойжилсүрэн "Монголын эдийн засгийн нөхцөл байдалд сайн гарсныг албан ёсоор зарлаж байна. Тодруулбал 2017 оны 10 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө шинэ бонд босчээ. "Чингис бонд", "Димсам" бондыг төлөх санхүүжилт босгох зорилгоор шинэ бонд гаргах ажил 10 дугаар сарын 16-нд эхэлсэн. Энэ ажил маань амжилттай болж бонд маань бослоо" гэв. Тус шинэ бондын жилийн хүү нь 5.625 хувь, хугацаа нь 5.5 жил байх аж. Анх хөрөнгө оруулагчдад 660 орчим сая ам.долларын бонд босгох саналыг тавьсан ч хөрөнгө оруулагчдаас ирүүлсэн санал нь 5.8 тэрбум ам.долларыг давжээ.
Сангийн сайд асан Б.Чойжилсүрэн уг гэрээ хэлэлцээрүүдийг анхлан эхлүүлж, гарын үсэг зурсан учир ийнхүү дуусган, мэдээлэл хийж байгаагаа тайлбарлав. Мөн тэрбээр "Энэхүү бондыг гаргасан нь өрийг өрөөр төлж буй зүйл. Чингис бонд-ын хүүгээс 1.5 хувийн хүүгээр өндөр байгаа ч эдийн засагт үүсээд буй нөхцөл байдалтай харьцуулахад амжилттай гэж хэлж болно. Тухайлбал 2016 оны 5 дугаар сард боссон Мазаалай бонд 10.9 хувийн хүүтэй байсан. Үүнээс харахад 15 сарын дараа Монгол Улсын Засгийн газрын хүү 10.9 хувиас 5.6 болж буулаа" гэсэн юм
Н.Туяа
Б.Чадраабал
Эх сурвалж: Монцамэ агентлаг