Иргэн Д.Чойжилсүрэн миний бие улсад 36 жил ажилласан. Боловсрол, Биеийн тамир спортын байгууллагад захирал, дарга удирдах ажилтнаар тасралтгүй 23 жил ажилласан.

 

Энэ хугацаанд ардын хүүхэд, багачуудыг сургаж хүмүүжүүлэх, ариун үйлсэд амьдралаа зориулсан. Миний биеийг Завхан аймгийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Б/135 дугаар захирамжаар ажлаас чөлөөлсөн. Би Завхан аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаснаар шүүх нэхэмжлэлийг хүлээн авч, хурдан шуурхай ажиллаж, шударгаар шийдвэрлэсэн.

 

Завхан аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 13 дугаартай шийдвэрээр аймгийн засаг даргын буруутай үйл ажиллагааг таслан зогсоосон боловч, аймгийн засаг дарга давж заалдах шатны шүүхэд хандсан. Захиргааны хэргийн давж заалдах шатны 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 121/МА2017/0257 дугаартай магадлалаар намайг хууль зөрчөөгүйг магадалсан.

 

Завхан аймгийн Засаг дарга Д.Батсайхан 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдөр ажилд эгүүлэн томилоод, 05 сарын 08-ны өдрийн Б/64 тоот захирамжаар дахин чөлөөлсөн үйлдэл гаргасан. 

 

Миний бие энэ үйлдлийг тэвчиж чадаагүй учир дахин шүүхэд хандаад 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 59 дугаартай шийдвэрээр Биеийн тамир, спортын газрын даргаар томилогдох болсондоо туйлын их баярлаж байна.

 

Завхан аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Тунгалаг, шүүгч Ч.Цэнд-Очир шүүгчийн туслах П.Янжмаа, нарийн бичгийн дарга Д.Ганчимэг, Улаанбаатар хот дахь захиргааны хэргийн давж заалдах шатны шүүгч О.Номуулин, Э.Билгүүн, Б. Тунгалагсайхан нарийн бичгийн дарга Н. Батзориг нартаа ажилд нь амжилт, гэр бүлд нь аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж байна. 

 

Цаашид ч төрийн шүүх шударга байж, гэмгүй иргэдийг хэлмэгдүүлдэг, нэр төрд нь халддаг, сэтгэл зүйд нь нөлөөлдөг үйл ажиллагааг таслан зогсоож, төрийн албан хаагчдын нийгмийн баталгаа хангагдаж, төр төр шиг болж ийм үйлдэл надаар дуусна гэдэгт би итгэж байна. Яагаад гэвэл Монгол төрийн шүүх төрийн албан хаагчдаа хуулийн хүрээнд хамгаалж, шударга шийдвэрлэсэнд маш их баярлаж байна гэв.

 

Талархал илэрхийлсэн Завхан аймгийн Улиастай сумын иргэн, ахмад багш Д.Чойжилсүрэн.

 

2017 оны 10 сарын 26