Шунхлай, Магнай трейд компани бензиний үнээ нэмэх хүсэлт хүргүүлж байна
2013/03/14
Жолооч нар бензин авахдаа тэр бүр үнийн ханшийн самбар руу хараад байдаггүй. Тэгвэл Шунхлай компани АИ-92 бензиний үнээ 50 төгрөгөөр нэмснийг тэр бүр мэдээгүй ч мэдээллийн хэрэгсэлээр ихэнх нь мэдсэн.
Шунхлай компани шатахууныхаа үнийг энэ сарын 12-ноос нэмэн АИ92 шатахууны үнэ 1670-аас 1720 төгрөг, дизель түлш 1800-аас 1850 болж тус тус нэмэгдсэн. Энэхүү үнийн өөрчлөлтийн талаар албан ёсны мэдэгдэл хийлгүй нэмсэн юм.
Харин энэ талаар ШӨХТГ-ын дэд дарга А.Ариунболдоос тодруулахад, “Шунхлай" компани үнээ нэмчихлээ. Үнэхээр харамсалтай байна. Уржигдар “Шунхлай" болон “Магнай трейд” ХХК манайд шатахууныхаа үнийг нэмэх шаардлагатай боллоо гэсэн албан бичиг өгсөн. Өнөөдрийн байдлаар бусад компани нэмэх хүсэлт, албан бичиг ирүүлээгүй байна. Манай байцаагч нар шалгалт хийж байна гэсэн хариулт өгсөн.
Тус компаниуд шатахууны үнийг 200 гаруй төгрөгөөр нэмэх хүсэлтэй байгаа ч эхний ээлжинд ард иргэдээ бодон 50 төгрөгөөр нэмж буй талаараа ШӨХТГ-т илгээсэн албан бичигтээ дурьдсан байна. Үнэ нэмэх үндэслэлийн хувьд олон жилийн турш үнээ нэмээгүй учир алдагдал их байна гэж тайлбар хийжээ.
Өнөөдөр ШӨХТГ-ын удирдлагууд “Ник” ХК, “Жаст” ХК, “Сод монгол” ХК, “М-Ойл” ХХК, “Синчи”-ойл ХХК-ын удирдлагуудтай уулзаж, шатахууны жижиглэнгийн үнийг тогтвортой байлгах, үнэ нэмэхгүй байх, нөөцийг нэмэгдүүлэх талаар ярилцжээ. Уулзалтаар тус компаниуд шатахууны үнийг нэмэхгүй гэдгээ албан ёсоор мэдэгдсэн байна.
Ямартаа ч Засгийн газрын зээлд хамрагдан оны өмнө бензиний үнийг өсгөхөө хойшлуулж байсан ч зарим нэг шатахуун нийлүүлэгч компаниудын ааш дахиад хувирсан бололтой.
С.Баяр