Монголын Сайтын холбооны 8 жилийн ойн мэнд дэвшүүлье!
2017/10/30
Өнөөдрөөс 8 жилийн өмнө иргэд интернет сайтуудаас мэдээлэл авдаг байсан ч өнөөдрийнх шиг цахим мэдээллийн хэрэгслийн ач холбогдол, нөлөөллийг төдийлөн сайн ойлгоогүй байжээ.
Ийм цаг үед буюу 2009 оны 10 сарын 29-ны эл өдөр zaluu.com, bolod.mn, medee.mn, sharmedee.mn, fact.mn тэргүүтэй сайтуудын удирдлага, төлөөллийн санаачлагаар Монголын Сайтын Холбоо ТББ-ын анхны хурлыг хийж, тус холбоог байгуулах шийдвэрийг гаргаж анхны дүрмээ баталж байжээ.
МОСАХ-ын холбооны дүрмийн дагуу хоёр жилд нэг удаа гишүүн сайтуудын удирдлага төлөөллийг хамруулсан нэгдсэн чуулганыг зохион байгуулж, нийт гишүүдийн саналаар Удирдах зөвлөл, Хяналтын зөвлөлийн гишүүдийг нээлттэй сонгож, Удирдах зөвлөл нь Холбооны Ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч нарыг сонгон, ажлын албаа зохион байгуулж ажилладаг.
Монголын Сайтын Холбооны гишүүн сайтууд та бүхэндээ МОСАХ үүсгэн байгуулагдсаны 8 жилийн ойн баярын мэндийг хүргэе.
МОСАХ үүсгэн байгуулагдсан цагаасаа өнөөдрийг хүртэл цахим сэтгүүлзүйн салбартаа үргэлж шинийг санаачлан ажиллаж ирсний зэрэгцээгээр салбарын хөгжлийг дэмжих, гишүүн сайтуудынхаа эрх ашгийг хамгаалах, тэднийг хөгжүүлэх чиглэлд анхаарч олон талт ажлуудыг зохион байгуулж ирлээ. МОСАХ-ын 8 жилийн түүхээс олон нийтийг хамарсан томоохон ажлуудаас дурдвал:
– 2010 онд МОСАХ-аас санаачлан “Монголын сайтуудын ёс зүйн уриалга”-ыг гаргав
– 2011 оны 1 дүгээр сард ХХЗХ-оос ирүүлсэн “Тоон контентын үйлчилгээ эрхлэгчдэд тавигдах нөхцөл шаардлага”-д МОСАХ-ын зүгээс саналаа илэрхийлэн, сайтын сэтгэгдлийг төрийн байгууллагын зүгээс хянахыг оролдон, хүний үг хэлэх эрх чөлөөнд бүдүүлгээр халдахыг оролдсон заалтын эсрэг зогсч, тухайн журмыг өөрчлүүлэх асуудлыг шийдвэрлүүлэв.
– 2011 оны 2 сард “Монгол улсад интернетийн салбарыг хөгжүүлэхэд анхаарах зүйл, өнөөгийн байдал” сэдэвт семинарыг санаачлан, төрийн байгууллагуудыг хамрууллаа.
– 2011 оны 5 сарын 3-нд Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг угтан сэтгүүлч бэлтгэдэг Их, Дээд сургуулиудын дунд ЭШБХ зохион байгуулан дүгнэж, Сайтуудын нэгдсэн чуулга уулзалтыг зохион байгуулав.
– 2011 оны 6 сард БНСУ-д эмчилгээ хийлгэх шаардлагатай хоёр хүүхдэд зориулан “Хүмүүнлэгийн ирээдүй” сэдэвт хандивын тоглолтыг зохион байгуулав.
– 2012 оны 2-р сард МОСАХ-ын ээлжит чуулган болж, Удирдах зөвлөл, Хяналтын зөвлөлийн гишүүдийн шинэчлэн сонгов.
– 2012 оны 10 сард ШӨХТГ-аас zaluu.com сайтыг хаах хууль бус шийдвэрийг гаргав. МОСАХ-ны зүгээс тус шийдвэрийг эсэргүүцэн мэдэгдэл гаргаж, акци зохион байгуулав.
– 2012 оны 12 сард Засгийн газраас сайтуудын мэдээний доорх сэтгэгдэлтэй холбоотой, хүний эрх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг хөндсөн хууль бус тогтоол гаргасаныг МОСАХ эсэргүүцэж, ХХЗХ-ны ажлын хэсэгт орж ажиллав.
– 2013 оны 2 сарын 25-ны өдөр МОСАХ-ны нэгдсэн чуулганд 89 сайтын төлөөлөл оролцож, МОСАХ-ын дүрэмд өөрчлөлт оруулж, Удирдах зөвлөл нь 21 гишүүн, Хяналтын зөвлөл нь 5 гишүүнтэй байхаар тогтов.
– 2013 оны 4 сарын 2-ны өдөр МОСАХ-ны гишүүн Tsag.mn сайтын захирал, сэтгүүлч Б.Цогтгэрэлд эрүүгийн хэрэг үүсгэснийг эсэргүүцэн МОСАХ-ны зүгээс мэдэгдэл, уриалга гаргалаа.
– 2013 оны 4 сарын 3-нд “Уншигчдаа хүндэтгэе” аяныг зохион байгуулж, мэдээ мэдээлэл, контентийн хэл найруулга, зөв бичих дүрмийн сургалт, сурталчилгаа зохион байгуулав.
– 2013 оны 4 сарын 20-ны өдөр гишүүн сайтуудын сэтгүүлч, админуудыг хамруулан Цэцээ гүний оргилд явган аялал зохион байгуулав.
– 2013 оны 5 сарын 1-ний өдөр “МОСАХ-ны сэтгүүл”-ийн анхны дугаар хэвлэгдэв.
-2013 оны 9 сарын 22-оос 29-ний өдрүүдэд БНХАУ-д болсон хэвлэл мэдээллийн форумд МОСАХ-ын төлөөлөгчид оролцов.
– 2013 оны 12 сарын 26-ны өдөр МОСАХ-оос санаалчлан “Web awards-2013” наадмыг санаачлан, амуилттай зохион байгууллаа.
– 2014 оны 1 сарын 16-ны өдөр МСНЭ-ийн Их хурлаас гаргасан “Монголын сэтгүүлчдийн мэргэжлийн ёс зүйн зарчим”-ыг мөрдлөг болгон ажиллахаар болов.
– 2015 оны 2 сарын 12-ны өдөр МОСАХ-ын эгнээнд шинээр 30 сайтыг элсч, гишүүнчлэлийн гэрчилгээгээ гардаж авлаа.
– 2015 оны 4 сарын 3-нд холбооны гишүүн сайтуудын админ, сэтгүүлчдийг фэйсбүүк орчинд холбосон админ чатыг нээн ажиллуулж, мэдээллийг цахим орчинд түргэн шуурхай түгээж эхлэв.
– 2015 оны 5 сарын 1-ний өдөр Төрийн ордонд "Цахим сэтгүүл зүйн анхдугаар форум"-ыг МСНЭ-тэй хамтран зохион байгууллаа. "Цахим сэтгүүл зүйн анхдугаар форум"-д 13 байгууллага, 800 сэтгүүлч оролцож, “Улаанбаатарын цахим тунхаг”-ыг батлан гаргав. Мөн сэтгүүл зүйн чиглэлээр суралцаж байгаа оюутнуудын дунд “Цахим сэтгүүлзүйн хөгжил” сэдэвт эссэ бичлэгийн уралдааныг зарлаж дүгнэв. МҮЭСТО-д ахмад сэтгүүлчдэд зориулсан хүндэтгэлийн концерт зохион байгуулж, ахмадууддаа гарын бэлэг гардуулав. Отгонтэнгэр Их сургуултай хамтран “Цахим сэтгүүл зүйн анги”-ийг нээв.
– 2015 оны 6 сарын 1-ний өдрийг тохиолдуулан МОСАХ-ын гишүүдийн хүүхэд багачуудад баярын бэлэг гардуулав.
– 2015 оны 8 сарын 6-ны өдөр МОСАХ-оос Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “Гэр бүлийн төгөл” эко төсөл хэрэгжүүлэх санаачлага гаргаж, МОСАХ-ны Ерөнхийлөгч Х.Мандахбаяр, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн захирал Б.Саранчимэг нар хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурав.
– 2015 оны 10 сарын 16-ны өдөр Отгонтэнгэр Их сургууль дээр Цахим сэтгүүл зүйн анги нээгдэн анхны элсэлтээ авч, цахим сэтгүүлчдийг бэлтгэж эхэллээ.
- 2015 оны 11 сарын 14-ний өдөр Орон нутгийн сайтуудын нэгдсэн чуулга уулзалтыг Монголд анх удаа амжилттай зохион байгууллаа. Энэхүү чуулга уулзалтад 15 аймгийн төрийн болон хувийн хэвшлийн нийт 52 сайтын сэтгүүлч, админууд хүрэлцэн ирж оролцон, Орон нутгийн сайтуудын хороог байгуулж, Еrdenetinfo.mn сайтын захирал Б.Цэрэнсодномыг хороон даргаар томиллоо.
- 2015 оны 12 сарын 3-ны өдөр “Архигүй-Хэнтийчүүд” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулсан “Өөдрөг амьдралд тэмүүлсэн он жилүүд” нэгдсэн арга хэмжээнд Монголын сайтуудын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Мөнхбаатар урилгаар оролцлоо.
- 2015 оны 12 сарын 14-ний өдөр МОСАХ нь"Сэтгүүлзүйн салбарын шилдэг хэвлэл мэдээллийн холбоо"-гоор шалгарлаа. Үүсгэн байгуулагдаад долоо дахь жилийнхээ ойн дээр 2015 онд цахим сэтгүүл зүйн салбарын өмнө тулгамдсан томоохон бодлогын асуудлуудаа шийдвэрлэн ажиллаж чадсан учраас Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн удирдах зөвлөлөөс энэхүү нэр хүндтэй шагналыг олгожээ.
-2015 оны 12 сарын 30-ны өдөр МОСАХ нь цахим салбарын шилдгүүдээ тодрууллаа. МОСАХ нь хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн, мэргэжлийн ёс зүйтэй, хариуцлагатай цахим сэтгүүл зүйг Монгол улсдаа төлөвшүүлэх, гишүүн сайтуудынхаа үйл ажиллагааг дэмжих зорилготойгоор хоёр жил тутамд “WEB AWARDS” ЦАХИМ САЛБАРЫН ОНЫ ТЭРГҮҮН НААДАМ буюу тэргүүлэгч сайтууд, нийгмийн хөгжлийг дэмжигч байгууллагуудыг шалгаруулах ёслол хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгуулдаг уламжлалтай.
Энэ уламжлалын дагуу “WEB AWARDS 2015” Цахим салбарын тэргүүн наадам Улсын драмын эрдмийн театрын тайзнаа ёслол төгөлдөр зохион байгууллаа. “WEB AWARDS 2015” наадмын нэр бүхий 15 номинацид 50 гаруй байгууллага, хувь хүмүүс нэр дэвшжээ.
- 2016 оны 1 сарын 19-ний өдөр МОСАХ нь Цэнгэг усны нөөц, Байгаль хамгаалах төвтэй хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа.
-2016 оны 4 сарын 28-ны өдөр Улаанбаатар хотын Цагдаагийн газартай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Санамж бичгийн хүрээнд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх мэдээ мэдээллийг олон нийтэд хүргэх, цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг сурталчлах, мэдээлэл харилцан солилцох ажлыг хийж байна.
- 2016 оны 9 сарын 30-ны өдөр Дэлхийн хэвлэл мэдээллийн ёс зүйн өдрүүдийг Монголын хэвлэл мэдээллийн зөвлөл /МХМЗ/ -тэй хамтран орон даяар тэмдэглэн өнгөрүүлэв. Энэ арга хэмжээний хүрээнд Монголын Сайтын холбоо, Хэвлэл мэдээллийн зөвлөлтэй хамтран сайтуудын админ, сэтгүүлчид болон сайт эрхлэн гаргагчдын дунд “Хэвлэл мэдээллийн ёс зүй” сэдэвт богино хугацааны нээлттэй сургалтыг зохион байгууллаа.
- 2017 оны 1 сарын 7-ны өдөр МОСАХ-ын нэгдсэн чуулганыг зохион байгуулав. Энэхүү чуулганд нийт 112 сайтын төлөөлөл оролцож, Удирдах зөвлөл, Хяналтын зөвлөлийн гишүүдийг шинээр сонгож, дараагийн хоёр жилийнхээ бодлого зорилтыг тодорхойлсон юм. Энэхүү чуулганаар "MGL media" группийн захирал Э.Батхүү ирэх хоёр жилийн хугацаанд МОСАХ-ын Ерөнхийлөгчөөр ажиллахаар болов.
- 2017 оны 1 сарын 27-ны өдөр Монголын Сайтын холбооноос сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн ажилтнуудад зориулсан “Цахим сэтгүүл зүй ба Оюуны өмч” сургалтыг Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, Хэвлэл мэдээллийн зөвлөлтэй хамтран зохион байгууллаа. Сургалтад 40 гаруй сайтын 60 гаруй сэтгүүлчид оролцож Оюуны өмчийн тухай хууль, журмууд, хэвлэл мэдээллийн ёс зүйн код, МОСАХ-ын Улаанбаатарын цахим тунхаг гэсэн сэдвээр мэдээлэл авсан юм.
- 2017 оны 2 сарын 3-ны өдөр Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, Монголын Сайтын холбоо хамтран ажиллах Санамж бичигт гарын үсэг зурлаа. Оюуны өмчийг хамгаалах, сэтгүүлчийн ёс зүйг дээдлэх, мэргэжлийн сургалт судалгааны ажил зохион байгуулах, гадаад хамтын ажиллагаагаа өргөжүүлэх энэхүү Санамж бичигт Монголын сэтгүүлчдын нэгдсэн эвлэлийн Ерөнхийлөгч Б.Галаарид, МОСАХны Ерөнхийлөгч Э.Батхүү нар гарын үсэг зуржээ.
- 2017 оны 2 сарын 6-12-ны хооронд МОСАХ-ын удирдлагын баг ОХУ-ын Иркутск муж, Улан-Удэд ажлын аялал хийж, АИСТ телевиз, Сэтгүүлчдийн холбоогоор зочилж, хамтран ажиллах боломжийг эрэлхийлсэн ажил хэрэгч уулзалтуудыг зохион байгуулаа.
- 2017 оны 2 сарын 18-ны өдөр МСНЭ, Монголын сайтын холбоотой хамтран “Сэтгүүл зүй ба оюуны өмч” сэдвээр сонсгол, хэлэлцүүлгийг “Пума Империал” зочид буудлын хурлын танхимд зохион байгууллаа. Сонсгол, хэлэлцүүлэгт “Глоб интернэшнл” ТББ, Хэвлэлийн хүрээлэн, Монголын хэвлэл мэдээллийн зөвлөл, Мэдээллийн сайтуудын ассиоцаци, "Медиа порт" телевизүүдийн консорциум, Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбоо, Нийслэлийн сонины холбоо, МҮОНРТ, Gogo.mn сайт, “Оллоо” ХК зэрэг байгууллагын төлөөлөл оролцсон юм. Оролцогч 16 байгууллагын төлөөлөл санал нэгтэйгээр оюуны өмчийг дээдлэх, сэтгүүлчийн аливаа бүтээлийг зөвшөөрөлгүйгээр авдаг байдлыг таслан зогсоох, төрийн эрх бүхий байгууллагууд оюуны өмчийн зөрчил гаргасан хэвлэл мэдээллийн хэрэгслийг хаах, зогсоохыг урьтал болгохгүйгээр зөрчлийг арилгуулах, өөрийн зохицуулалтаар шийдвэрлүүлэхийг дэмжиж, ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН САЛБАРЫН ЗОХИОГЧИЙН ЭРХИЙГ ДЭЭДЛЭХ ТУНХАГ-ийг баталлаа.
- 2017 оны 2 сарын 20-ны өдөр Монголын сайтын холбооны Ерөнхийлөгч Э.Батхүү Орхон аймагт үйл ажиллагаа явуулдаг www.etzone.mn, www.etpost.mn, Номин телевизийн www.nbtv.mn, www.erdenettimes.mn сайтуудыг албан ёсоор Монголын сайтын холбооны гишүүнээр бүртгэж гишүүнчлэлийн гэрчилгээ олголоо.
- 2017 оны 4 сарын 12-ны өдөр МОСАХ нь Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газартай хамтран “Ил тод, нээлттэй байхад бидний оролцоо” сэдэвт сургалтыг зохион байгууллаа. Төрийн үйлчилгээг иргэдэд ил тод нээлттэй болгох, мэдээ мэдээллийг үнэн зөв, бодитой, хүртээмжтэй хүргэх, сумдын нийгмийн ажилтнуудын үүрэг оролцоог нэмэгдүүлэх , орон нутгийн хэвлэл мэдээлэл хариуцсан ажилтнуудыг чадавхижуулах зорилготой тус сургалтыг МОСАХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн Х.Мандахбаярын санаачлагаар ийнхүү амжилттай зохион байгууллаа.
- 2017 оны 4 сарын 27-ны өдөр Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан МОСАХ-оос Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, Глоб Интернэшнл төвтэй хамтран “Хэвлэл мэдээллийн ёс зүй ба эгэх хариуцлага” сэдэвт сургалтыг амжилттай зохион байгууллаа. Энэхүү сургалтыг Хууль, мэргэжлийн ёс зүй хариуцсан Дэд Ерөнхийлөгч Б.Цоожчулуунцэцэг “Хэвлэл мэдээллийн эгэх хариуцлага, Хэвлэл мэдээллийн ёс зүй, Сэтгүүлчийн аюулгүй байдал” гэсэн гурван багц, найман сэдвийн хүрээнд амжилттай зохион байгуулсан юм.
- 2017 оны 4 сарын 27-ны энэ өдөр Монголын Үндэсний Олон нийтийн радио телевизийн MNB.mn сайтын админ М.Базарраднааг Засгийн газрын салбарын шагнал “Мэдээлэл, харилцаа холбооны тэргүүний ажилтан” тэмдгээр, Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн “Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан” цол тэмдгээр Гранд сэтгүүлийг үүсгэн байгуулагч, Grandnews.mn сайтын эзэн М.Уранчимэг, “Ган үзэгтэн” цол тэмдэгээр zindaa.mn сайтын сэтгүүлч Т.Амартүвшин нарыг шагнажээ. Мөн Монголын сайтын хобооны “Цахим эрх чөлөө одонгоор Openmongolia.mn сайтын сэтгүүлч Д.Ундармаа, Factnews.mn сайтын сэтгүүлч Б.Атарцэцэг, Zindaa.mn сайтын сэтгүүлч Б.Энх-Уянга, Olloo.mn сайтын сэтгүүлч Б.Сансартуяа, Etoim.mn сайтын гэрэл зурагчин Б.Дашням нарыг шагнажээ.
- 2017 оны 4 сарын 27-28-ны өдрүүдэд ОХУ-ын Эрхүү мужийн хэвлэл мэдээллийн салбарын ажилтнууд, сэтгүүлчдээс бүрдсэн "Хэвлэл мэдээллийн ажилтнуудын чуулга уулзалт"-д МОСАХ-ны төлөөлөл урилгаар оролцлоо. Гишүүд энэхүү чуулганд Монгол улс дахь Цахим сэтгүүл зүйн хөгжлийн өнөөгийн байдлын талаар мэдээлэл хийж, хоёр орны цахим сэтгүүлчид хамтран ажиллах боломжийн талаар санал бодлоо солилцож, Эрхүү хотын Улсын их сургуулийн Сэтгүүл зүйн тэнхимээр зочилсон байна. Чуулганы хүрээнд МОСАХ-ны төлөөлөгчид Эрхүүгийн Их сургууль болон Аист телевизийн удирдлагуудтай уулзаж хамтран ажиллахаар болжээ. Тухайлбал, МОСАХ-ны шугамаар Эрхүүгийн Их сургуулийн баклавар, магистрантур, аспирантурт оюутан суралцуулах асуудлыг нааштайгаар шийдвэрүүллээ. Мөн МОСАХ нь "Аист" телевизтэй хамтран 7 хоног бүр мэдээ мэдээлэл солилцох, видео контент бэлтгэж түгээх гэрээ байгууллаа.
-2017 оны 9 сарын 29-ний өдөр МОСАХ, Монголын хэвлэл мэдээллийн зөвлөл, Германы DW академи хамтран сайтын сэтгүүлч, удирдлагуудад сургалт зохион байгууллаа. Сургалтыг олон улсын сургагч ноён Манфред Протце удирдан явуулж, ХБНГУ-ын Дойче Веллэгийн олон улсын харилцааны хэлтсийн дарга ноён Клаус Бэргмэнн оролцлоо.
Ийнхүү уншигч та бүхэндээ 8 жилийн ой нь тохиож байгаа МОСАХ-ны үйл ажиллагааны түүхийг товчлон хүргэлээ. Энэ дашрамд МОСАХ хэмээх энэ их айлыг удирдаж ирсэн үе үеийн удирдлагууд болох Д.Дэлгэрмөрөн, Б.Мөнхдөл, Ж.Жаргалсайхан, Х.Мандахбаяр нарт 8 жилийн ойн баярын мэндийг хүргэе. Та бүхний үүсгэн байгуулсан, эхлүүлсэн холбооны үйл ажиллагаа жилээс жилд улам бүр өргөжин тэлж байгааг энэ дашрамд уламжилья.
Нийслэл Улаанбаатар хотын 378 жилийн ой тохиож байгаа энэ өдөртэй зэрэгцэн МОСАХ-ны 8 жилийн ой тохиож байна. МОСАХ-ны гишүүн сайтуудын сэтгүүлч админууд болон энэ салбарт ажилладаг бүх хүмүүст Монголын Сайтын Холбооны 8 жилийн ойн баярын мэндийг хүргэе!
МОНГОЛЫН ЦАХИМ СЭТГҮҮЛЗҮЙН ХӨГЖИЛ ДҮРЭЛЗЭН БАДРАХ БОЛТУГАЙ!