Арилжааны банкны зээлийн хүү буюу Монголд тогтсон мөлжлөгийн систем
2017/10/30
-Мөнгө хүүлэгчдийн эсрэг хуультай болоё-
Арилжааны банкны зээлийн хүү 20%-аас дээш хувьтай байвал үүнийг олон улсад мөнгө хүүлэлт буюу мөлжлөгийн систем гэж үздэг. Харин манай улсын арилжааны банкуудын зээлийн дундаж хүү 19 хувь байна. Саяхан Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан арилжааны банкуудын зээлийн хүүг бууруулах цаг болсон. Монголбанк зээлийн хүүг бууруулах үндэсний стратеги боловсруулахаар ажлын хэсгийг байгуулан ажиллаж байгаа талаар УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдааны үеэр танилцуулсан.
Мөн УИХ-д өргөн бариад буй Банкны тухай хуульд арилжааны банкуудын зээлийн хүү болон хадгаламжийн хүүгийн дээд хязгаарыг тогтоох эрхийг Монголбанканд олгох тухай заалтыг оруулж өгсөн гэж мэдэгдсэн.
Монгол улсын арилжааны банкуудын зээлийн хүү 19% байгаа нь хэт өндөр гэдгийг бусад улстай харьцуулж харж болно. Тухайлбал БНХАУ-ын арилжааны банкуудын зээлийн дундаж хүү 5%, Япон улсынх 1% АНУ-ынх 3.5% байна.
Арилжааны банкны зээлийн хүү өндөр байгааг эдийн засагчид янз бүрээр тайлбарладаг.
Нэгдүгээрт: Банкууд хөрөнгө босгохын тулд харилцагч нартаа өндөр хүүтэй хадгаламж санал болгодог. Ингэж татсан мөнгөө ашигтай эргэлдүүлэх ёстой тул зээлийн хүүгээ өндрөөр тогтоодог. Арилжааны банкны хугацаагүй хадгаламжийн хүү 6-7%, хугацаатай хадгаламжийн хүү 15-15.5% байгаа нь үүний нэг нотолгоо юм.
Хоёрдугаарт: Валютын эсрэг төгрөгийн ханшийг тогтвортой байлгахын тулд зээлийн хүүг зориуд өндөр түвшинд барьж ирсэн. Банкны төгрөгийн хадгаламжийн хүү жилийн 15-15.5 хувь байдаг. Харин ам.долларын хадгаламж жилийн 6 хувийн хүүтэй. Хүчээр төгрөгийн хадгаламжийн хүүг 6 хувь болгон бууруулбал харилцагч нар төгрөгөө зараад долларын хадгаламж нээлгэнэ. Үүнийг дагаад иргэдийн төгрөгт итгэх итгэл сул болно. Энэхүү тайлбарыг банкны салбарынхан гол төлөв хэлдэг.
Гуравдугаарт: Банкны салбар өрсөлдөөнгүй болсон. Өнөөдөр Монгол улсын хэмжээнд 14 арилжааны банк үйл ажиллагаа явуулдаг. Бүгд ижил шахуу хүүтэй зээлийг иргэн, аж ахуй нэгжүүдэд олгодог. Угтаа бол зах зээлийн зарчмын дагуу хоорондоо өрсөлдөж уян хатан нөхцөлтэй, бага хүүтэй зээл санал болгох байдлаар хэрэглэгч, харилцагчаа татах ёстой. Үүнийг олж харсан эдийн засагчид бага хүүтэй зээл олгох гадаадын банкийг Монгол улсад оруулж ирэхийг санал болгодог.
Дөрөвдүгээрт: Арилжааны банкуудын хадгаламжид буй 7.2 их наяд төгрөгийн 60 гаруй хувийг 200 гаруй гэр бүл эзэмшдэг. Эдгээр хүмүүс нь гол төлөв эрх мэдэл, албан тушаалтай хүмүүс байдаг учир банкны зээлийн хүүг бууруулах сонирхолгүй байдаг. Шалтгаан нь зээлийн хүү буурч эхэлбэл дагаад хадгаламжийн хүү буурна.
Тавдугаарт: Монгол улсын санхүүгийн зах зээлийн 96 хувийг банкны салбар, үлдсэн 4 хувийг хөрөнгийн зах зээл болон бусад санхүүгийн байгууллагууд эзэлдэг. Хөрөнгийн биржийн үйл ажиллагаа хөгжиж чадаагүй нь банкны зээлийн хүү өндөр байх шалтгаан гэж үздэг.
Монгол улсын хэмжээнд 100 гаруй мянган өрх Моргейжийн зээл буюу ипотекийн зээлтэй байна. Орон сууцны зээлд хамрагдсан иргэдийн өмнө тулгарч буй нэг том асуудал бол зээлийн эргэн төлөлт юм.
Саяхан нэг иргэн ипотекийн зээлийн эргэн төлөлт шударга бус байгааг шүүмжилсэн. Тодруулбал 3 жилийн өмнө 8%-ийн зээлд хамрагдаж 80 сая төгрөгийн орон сууцтай болсон. Энэ хугацаанд 24.5 сая төгрөгийг банканд төлсөн ч зээлийн үндсэн төлбөр нь 75.7 сая төгрөг байгаа аж. Зөвхөн авсан зээлийнхээ хүүгийн төлбөрт 20.2 сая төгрөгийг сүүлийн 3 жил тэрээр төлжээ. Ипотекийн зээл мөнгө хүүлэх нэг арга болсныг энэхүү жишээ илтгэж байна. Саяхан УИХ-ын чуулганы танхимд ипотекийн зээлд хамрагдсан иргэд ядууралд өртөж буй талаар Л.Энх-Амгалан гишүүн мэдээлж байсан.
Арилжааны банкны зээлийн дундаж хүү 9% хувь болж буурсан тохиолдолд шинээр баригдаж буй орон сууцны нэг мкв-ын үнэ 100 орчим мянган төгрөгөөр буурах боломжтой гэсэн судалгааг хийгдсэн байдаг. Мөн бизнесийн байгууллагууд бага хүүтэй зээл авдаг болсноор үйл ажиллагаа нь өргөжиж, бараа бүтээгдэхүүний үнэ буурах бололцоо бүрдэх юм. Тиймээс мөнгө хүүлэлтийн хэлбэрт тооцогдох болсон зээлийн хүүг бууруулахад дорвитой алхмыг хийж мөнгө хүүлэгчдийн эсрэг хуультай болъё
Г.Лхагважав
болод.мн
Зочин · 2017/10/30
zeel avaad ym hiij chdhgui bol chatsga tsarailaad suutsgaaa chadaj bgaan olon bna bnga archaagui gonshignohoo bolitsgooo bid zah zeeliin niigemd amidrach bna ali hodolmorch setgej hiij chdaj bgaan amidardag niigem shuuu
Зочин · 2017/10/30
Зээлийн хүүг бууруулахын тулд хадгаламжийн хүүг бууруулах хэрэгтэй Маш их мөнгийг банкинд хадгалуулчихаад зөвхөн хүүгий нь ч идэж барахгүй байгаа хүмүүс нилээд бий Тэд эрсдэлтэй бизнэст хөрөнгө оруулсанаас ингээд мөнгө хүүлээд сууж байх нь ашигтай учраас л тэр
T · 2017/10/30
Yaaag zuv aanha
T · 2017/10/30
Yaaag zuv aanha