Элчин сайдаар томилох нь улстөрчдөд оногдуулдаг хамгийн хүнд ял болжээ
2017/11/03
Засгийн газрын хуралдаанаар Тагнуулын ерөнхий газрын дарга Б.Хурцыг чөлөөлсөн ч түүнийг Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдаар томилсон. Энэхүү томилгоог олон нийт шүүмжилж, улс төрийн тохироо явагдаж байна гэж үзэж буй юм.
Тухайлбал, УИХ-ын гишүүн Ж.Батзандан “ТЕГ-ын дарга асан Б.Хурц Элчин сайд болж дэвших юм гэнэ. Би энэ завхралын эсрэг хатуу тэмцэнэ” гэжээ. Б.Хурцыг Элчин сайдаар томилсон асуудал ийнхүү шүүмжлэлд өртөж байна.
Тэгвэл Элчин сайд гээч албан тушаал Монголын улстөрд дэвшиж дээшилсэн томилгоо бус “цөллөг” шиг л сонстох болсон нь үнэн. Төрийн түшээд хэрэг тарьсан л гэнэ, мөнгө идсэн л гэнэ. Янз бүрийн сураг сонстдог, бүр барим тавим нотолгоо, баримт сэлт ч гарч ирнэ. Гэхдээ хэн нь ч шүүх, хуулийн байгууллагад шалгагдаж, ял авсан нь үгүй. Харин баахан баалуулж байгаад нэг л өдөр Элчин сайдаар томилогдсон гээд алга болно. Ямар сайндаа л олон нийтийн дунд “Элчингээр томилогдох нь улстөрчдийн хувьд ял эдлэхтэй адил юм байх даа” гэх хошигнол гарах вэ дээ.
Хамгийн сүүлчийн жишээ нь дээр дурдагдсан Б.Хурцын томилгоо. Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржтой үзэн тараад байсан түүнийг ямар ч байсан Тагнуулын Ерөнхий газрыг орхино гэж бүгд ойлгосон. Гэхдээ арай ч дипломат алба хаагчийн дүрд хувираад, БНСУ руу Элчин сайд болоод явчихна чинээ санаагүй байх. Уг нь Элчин сайд гэх албан тушаалтан гадаад улсад болон олон улсын байгууллагад өөрийн улсаа төлөөлөн сууж, иргэдийн болон улсын эрх ашгийг хамгаалах, дэмжлэг үзүүлэх, хоёр болон олон талт ажиллагаанд санаачилга гаргах замаар харилцаа, хамтын ажиллааг хөгжүүлж, улс хоорондын өдөр тутмын ажил үүргийг эрхлэн удирдах үүрэгтэй дипломат зэрэг, цолтой хүн. Монгол Улсад хуулийн дагуу элчин сайд нь төрийн тусгай албан хаагч бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгч томилж, эгүүлэн татдаг хэмээн заасан байх юм. Тэгвэл Б.Хурцад чухам дипломат зэрэг, цол байгаа болов уу, мань хүн энэ онц чухал албыг хашихуйц мэдлэг боловсролтой юу гээд олон асуулт хөврөх ч “цөллөг”-ийн шийдвэр нэгэнт гарсан тул яалтай билээ.
Энэ жишээнээс өмнө Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Баярыг ИБУИНВУ-руу томилогдох үед олны дургүйцэл чинээндээ тулсан. Тэрбээр энэ оны эхээр гэнэтхэн л Монгол боло Их Британийн харилцааг зохицуулагч болж хувирсан ба гуравдугаар сарын 1-нд Хатан хаан II Элизабетэд жуух бичиг гардуулсан юм. Түүний хувьд дипломат туршлага арвинтай гэж хэлж болох ч Монголын төр, монголчуудын өмнө мэдүүлэх олон асуудалтай нэгэн гэдгийг бүгд хэлдэг. Гэхдээ л Монгол Улсын төр засаг түүнд Англи руу “цөлөх” шийтгэл оногдуулсан.
Энэ “хүнд ял” БСШУ-ы сайд асан Ё.Отгонбаярыг ч тойроогүй, дайрсан. Тодруулбал, тавдугаар сарын 24-нд УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсаас гадаадад суух Элчин сайд нарыг томилох, эргүүлэн татах асуудлыг хэлэлцэж, АНУ-д суух Элчин сайдаар Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын дэд сайд Ё.Отгонбаярыг томилохыг олонхийн саналаар дэмжсэн юм. Боловсролын салбарт бас л чамгүй балаг тарьсан, их хэмжээний бэлэн мөнгө хадгалж байсан нь илэрсэн, хэвлэлийн тендерийг зувчуулан гээд түүнийг тойрсон хэл ам бас л их. Харин түүнийг гэнэтхэн л Дэд сайдынх нь албанаас чөлөөлж, Элчин сайдаар томилсон.
Үүнээс гадна М.Энхсайхан өдгөө Шведийн Вант улсад Элчин сайдаар ажиллаж байгаа. Түүний өмнө энэ албыг УИХ-ын гишүүн асан З.Алтай хашиж байсан. Мөн Төрийн албаны зөвлөлийн дарга асан Д.Зүмбэрэллхам Чехийн Элчин сайдаар ажиллаж байгаад 2016 онд эгүүлэн татагдсан. Түүнчлэн бүр 2012 онд С.Энхбатыг Кувейтэд суух Элчин сайд болгосон ба мань эр түүнээс өмнө Цөмйин энергийн газрын даргаар ажиллаж байсан. Энэ томилгоо мөн ч их хэл ам дагуулсан ч “цөллөг”-ийн ялыг хэвээр үлдээж байлаа. С.Баяр Засгийн газрын тэргүүнээр ажиллаж байх үедээ түүнд Цөмийн энергийн газрыг удирдах итгэлийг хүлээлгэсэн ч С.Батболдын Засгийн газрын нүүрэн дээр унагасан гэж үзэх нь бий. Учир нь Монголд цөмийн хаягдал булшлах нь гэсэн дуулиан дэгдэж, С.Батболдын Засгийн газрыг дэнжигнүүлэх хэмжээнд асуудал хурцдах үед тэр нуувчинд орж, үнэхээр ийм хэлэлцээр гадаад ертөнцөд хийгдсэн юм бол түүнийг нь зоригтойгоор хэн хийсэн талаар зарлах, хийгээгүй байхад нь ийм дуулиан дэгдсэн бол түүнд нь үнэн зөв тайлбар хийх ёстой Цөмийн энергийн газрын дарга тухайн үед дуугүй суусан нь эцсийн дүндээ албан тушаалаасаа чөлөөлөгдөх шалтгаан нь болж байв. Харин С.Энхбат Ерөнхий сайд асан С.Батболдод тэгж ч амар бууж өгөхгүйгээ мэдэгдэж шүүхэд хандаад авсан нь бий. Гэвч түүнийг Засгийн газраас “Ажил үүргээ хариуцлагатай хашиж чадаагүйгээр үл барам ураны ордын хайгуулын лицензийг хүүгийнхээ нэр дээр авч, албан тушаалаа урвуулан ашигласан” хэмээн буруутгасан ч эцэстээ Элчин сайдаар томилсон.
Ингээд харахад Монголын улстөрчдөд оногдуулдаг хамгийн хүнд шийтгэл нь Элчин сайдаар томилох явдал бололтой.
Х.Маргад
www.erennews.mn
Иргэн · 2017/11/04
ХҮЧИНДЭГЧ СГЗ ДАШЗЭВЭГИИГ ЭЛЧИН САЙДААР ЯВУУЛЧИХ ,ЭЛЧИН САЙДЫН ГАЗАР БОЛ ГЭМТ ХЭРЭГТНҮҮДИИН ОКОП ОРОГНОДОГ ГАЗАР МӨН БОЛЖЭЭ .НЯМДОРЖ ХУРЦ НАР БОЛ ТӨРИИН АЛБАНД БАЙХ ЭРХГҮЙ НҮДНИИ БУЛАЙНУУД
uugan.od · 2017/11/03
arai ch de engiin ardaas tenger hol ym da ene zasgiin gazar erunhiilugchiin karmand orj de
шаабар · 2017/11/03
Буриад хөгшрөхөөрөө орчуулагч сайд хөгшрөхөөрөө элчин сайд гэсэн хэлц үг соц үед байж билээ. Орчин үед дэвшүүлэн зайлуулах гэдэг зарчим үйлчлээд байнаа даа янз нь. Гэхдээ элчин болох хувь заяа хүн болгонд олдохгүй. Харин нам болон төрийн өндөр алба хашиж буй нөхдийн тухай ноцтой баримтуудыг мэддэг, нотолж чадах нөхдөд л элчин болох завшаан тохиодог бололтой юм. Ингээд харахаар элчин сайд гэдэг зүгээр л нэр төдий хэн ч хашиж болдог сул цалинтай ажил гэж харагдаад байна.
Зочин · 2017/11/03
Ард тумэнээ тэнэг гэж бодоод л
Иргэн · 2017/11/03
Тэмцэхгүй бол болохоо больж байх шиг
төрөө цэвэрлэе · 2017/11/03
Арай хэтэрч байна даа