Ноён Ерөнхийлөгчөөрөө гарчиглан хэдэн үг дайхаас аргагүйд хүрлээ. Монголын ард түмний итгэлийг хүлээж 611 мянга 226 сонгогчийн саналыг авч сонгогдон тангарагаа өргөснөөс тань хойш яг 115 хоног өнгөрчээ. Манайхан “Засгийн газрын 100 хоног” гэж сүржин тэмдэглэж яаран сандран худал, үнэн тайлангаар нэг өдрийг өнгөрүүлсээр хэдэн жилийн нүүр үзжээ. Энэ хооронд юу хийв гэж хэн ч Ерөнхийлөгчөөс шалахгүй байх. Харин нэг тормозлож эхлэлээ хэрхэн тавьснаа эргэж харах боломж гэж үзэж болох юм. Тиймээс ч Жон Кеннеди “Бидний ажил 100 байтугай 1000 хоногийн дараа ч дуусахгүй. Зүгээр л ажиллаад эхэлье” гэсэн байдаг биз.

Ерөнхийлөгч Та тангараг өргөсөн даруйдаа анхны зарлигаараа Тамгын газрын даргаараа УИХ-ын дарга асан З.Энхболдыг томилсон. УИХ-ын даргаар нэр төртэй ажиллаж байсан түүнд Тамгаа атгуулсан нь тухайн үедээ тун зөв шийдвэр мэт харагдаж байлаа. Харин өнөөдөр тийм байж чадаж байна уу гэдэгт олон нийт эргэлзэж эхэллээ. 

Хамгийн сүүлийн жишээ нь Ерөнхийлөгч Х.Баттулга Улсын Их Хурлын шийдвэрт хэсэгчлэн хориг тавих тухай албан бичгийг УИХ-ын даргад аравдугаар сарын 26-нд илгээсэн билээ.

Уг албан бичигт “Ч.Хүрэлбаатарыг Засгийн газрын гишүүн-Сангийн сайдаар томилсон Улсын Их Хурлын 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 58 дугаар тогтоолын 1 дүгээр заалтын 6 дахь дэд заалтад Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг тус тус үндэслэн хэсэгчлэн хориг тавьсан”-аа илэрхийлсэн байв. Хоригийн үндэслэлтэй эсэхээр хуульчид мэтгэлцэж байна. Харин хоригийг хэлэлцэхийн өмнө ЕТГ-ын даргын хэвлэлд өгсөн ярилцлага, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр хэлсэн үгс олон нийтийн өмнө хэрхэн буруутаж, аархал нь бухимдал төрүүлснийг мэдрэмжтэй улстөрчийн хувьд Ерөнхийлөгч Та анзаарсан биз ээ. Гэхдээ энэ нь “Тамгын газрын даргаа хал” гэсэн хов хүргэх гэснийх биш ээ. 

Хамгийн гол нь ард түмэн Ерөнхийлөгч Таны зарлигаараа хэнийг шагнасан шийдвэр, нийгмийн тулгамдсан асуудалд санаа зовних зөв онч шийдлүүдэд талархаж улам ихээр итгэж буй. Гэтэл энэ цаг үед зөвхөн хасах оноо авчрах тайлбарыг Тамгын газрын дарга чинь хийгээд байх юм. Ялангуяа Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын тухайд. ЕТГ-ын дарга З.Энхболд болон Увс нутагтай холбоотой зөвхөн таагүй дурсамж нь уг хоригтой уягдан Ерөнхийлөгч Таны биш, З.Энхболд даргын шийдвэр мэт харагдчихжээ. Энэ талаар Та Тамгын газрын даргатайгаа яв цав бодолтой байсан уу, өөрөө ч гайхахаар гольдрол руу туугдаад оччихов уу гэдэгт ямар нэг байдлаар хариу өгөх хэрэгтэй болов уу. 

Өмнөх ЕТГ-ын дарга нартай харьцуулан үзэхэд тэс өөр өнгө төрх харагдаж байгааг хэн ч хэлнэ. Цаашид ийм байдлаар үргэлжилбэл ЕТГ-ын даргын үг бол Ерөнхийлөгчийн үг гэдэг тэр ойлголт хэвээрээ эсэх нь тун тодорхойгүй болох нь. Тухайлбал өнөөдөр Таны “Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль болон Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль тус бүрт бүхэлд нь” тавьсан хориг бол Таны тавьсан хориг. Энэ бол улс орны эрх ашигт нийцсэн зөв хориг. Харин Ч.Хүрэлбаатар сайдын тухайд...арай өөр. Тэр хэний эрх ашигт нийцэв. Та УИХ-ын гишүүн байсан бол, Засгийн газрын гишүүн байсан бол Ерөнхий сайдын танхимаа бүрдүүлэх эрхэд, УИХ-ын сайд нарыг томилох эрхэд ингэж халдахыг сайшаахгүй байсан болов уу гэж бодож байна. 

Монголын ард түмэн Таны Тамгын газрын даргыг биш Таныг Төрийн тэргүүнээрээ сонгосон юм шүү дээ. “30 гэр бүлийн тухай” Таны ярьдаг зүйлийг өөрөөс тань сонсож байсан хүмүүс ямар агуулгаар хэлснийг сайн мэднэ. Төрийн хуульд тавих Ерөнхийлөгчийн хориг дотор давхиж явахаар үг арай л бишсэн. Таны өмнөөс бичиг баримт баталгаажуулж, мутрыг чинь авч байгаа цаас бүхнийг сайн анзаарахгүй бол хаана ч, юунд ч хүргэж мэдэхээр байгааг эрх биш анхаарч, Монголын төр нэг л Тэргүүнтэй, Монгол Улс ганцхан Ерөнхийлөгчтэй гэдгийг сонгогчдынхоо өмнө харуулж яваарай гэж нэг иргэн нь захиж байгаа юм. Учир нь эв нэгдлийн илэрхийлэл гэдэг товч утгаар үүрэг тань илэрхийлэгддэг Таныг Ерөнхийлөгчөөр томилогдсоноос хойш 65 гишүүнтэй УИХ дахь МАН-ын бүлэг хоёр хуваагдсан, Таны тавьсан хоригоор дахин хуваагдсан гэх мэт тохиолдлын гэмээр хуваагдал, талцал ихэссэн нь улс орны эдийн засагт хүртэл нөлөөлөхүйц таагүй явдал ар араасаа гараар байна. Хэдийгээр Та МАН-ын дотоод асуудалд оролцох боломжгүй ч үр дагавар нь нийтэд хүртээлтэй билээ. 

Ингээд Таны Төрийн их ажилд амжилт хүсч, энэ цаг мөчөөс эхлээд өөрийнхөөрөө “Цагаа тааруулаад амжилттай урагшлахыг” хүсэн ерөөе! 

Нийтлэлч У.Оргилмаа

www.zuv.mn