Монголын рок попт зузаан нөхөрлөлөөр нас үл ялган аминчирхдаг гурван эр “Мөнх хөх тэнгэр” цомгийн нээлтэнд зориулсан “Андгай” тоглолтоороо хурсан олныг доргиохоор зэхэж буй.

Тэд бол “Харанга”-ын Лхагваа, “Хар сарнай”-н Амараа, “Номинталст”-ын Дээгий гэх омголон эрчүүд. Тэр бүү хэл авьяас нь ч байдаг, ааг омог нь ч байдаг энэ гурван эрхэм рок попын гурван үеийг төлөөлж, тодорхойлдог ч гэгддэг. Тэгвэл тэдний хамтран гаргасан  “Мөнх хөх тэнгэр” цомгийн нээлтэнд зориулсан хэвлэлийн хурал өнөөдөр 12 цагаас “I loft function house”-т боллоо.

Уг цомогт МУАЖ, Төрийн хошой соёрхолт хөгжмийн зохиолч Н.Жанцанноров, МУУГЗ, Төрийн соёрхолт Б.Шарав, МУСГЗ Л.Балхжав, МУУГЗ, хөгжмийн зохиолч Б.Бямбабаяр, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн, МУСГЗ, Ш.Гүрбазар нарын монголын яруу найраг, хөгжмийн салбарын “акул”-ууд хамтран ажилласан бөгөөд SBN, UBS телевизүүдээр шууд дамжуулах хэвлэлийн хуралд уригдан саатаж уран бүтээлийнхээ дээжээс толилуулах гэнэ лээ.

 
Түүгээр ч барахгүй үргэлж шинийг сэдэж, үндсэрхэг үзлийг нэвт сурталчилдаг энэ гурван эрийн "АНДГАЙ" баярын тоглолтын тасалбар Их Эзэн Чингис хааны ГЭРЭГЭ хэлбэртэй, неон гэрлийн нууцлалтайгаар Интерпресс хэвлэлийн компани хэвлэсэн байна. Тасалбар өнөөдрөөс эхлэн Улаанбаатар ресторанд байрлах G mobile-ийн салбар, 1950 хүргэлт үнэгүй худалдаалагдаж байгаа юм байна.. Ах дүү гурвын омогшил "Андгай" өргөх эрчүүдийгээ огшоох болтугай.
Ингээд тус хэвлэлийн бага хурлын фотог сонирхуулж байна.