Өнгөрсөн зун болж өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр нэг тэрбум 80 сая төгрөг бэлнээр тээвэрлэж явсан машиныг цагдаа нар саатуулсан байдаг. Энэ хэрэг явдал 2017 оны 4-р сарын 23-ны өдөр болсон бөгөөд Toyota-4 Runner 0308... улсын дугаартай тээврийн хэрэгслийг зогсоон шалгахад илэрсэн гэж цагдаагийн байгууллага мэдэгдэж байв. Энэ явдлын маргааш нь Дорноговь аймагт 91 сая төгрөг авч явсан Соната маркийн машинтай залуусыг мөн л цагдаа нар илрүүлсэн. Монголын цагдаа өнгөрөгч сонгуулиар урьд хожид байгаагүйгээр гайхалтай шуурхай ажиллаж хүн зодсон, мөнгө тээвэрлэсэн машинуудыг шил дараалан илрүүлж, шуурхай мэдэгдэл хийж байв. Сүр дуулиантайгаар нийгэмд цацсан зөрчлүүддээ хуулийн хариуцлага тооцож чадсан болов уу. Эсвэл сонгуулиар аль нэг улс төрийн намын гар хөл болоод дашийн шог болсон уу гэдгийг эргэн тодруулахыг зорилоо.

 

Говь-Алтай аймагт тэрбум төгрөг ачиж явсан машин “Милл Хаус” компанийн эзэмшлийнх байсныг цагдаагийн байгууллага тогтоосон. Зарим эх сурвалжийн мэдээлснээр одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулгын төрсөн дүү Х.Баттуулын эхнэрийн эзэмшлийн машин ч гэдэг. Юутай ч энэ машинаас нэг тэрбум 80 сая төгрөг олдсон. Тухайн үед МАН-ын сонгуулийн штабаас АН-аас Ерөнхийлөгчид нэр дэвшигч Х.Баттулга сонгогчдод бэлэн мөнгө тарааж санал худалдаж авах гэж байна, хууль ноцтой зөрчлөө гэж мэдэгдэл хийж байсныг хүмүүс санаж байгаа байх. Харин АН-ын нэр дэвшигчийн штаб сонгуульд ажилласан баруун аймгуудын ухуулагч нарын урамшууллын мөнгийг санаатайгаар саатуулж, цагдаагийн байгууллагыг сонгуульд ашиглаж байна гэсэн хариу мэдэгдэл хийсэн байдаг. Энэ халуун өдрүүдээс хойш хагас жил өнгөрч бэлнээр тэрбум төгрөг авч явсан хэрэг явдал бүдгэрэх тал руугаа явжээ. Эсвэл Х.Баттулга Ерөнхийлөгч болж эрх мэдэл атгасан учраас бүдгэрүүлэх сонирхол давамгайлаад байна уу гэдэг сонирхол татаж байна.

 

Нэг тэрбум төгрөг бол 68-80 хүүхэдтэй цэцэрлэг шинээр барих, 20-30 айлыг орон сууцанд оруулах хэмжээний мөнгө. Түүнчлэн сар бүр 20 мянган төгрөг өгнө гэж тооцвол 50 мянган багачуулд Хүүхдийн мөнгө залгуулж болно. Бага гэж голохооргүй 2-3 жижиг дунд үйлдвэр шинээр нээж болохуйц хөрөнгө оруулалт. Тэрбум төгрөгөөр юу ч хийлгүй аль нэг банкинд хадгалууллаа гэж бодоход, 15 хувийн хүүгээр тооцоход 150 сая төгрөг болно. Ийм янзаар олон бүтээлч ажил хийж, олон хүнийг ажил амьдралтай нь залгуулж болох мөнгөний мөрөөр мөшгихгүй өнгөрч боломгүй. Улс төрчид, улс төрийн намууд сонгуулийн үеэр бие биеэ барьж идэх нь холгүй аашилж, сонгуулиар мөнгө тараах, санал худалдаж авах гэсэн үйлдлийг өч төчнөөнөөр нь “илрүүлдэг” хэрнээ сонгуулийн маргаашаас амандаа ус балгасан мэт чимээгүй гүлдийж орхидог. АН-ын нэр дэвшигч тухайн үед мөнгөөр санал худалдаж авах ородлого хийлээ гэж сүржин мэдэгдэл хийж байсан МАН өнөөдөр яагаад чимээгүй байна вэ.

 

Хураагдсан тэрбум төгрөг улс төртэй холбоотой учраас энэ талаар ам нээх хүн бараг олдсонгүй. Бүгд л бултав, мэлзэв. Сонгуулийн дараа тэрбум 80 сая төгрөг АН-ынх уу, эсвэл тухайн үеийн нэр дэвшигч, одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулгынх уу гэдэг дээр хөөрхөн маргаан үүссэн сураг гарав.  Ямартай ч Говь-Алтай аймгийн шүүхээс хураасан тэрбум төгрөгийг улсын орлого болгох үндэслэл байхгүй хэмээн шийдвэрлэжээ.

 

“Милл Хаус” компанийнхан хураалгасан мөнгөө эргүүлэн авсан гэдгийг нэрээ нууцлахыг хүссэн эх сурвалж хэллээ.

АН-ын ерөнхий санхүүчээс хураагдсан мөнгийг буцаан шилжүүлнэ үү гэсэн утгатай бичгийг Говь-Алтай аймгийн цагдаагийн газарт өгч байжээ. Үүнтэй зэрэгцээд “Милл хаус” компанийн өмгөөлөгчид тэрбум төгрөгийг бид авах эрхтэй гэж хандсан байна. Тэгэхээр цагдаад хураалгасан зовлонт тэрбум төгрөг АН-ынх биш нэр дэвшигчийнх байсан болж таарлаа. Харин тэрхүү мөнгө ухуулагч нарт урамшуулал болж очсон уу, эсвэл МАН-ын мэдэгдсэнээр санал худалдаж авахад зориулагдсан уу, үгүй юү гэдгийг хэн ч асуусангүй. Сонгуулийн үеэр гайхалтай шуурхай ажилласан цагдаагийн байгууллага олон нийтийн дунд үүссэн энэ эргэлзээг тайлсангүй. Хууль зөрчсөн, эс зөрчсөн гэдгийг шүүх, прокурор, цагдаагийн байгууллага эцэслэн тогтоох л ёстой. Сонгуулийн үеийн үнэн, сонгууль болсны дараах үнэн гэж байдаггүй.

 

Монгол Улсын Ерөнхий аудиторын 2017 оны 2-р сарын 24-ний өдрийн А/31 тоот тушаалаар Ерөнхийлөгчийн сонгуульд нам, эвслээс зарцуулах сонгуулийн зардлын дээд хэмжээ 6.8 тэрбум төгрөг. Харин нэр дэвшигч дээд тал нь 3.9 тэрбум төгрөгийн зардал гаргахаар тогтоож өгчээ. Эндээс харвал Говь-Алтай аймагт хураагдсан баруун аймгуудын ухуулагч нарт олгох байсан тэрбум төгрөг нэг нэр дэвшигчээс гарч болох зардлын гуравны нэг нь болж байна. Монгол Улс өргөн уудам газар нутагтай. Баруун, зүүн, төвийн, говийн гэх мэтээр бүсэд хуваагддаг. Эндээс харвал баруун аймгуудаас гадна бусад бүсэд ажилласан нэр дэвшигчийн ухуулагч нарт нэлээд хэдэн тэрбум төгрөгийн урамшуулал олгож таарна. МАХН-аас нэр дэвшсэн С.Ганбаатар гадаадын иргэнээс 50 сая вон авсан гэх хэрэг шүүхээр саяхан шийдэгдсэн. МАН-аас нэр дэвшсэн М.Энхболд сонгуулийн үеэр бэлэн мөнгө тараасан гэх мэдээлэл бас гарсан. Ерөнхийлөгчид нэр дэвшсэн эрхмүүдтэй холбоотой энэ бүх мөнгөний зарцуулалтыг олон нийтэд нээлттэй тайлагнах цаг болжээ.

 

Ерөнхийлөгчийн сонгуульд оролцсон улс төрийн намууд Үндэсний аудитын газарт сонгуулийн зардлын тайлангаа хүргүүлсэн бөгөөд аудит хийсний дараа Сонгуулийн Ерөнхий хороонд хүргүүлэх учиртай. Албан ёсны хариу нь одоогоор эцэслэн гараагүй байгаа юм байна. Нийгэмд шударга ёсыг тогтооно гэж сонгуулиар амлаж явсан М.Энхболд, С.Ганбаатар, Х.Баттулга нар өөрсдөө сонгуульд шударгаар өрсөлдөж чадсан уу гэдгийг олон нийт мэдэх эрхтэй. Мөнгөөр санал худалдаж авна гэдэг бол төрийн эрх мэдлийг хууль бусаар авахыг санаархсан онц ноцтой гэмт хэрэг. Үүрэх ял ч өндөр. Монголчууд эх нь булингартай бол адаг нь булингартай гэж ярьдаг. Тийм учраас машинд ачиж яваад хураагдсан тэрбум төгрөгийг эргэн сануулж, энэ талаарх олон зөрүүтэй мэдэгдлийн хэнийх нь үнэн байсан бэ гэдгийг асууя. Монголчуудын олонхийн итгэл дэмжлэгийг авч Ерөнхийлөгчөөр сонгогдсон Х.Баттулгын нэр холбогдсон, Говь-Алтайд хураагдаад сураг алдарсан нэг тэрбум 80 сая төгрөг хаачсан бэ. 

Б.ТҮВШИНТӨГС

http://niislel.mn/v/8277