Луйварчид ядаж авлигад авсан сая сая доллараа Монголд оруулж ирвэл долларын ханш өсөхгүй
2017/11/07
Үнэнийг хэлбэл... Та ч бас үнэнийг хэлээрэй
Муу хүмүүс элдэв аргаар төр, засгийн өндөрлөгүүдэд шургалж чадаад, улсын төсвөөс хулгайлж, том авлига авч, төрөөс төрсөн тэрбумтан болцгоолоо. Эх орон, ард түмнээ хорлож, ядууруулж, олон түмний төрдөө итгэх сэтгэлийг алдруулсан энэхүү нүгэлт үйлдэл, гэмт хэргийн эхлэлийг 1991 онд тэр үеийн Улсын Бага Хурлын нэр бүхий гишүүд анх тавьжээ. Засгийн газрын 20-р тогтоол гарах гэж буйг ашиглаж тэд их хэмжээний ашиг олжээ. Төрийн нууцыг ашиглаж 24-48 цагийн дотор баяжсан “гишүүд”-эд төрийн төмөр нүүрээр хандсангүй. “Хэрэг хуучирдаггүй” гэдэг ч худал болов...
“Бид коммунизмыг капитализмаар солилоо. Одоо амьдын зорилго бол баяжих, хөрөнгөжих, энэ нийгэмд мөнгө л бүхнийг шийддэг. Мөдхөн л чонын сүргийн дүрмээр амьдарцгаах болно. Бариа зөрөөн дээр л амжих хэрэгтэй!” – Иймэрхүү үзэл, бодолд автсан “эрлэгүүд, зэрлэгүүд” дорхноо төрцгөөж өдрөөр биш цагаар өсөж торниод нөгөө улсын өмч, нэгдэл хоршооллын өмч рүү улангасан дайрцгаалаа. Тэд нам байгуулж, депутат болж, өндөр цалин авч, их эрх эдэлж эн түрүүн хүүхдийн, нялхсын гэх нэр хаягтай бүхнийг цөлмөн авцгаажээ. Цэцэрлэг, яслиудын барилгын бараг хагас нь, худалдааны цэгүүдийн дийлэнх хэсэг нь дорхноо тэдний өмч болж хувирчээ... Дараа нь алт хөтөлбөр, лицензүүд, газрын наймаа, архи, спирт, авлига, албан тушаалын наймаа, ашигт малтмал, нефть... гээд хөл толгойгоо алдаж, улс орон хэрэг дээрээ удирдлагын хомсдолд орж “Эзэнгүй төрт улсын” эмгэнэл эхэлсэн билээ. Төрийн эрхэнд энэ улс орны эзэд биш харин хүмүүн бусын зэрлэг шуналд автсан “боловсон, боловсролтойн” дүр эсгэсэн “төрийн түшээ” гэх баг өмссөн ханаж цадахын төрөлх мэдрэмжгүй бирдүүд ээлж дараагаар шургалцгааж, зарим нь бүр 27 жил орогнолоо. 27 жилийн туршид орчин тойрноо уруу татаж, харлуулж, улстөрийн янхнуудыг бэлдэж Монголын төрийн албыг таваар, улстөрчдийг улсын өмч, төсвийн хөрөнгөнд шигдсэн хачиг, хувалз болгож тэд чаджээ. Одоо тэдэнд хэрэгтэй бүхнээ, хэрэгтэй хүнээ худалдаж авах мөнгө бий, хууль–хүчний байгууллагуудад хамсаатан, холбоотнууд бий, ар талд нь гадны капитал–эзэд бий, цүнхийг нь барьж гүйлдсэн барлагууд бас бий... Тэдэнд байхгүй юм байхгүй.
Нийгмийг ардчилах үйл явц зөв бодлогоор, зөв хүмүүсийн гараар хийгдсэн бол ийм үр дүн гарч, ийм хүмүүс төрж хүчээ авах учиргүй билээ. Ямаа ишиг л төрүүлдэг, чоно гөлөг л төрүүлдэг жамтай. Энэ лүгээ ардчиллын анхдагчдын олонхи нь цөөвөр байсан бололтой. Тэд мэдээж цөөврүүдийг төрүүлнэ шүү дээ. Ингэж 27 жилийн дотор Монголын нийгэм өөртөө сүрэг цөөвөртэй болжээ. Одоо тэдний тоог цөөлөхийн төлөө, тэдний нөлөөг багасгахын төлөө, алдсан цөлмүүлснээ буцааж авахын төлөө, шударга үнэний хувийн жин, ялалтыг ядаж 30-40 хувьд хүргэхийн төлөө зүй ёсны тэмцэл, хөдөлгөөн хот хөдөөгүй өрнөж байна. Зарц, барлагийн ёсны дуулгавартай шинж нь бүр 20-иод жилийн өмнө гэхэд хэтэрчихээд байсан төрийн үйлчилгээний албан хаагчид гэгддэг багш, эмч, жүжигчид, тамирчид, дуучид, хөгжимчид ч дээр дурдсан “зүүдэнд ч оромгүй шударга бус байдал, нөхцөлийг” тэвчиж одоо чадахаа больжээ.
“Монголын эдийн засаг 20 шахам хувиар өслөө. Бид мөнгөтэй боллоо. Гэхдээ их мөнгөтэй байх бас зовлон дагуулдаг юм байна. Чухам юу юунд зарахаа мэдэхээ болиод асуудал үүслээ” гэж гишүүд, сайд нар ярьж байсан үед л “биднийгээ нэг эргэж хараачээ” гэж багш, эмч нар, урлаг, соёлынхон чанга дуугарах байсан юм. Тэгээгүйгээс болоод цаадуул нь “төрийн данс улайтал” нь кармаалцгаасан бололтой. Одоохондоо байдал хүнд байгаа ч гэсэн хэмнэх, танах, зарах борлуулах, хуваах, хуваалцах бололцоо Монголоор л нэг байгаа нь үнэн юм.
Бирдүүд ядаж авлигад авсан сая сая доллараа оруулж ирвэл долларын ханш цааш цаашаа өсөхгүй шүү дээ. Хөрсөн доорх баялгаа харьд ч ашигтай, өөрсөддөө ч ашигтай гэрээ, хэлэлцээрээр олборлож чадвал “хэн баян, монголчууд л баян” гэгдэх баймаар даа. Нөөц, боломж зөндөө шүү!, хүн ардаа! Төр, засгийг шах!, шаард!
Судлаач, профессор Д.Чулуунжав