Яруу найрагч Б.Наран-Эрхэс анхны бие даасан тоглолтоо хийнэ
2017/11/07
Увс аймгийн Наранбулаг сумын харьяат залуу жүжигчин, яруу найрагч Б.Наран-Эрхэс энэ сарын 17-нд Улаанбаатар паласын концертын танхимд анхны бие даасан тоглолтоо хийхээр болжээ. Залуу дуучин бүсгүй энэ өдөр өөрийн шүлгээр бүтсэн дуугаар үзэгч танд бэлэг барихаас гадна яруу найргийн шилдэг бүтээлээсээ мөн дээжлэн хүргэх аж.
Тоглолтод урилгаар, МУГЖ Л.Чаминчулуун, МУГЖ Т.Ариунаа, МУГЖ “Хар сарнай” хамтлагийн ахлагч, дуучин С.С.Амармандах, дуучин С.Сэрчмаа, дуучин Э.Чинбаяр, жүжигчин А.Алтанхуяг, МУГЖ Л.Дэмидбаатар, Яруу найрагч, Ардын уран зохиолч Ш.Дулмаа, Загвар өмсөгч, “Яг түүн шиг” шоуны шилдэг оролцогч С.Сарнай, “Соронз” хамтлаг, дуучин Б.Өлзийтогтох, “Guys” хамтлагийн дуучин А.Төгсбаяр, залуу дуучин Б.Гүрбадам, Г.Сонинхүү нарын уран бүтээлчид оролцож залуу уран бүтээлчийн шүлгээр бүтсэн уран бүтээлээс гадна өөрсдийн шилдэг уран бүтээлийн дээжээ үзэгч танд толилуулах юм.
Яруу найрагч Б.Наран-Эрхэс нь “Хорвоогийн мэлмий”, “Эх орон зүрх” зэрэг өөрийн шилдэг яруу найргийн бүтээлээрээ клип, зохиомж бэлтгэн үзэгчдэд хүргэсэн нь олны талархлыг хүлээж буй. Нөгөөтэйгүүр, “Олонтойгоо явах сайхан” уран бүтээлээ өөрөө дуулж олонд хүргэжээ. Түүний шүлгийг нь бичсэн “Би монгол бүсгүй”, “Дээлтэй Монгол” уран бүтээлүүд нь ар монголын үзэгчдээс гадна Өвөрмонголын үзэгчдэд хүрч, тэдний дуулах дуртай шилдэг бүтээлүүд болж чадсан юм. Залуу уран бүтээлчийн тоглолтын тасалбарыг та бүхэн Улаанбаатар паласын билетийн кассаас авах боломжтой юм.