Монгол, Чех хоёр орны худалдааны эргэлтийг сайжруулахад анхаарч ажиллана
2017/11/07
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг Бүгд Найрамдах Чех улсаас Монгол улсад суугаа Элчин сайд Ийржи Бродскийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд Элчин сайд Ийржи Бродский Сайд Б.Батзоригийг үүрэгт ажлаа авсанд баяр хүргээд, хоёр орон хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах бүрэн боломж бололцоо байгааг онцлон тэмдэглэлээ. Талууд орон нутгийн мах, сүүний нөөц ашиглалтыг сайжруулж, эдийн засгийг эргэлтэд оруулах зорилгоор бага, дунд оврын мах, сүү боловсруулах үйлдвэрүүдийг Монгол улсад байгуулах мөн ойн модны салбар тэр дундаа модон эдлэлийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх тал дээр хамтран ажиллахаар тохиролцсон. Ингэхийн тулд хоёр орны хувийн хэвшлийн харилцаа хамтын ажиллагааг дэмжин, БНЧУ-д хөдөө аж ахуйн чиглэлээр боловсон хүчин бэлдэх, туршлага судлах тал дээр хамтран ажиллах нь зүйтэй хэмээн санал нэгдлээ.
Уулзалтын үеэр ноён Элчин сайд Чехээс Монгол улсад нийт 357,000 ам.долларын хүнсний бүтээгдэхүүн экспортлож байна. Харин Монгол улсаас Чех Улсад одоогоор экспортлож байгаа бараа бүтээгдэхүүн байхгүй байгаа учраас хоёр орны худалдааны эргэлтийг сайжруулахад анхаарч ажиллах хүсэлтийг ХХААХҮ-ийн Сайд Б.Батзоригт тавьсан юм. Мөн 1996-2017 онд Монгол улсад Чех улсын Засгийн газрын тусламжтайгаар хэрэгжиж дууссан болон хэрэгжүүлж буй төслийн талаар мэдээлэл сонсов. Талууд цаашид хөдөө аж ахуйн салбарт хамтарсан төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэн, хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэхээр ториолцлоо.
Уулзалтын төгсгөлд Элчин сайд 2018 оны эхний хагаст зохион байгуулагдах хоёр орны Засгийн газар хоорондын комиссын хуралдааны үеэр хөдөө аж ахуйн салбарт үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгжүүдийн хамтын ажиллагааг дэмжих зорилгоор Бизнес уулзалт зохион байгуулах санал тавьсныг ХХААХҮ-н сайд Б.Батзориг дэмжиж, хамтарч ажиллахаа илэрхийлсэн.