Нэг улсаас хэт хараат болж буй, хэвийн олон улсын харилцаа-эдийн засагтай болох шаардлагатайн үнэнийг хэлдэг ганц улс төрч гэсэн утгаар нь үндэсний үзэлтэн би Х.Баттулга гуайг эртнээс тууштай дэмжиж ирсэн. Зарим хүн намайг ийм юм бичихээр ерөнхийлөгчөөс бөөн мөнгө аваад байна гэж шүлсээ гоожуулан атаархдаг юм билээ. Гол нь, ийм мэдээлэл хийвэл санаа нэгтнүүд маань талархан дэмждэг учраас л би ерөнхийлөгчийн тухай бичдэг юм. Х.Баттулга гуайтай тоотой хэд уулзсан, таарсан, сүүлийн удаа сонгуулиар таарснаас хойш ямар ч холбоо харьцаа байхгүй.

Ерөнхийлөгч Х.Баттулга экспортын шинэ гарц хайх, АНУ руу оёмол сүлжмэл бүтээгдэхүүн экспортлоход татваргүй болгох, ихэд муудсан байсан харилцааг ОХУ-тай сайжруулах, оффшор, авлигатай хийх тэмцлийг эрчимжүүлэх гээд олон чухал алхмуудын талаар ажилласаар, харин үүнд хорссон урвагч хулгайч нар хамаг бүхэнд нь хориг тээг болж, гүжир гүтгэлгийг үерлүүлсээр.

Х.Баттулга бэлэн мөнгө тараах гэж байна гэж ямар ч утгагүй юм солиорсноо, өөрсдөө тарааж улсыг дампууруулан харьд нэгтгэх гэж улайрч байна. Бэлэн мөнгө тарааж болохгүй, бэлэн мөнгө тарааж улсыг дампууруулах гэсэн Ч.Хүрэлбаатарыг сайд болохыг зөвшөөрөхгүй гэж хоёрхон хориг тавьсан атал харийн гар хөл, ул болсон луйварчид бүх зүйлд хориг тавьж байна, бүх болохгүй зүйлд буруутай гэж өөрсдийн гэмийг түүнд нялзаан мунхруулж байна.

Аргаа барсан хүүхэд аавын толгойг маажна, байж ядсан үүхэд Баттулгын нэрийг маажна гэгчээр юм болж, улс оронд олон тулгамдсан хурц асуудал овоорч байхад сүүлийн үед “Х.Баттулга эхнэрээ ил гарга, шилэн болго” гэж олигархууд дайруулж байна. Сонгуулийн үеэр английн топ-модель Кейт Моссын зургийг тавьж, Х.Баттулгын эхнэр, гэрийн хорионд байдаг гэж баахан давшилсан.

Хүний хувийн амьдрал руу хэт хошуу дүрж, ор хөнжил рүү ч шургахыг санаархаж, ямар ч тус нэмэргүй, гай болохоос өөр зүйлгүй хэрнээ амны зугаа болгон гутаах гэж л элдвийг шалгааж тагнаж, хов жив хутгаж явдаг өчүүхэн зан хавтгай болсон. Харин тэр өчүүхэн явдалдаа төрийн тэргүүнээ багтаах гэвэл бүтэхгүй.

Тэргүүн хатагтай гэдэг ойлголт АНУ-ын 15 дахь ерөнхийлөгч Ж.Бьюкенений хамаатан хатагтай Хэрриет Лэйнийг хүндлэн нэрлэснээс үүдсэн. Цэвэр америк ойлголт бөгөөд аль ч улсын хуулинд байхгүй, зарим улсын протоколд байдаг. Ихэнхи улс энэ ойлголтыг сайшаадаггүй. Улс төрч биш бол гэр бүлийн хүн албан ёсны төрийн ажилд оролцоод байх нь зохисгүй. Монголчуудад тэргүүн хатагтай гэх уламжлал үгүй.

Ерөнхийлөгчийн эхнэр гэр бүл, хувийн амьдралын жамыг даган, төрийн ажилд оролцохгүй байгааг би хувьдаа муу зүйл биш, сайн тал гэж хүлээж авч байна. Энэ бол тухайн хүний өөрийнх нь бие даасан сонголт. Ардчилсан нийгэмд үүнийг бүгд хүндэтгэн үзэх ёстой. Ерөнхийлөгчийн эхнэр ёс журамтай монгол эмэгтэй.

Өөрийн зүгээс хэлэхэд уналт доройтол, зэрлэгшил өргөн дэлгэрсэн, ороо бусгаа, ерөнхийлөгч рүү дайрах дотоод гадаадын довтолгоо гаарч байгаа өнөө үед ил гарах цаг нь хараахан болоогүй болов уу ч гэж бодож байна. Тэргүүн хатагтайг үзсэнээр эдийн засаг сайжирч, тусгаар тогтнол бэхжихгүй. Бүгдээр зөв санаа, үйлстэй байж, зөв тэргүүнээ хоёргүй сэтгэлээр дэмжиж байж Монгол улс үндэстэн аврагдна. МОНГОЛ ЯЛНА!

 

Ч.Мөнхбаяр