МАН-ын удирдлагууд дөнгөж сая хэвлэлийн хурал хийж  2013 онд хийсэн ажлаа тайлагналаа.  МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат: “МАН 2013 онд хийсэн ажлаа үндсэн гурван зүйлд ангилж байгаа юм.   

1.      МАН-д итгэх иргэн, сонгогчийн тоо  2012 оны орон нутгийн болон УИХ-ын сонгууль,  Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнгээс харж болно.  Өөрөөр  хэлбэл МАН-д итгэх иргэдийн итгэл  урьд сонгуулиас нэмэгдсэн.  Харамсалтай нь эрх баригчид  хөрөнгө мөнгө хаяж, хүч зарцуулсан, булхай оруулсан.  МАН-д нийт сонгогчдийн 43 хувь нь санал өгсөн байгаа.

2.      Шинэчлэлийн гэх тодотголтой МАН-ын  XXVII их хурал болсон. Хурлаар МАН-ын бодлого, хүний нөөц, арга барилын хувьд  өөрчлөлт хийх талаар хэлэлцэн намыг шинэчилсэн. Өөрөөр хэлбэл МАН улс төрийн бусад намуудтай харьцуулахад хамгийн их өөрчлөгдөж, залуужсан.   Тухайлбал 21 гишүүнтэй УЗ-ийн  70 хувь нь 40 болон түүнээс доош насны залуус байна.

  1. МАН-ын  XXVII их хурлаар  үндэсний зөвшилцлийг  санаачлан бодит ажлуудыг хийж эхэлсэн.  Намчирхалгүй, талцалгүй, улс орны эрх ашгийн төлөө улс төрийн намуудтай хамтран ажиллаж байгаа.  Энэ ажлын хүрээнд намын дарга улс төрийн дарга нартай уулзалт хийсэн бол, миний бие улс төрийн намуудын  ерөнхий нарийн бичгийн дарга нартай сар бүр уулздаг болж байгаа.  Ингэснээр улс төрийн соёл, төлөвшлийг бий болгож байга юм.” Хэмээн  мэдээлэв.  

МАН-ын хувьд XXVII Их хурлаараа алдаа оноогоо шүүн тунгаасан бөгөөд  богино хугацаанд эрч хүчтэй ажиллаж, амжилт ололтоо ахиулж, ард түмэнтэйгээ улам ойртон нягтарч чадсан хэмээн үзэж байгаагаа энэ үеэр мэдээлсэн. Ирэх 2014 онд ард түмний дуу хоолой байж, тулгамдсан асуудал бүрийг  төр, засгийн бодлогод тусгаж, шийдүүлэхийн төлөө ажиллах болно гэдгийг сэтгүүлчдээр дамжуулан олон нийтэд амалсан юм.

МАН-аас долоо хоног бүрийн пүрэв гарагт 12:00 цагт  сэтгүүлчидтэй уулзаж цаг үеийн асуудлаар хэвлэлийн хурал хийж байхаар болсноо энэ үеэр дуулгав.  

А.Баярмаа