Ц.Нямдорж: Аймхай хүмүүсийг тусгай хяналтын дэд хорооноос гарга
2017/11/16
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үдээс өмнөх хуралдааны төгсгөлд УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дэргэдэх Тусгай хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэв. Гэвч УИХ дахь АН-ын бүлэг уг асуудлаар нэг хоногийн завсарлага авлаа.
УИХ-ын Тусгай хяналтын дэд хороонд байсан Д.Цогтбаатар, Г.Занданшатар нар Засгийн газрын гишүүн болсон тул Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр, Б.Энх-Амгалан нарыг тус дэд хороонд оруулахаар дэмжсэн юм.
Чуулганы нэгдсэн хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Л.Болд дэд хорооны гишүүн болох хүсэлт гаргасан бол УИХ-ын гишүүн Ц.Нямдорж "Монголын тусгай алба хяналтаас гарлаа. Улстөрийн илэрхий үйл ажиллагаа явуулдаг боллоо. Улс төрийн сонгуулиар ганыхныг оролцуулж гүйцэтгэх ажиллагаа явуулдаг боллоо. Сая Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр илэрхий мэдэгдээд байсан. Тэр С.Ганбаатарын 50 сая вон, хоёр хүний утасны яриа гэх мэт зүйлийг шалгах хэрэгтэй. Энэ бүхнийг Тусгай хяналтын дэд хороо шалгах ёстой юм. Ийм юм хийж чадна гэж Н.Номтойбаяр, Б.Энх-Амгалан хоёр жаахан найдаж байна. Гэхдээ өмнө нь энэ байгууллагад ажиллаж байсан гээд хамгаалаад байвал болохгүй. Ойрын үед гишүүдийг яаж айлган сүрдүүлж, танхайрч, нууц мэдээллийг цацаж чадаж байна вэ. Ийм асуудлыг шийдэх газар нь дэд хороо байх ёстой. Аймхай хүмүүсийг дэд хорооноос гарга. Айдаггүй хүмүүсийг оруулж шалга. Бүр шаардлагатай бол байнгын хорооны статустай болгоод, гишүүдийн тоог нь нэм" гэв.
УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр "Дэд хороо нэг их онцгой анхаарал татаад байдаг хороо биш. Өнөөдрийн улс төрийн нөхцөл байдлаас үүдэж хоёр квот дээр таван хүн өрсөлдөж байх жишээтэй. Дэд хороо бол төрийн нууц, гүйцэтгэх ажиллагаа, хил хамгаалах хуулийн хэрэгжилтийг үнэн зөвөөр ашиглаж байна уу үгүй юу гэдгийг шалгадаг" гэсэн бол УИХ-ын гишүүн С.Батболд "Тусгай хяналтын дэд хорооны зарчим, үйл ажиллагаа хангагдаж ирсэн. Ямар нэг улс төрийн өнгө аяст тохируулж хөдлөх ёсгүй. Яагаад гэвэл үүрэг нь тийм биш. Дэд хороо бол улсын нууц, төрийн нууц, хил хамгаалалтын асуудлыг зохицуулсан хуулийн хэрэгжилтийг хэлэлцэнэ. Түүнээс биш хүний эрх болон бусад асуудлыг хэлэлцэх эрх байхгүй. Өмнө нь 2004 онд гурав, 2008 онд гурав, 2012 оноос дөрөв, 2016 оноос таван гишүүнтэй болсон. Ингээд хоёр гишүүн дэд хорооноос гарсан учраас квот дээр нь өрсөлдөж байгаа асуудал юм" гэлээ.
Харин УИХ дахь АН-ын бүлгийн зүгээс Тусгай хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах асуудлаар бүлгийн түвшинд хэлэлцэж, зөвшилцөх шаардлагатай тул тав хоногийн завсарлага хүсэв. Уг саналыг УИХ-ын дарга М.Энхболд хүлээн авсан ч АН-ын бүлэгт нэг хоногийн завсарлага өглөө. Үүгээр УИХ-ын чуулган завсарлав.
Н.Гантуяа
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Иргэн · 2017/11/17
Нямдорж зөв хэлж байна, зоригтой байж улс эх орноо зөв голдиролд оруулахгүй Монгол гүрэн сүйрлээ шүү
Штирлицээс монголын штирлицэд · 2017/11/17
УИХ ТЕГ -н ОЛНЫ ӨМНӨ БИШ ОЛОН УЛСЫН ӨМНӨ ЮУ ХИИЧИХВЭЭ ИИМ ЦУУРХАЙ АМТАЙ СӨХ_Н ХЭЛЭН АВГАЙ НАР ШИГ ХОВ ЖИВ ЯРЬДАГ АРЧААГҮЙ ТУСГАЙ АЛБАНЫ ДАРГАТАЙ БАЙЖ ДЭЭ ТАГНУУЛЧ ХҮНИИ ҮЙЛДЛҮҮД БИШ БАЙНА ХҮНИИ НҮДЭНД ТУСЧИХГҮЙ ЭНГИИН ДАРУУ ОЛОН НАЙЗ НӨХӨДГҮЙ БАЙХ ЁСТОЙ ДОО
Зочин · 2017/11/16
ГАДААД ТАГНУУЛЫГ АЖИЛЛАГАА УЛСЫН НУУЦ БИШ ЮМ БАЙХДАА