Энэ асуултад хариулахад арай эрт байж болох юм. Гэвч нөхцөл байдал хурдан өөрчлөгдөж буй өнөө үед УИХ тарахгүй гэх баталгаа алга. Учир нь УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан УИХ-ыг тараах тухай нэгэнтээ ам алдсан. Мөн УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат “Ийм Их хурал байснаас тарсан нь дээр” гэж хэд хэдэн удаа хэлээд амжсан. Дээрх хоёр гишүүний хэлсэн үг нэгийг бодогдуулна.

Энэчлэн УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Хаянхярваа Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулах тухай хэлэлцэж байх тэр мөчид дараагийн Засгийн газар удаан оршин тогтнож чадахгүй, сарын дараа болох МАН-ын их хурлаас сонгогдох намын дарга Ерөнхий сайд болно хэмээн мэдэгдэж байв. Гэсэн ч шинэ Ерөнхий сайд томилогдож, Засгийн газар элэг бүтэн болсон. Гэтэл байдал нэг л биш.

МАН доторх хагарал улам даамжирч хоёр тийш алхах болж.Үүнийг хэн улам даамжруулж байна вэ? Гар утсаа хаагаад өрөөндөө бүгсэн Ж. Мөнхбат уу, хотын гэх тодотголтой М.Энхболд уу, эсвэл нэрийг нь хэлж эс зүрхэлсэн Хаянхярваа юу, УИХ дахь МАН-ын 65 дээр нэмэх 66 дахь нь уу? Үнэн мөнийн мөн чанар, асуудлын гол гогцоо нь дээрх дөрвөн эрхмийн дунд өрнөж байна. Бүгд эрх мэдлийн төлөө шүү. Харин эрх мэдлийн золиос нь МАН болж хувирах вий. Олон түмэн үүнийг хүсэхгүй.

МАН их хурлаа хийдгээрээ хийнэ. Хэн нэг нь намын дарга болно. Энэ бол байдаг л процесс. Хэрэв намын их хурал одоогийн Засгийн газрын тэргүүнийг “орхиж” өөр хүнийг сонговол яахав. Хамгийн эмзэг бөгөөд ээдрээтэй асуудал эндээс хөврөнө.

Уг нь У. Хүрэлсүх МАН дотроо төдийгүй монголдоо танигдсан улстөрч, олон ч хүнийг араасаа дагуулж чадна, увайгүй зан түүнд байхгүй. Харин бохир улстөр түүнийг хөөдөж мэднэ. Гэхдээ түүнд тулхтай ар тал бий. Тэр нь УИХ дахь 33-ын бүлэг, дээр нь хэдэн ч гишүүн нэмэгдэж болно, сонгосон засгаа унагахгүй гэвэл яахав. Энэ тохиолдолд УИХ дахь нөгөө 32-ын бүлэг дангаараа засаг байгуулж чадахгүй. Тэгвэл хэрхэх вэ гэсэн асуулт гарна. Бүр үгүй бол УИХ тарах асуудал яригдаж эхлэх нь дамжиггүй.

Б.БААТАРСҮРЭН

Эх сурвалж: