Д.Цогт-Очир ОХУ-ын Ерөнхийлөгчийн ХЭГ-ын 20 жилийн ойн арга хэмжээнд оролцлоо
2013/12/27
Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд дарга Д.Цогт-Очир ОХУ-ын Ерөнхийлөгчийн Хэрэг эрхлэх газрын урилгаар тус газрын 20 жилийн ойн баярын арга хэмжээнд оролцоод ирлээ. Арга хэмжээнд ОХУ-тай улс төр, эдийн засгийн найрсаг харилцаа, хамтын ажиллагаатай Монгол, БНХАУ, Казакстан, Киргиз, Беларусь, Азербежан, Украйн, Тажикстан гэсэн 8 орны зочид оролцжээ. Тэднийг Кремлийн ордонд хүлээн авч, ажил хэргийн уулзалт зохион байгуулсан байна. Энэ үеэр талууд харилцаа, хамтын ажиллагааг зарим тодорхой чиглэлээр түлхүү хөгжүүлэх, адил чиг үүргийн байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулах, харилцан туршлага солилцох талаар ярилцсанаас гадна салбар бүрт шинэ хамтын ажиллагааг идэвхжүүлэхэд санал нэгджээ.
ОХУ-ын Ерөнхийлөгчийн Хэрэг эрхлэх газар 1993 оны 11 сард байгуулагдсан бөгөөд Ерөнхийлөгч, Төрийн ДУМ, Засгийн газар, Дээд шүүх, Сонгуулийн төв комисс зэрэг төрийн эрх мэдлийн дээд байгууллагын үйл ажиллагаанд бүх талаас дэмжлэг үзүүлж, төрийн өндөр дээд хэмжээний арга хэмжээг зохион байгуулдаг. Өнгөрсөн хугацаанд Их найм болон Их хорийн уулзалт, АПЕК-ын дээд хэмжээний уулзалт зэрэг олон улсын дээд хэмжээний уулзалтыг амжилттай зохион байгуулахад чухал үүрэг гүйцэтгэсэн байна.