1987, 1997 онд шинээр хэвлэж байсан “Улаан ном”-ыг дахин шинэчилж хэвлүүлснийг Байгаль орчин, ногоон хөгжлийн яамнаас танилцууллаа.

Дэлхийн уур амьсгалын дулаарал, хүний зохисгүй үйл ажиллагааны шууд болон дам нөлөөгөөр амьтан, ургамал, байгалийн нөөц устах аюулд ороод байгаа билээ.

Тухайлбал, Монгол орны агаарын температур 2.1 градусаар дулаарч, газар нутгийн 70 гаруй хувь нь цөлжилтөд өртөж, нийт бэлчээрийн 70 орчим хувь нь талхлагдаж, цөл, тал хээрт дэгддэг шороон шуурганы давтамж 1960 оныхтой харьцуулахад 2010 онд 3-4 дахин нэмэгдсэн гэсэн судалгаа гарчээ.

Үүний уршгаар 5000 гаруй гол горхи, нуур, цөөрөм, булаг, шанд ширгэж, ургамал, амьтны аймгийн нөөц хомсдон, тархац нутаг хумигдаж, устаж үгүй болох аюул тулгараад байгаа юм. Тиймээс “Улаан ном”-ыг шинэчлэн хэвлүүлж, эдгээр амьтан, ургамлыг бүртгэх, хамгаалах шаардлага тулгарчээ.

Шинэчлэн хэвлэсэн “Улаан ном”- нд 110 зүйл амьтан, 192 зүйл ургамал багтсан байна. Эдгээрээс шилүүс, ойн булга, хүрэн баавгай, цагаан тогоруу зэрэг 25 зүйл амьтан, 95 зүйл ургамлыг шинээр бүртгэсэн аж.

Түүнчлэн тусгай хамгаалалт сайжирч, нөөц нь нэмэгдсэн тул өмнөх “Улаан ном”-нд нэр нь бичигдсэн 81 зүйлийн амьтан, ургамлыг хассан байна.

Н.Болд