Хуулийн этгээдийн улсын бүртгэлийг цахимжуулна
2013/12/27
Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэн дэмжээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.
Хуулийн этгээдийн бүртгэлийг хялбаршуулж, цахимжуулах шаардлага байгааг 2012 онд хувийн хэвшлийн дунд хийсэн санал асуулгын дүнхаруулсан юм. Одоогийн эрх зүйн орчинд хуулийн этгээдийг бүртгүүлэхийн тулд 12 төрлийн бичиг баримт бүрдүүлж, 8 шат дамжлагаар 5 хоног зарцуулж байна. 2008 онд 45 мянган хуулийн этгээд шинээр байгуулагдаж байсан бол 2013 он гэхэд энэ тоо хоёр дахин өсч, бүртгэлийн байгууллага өдөрт 220 орчим хуулийн этгээдэд бүртгэлийн үйлчилгээ үзүүлж байна.
Жил ирэх тутам ачаалал нэмж буй энэ ажлыг цахим хэлбэрээр хийвэл төвөг чирэгдлийг багасгахаас гадна төрийн байгууллагуудын мэдээлэл солилцох тогтолцоо цаасгүй, шуурхай хэлбэрт шилжиж, хуулийн этгээдийн бүртгэлийн цахим сан бий болох гэх мэт олон хэлбэрээр эдийн засагт өгөөж өгнө.
Шинэ хуулийн төсөлд Монгол Улсад хуулийн этгээд шинээр байгуулсан, өөрчлөн байгуулсан, татан буулгасан, мэдээлэлд нь оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлийн мэдээллийн санд бичгээр болон цахим хэлбэрээр бүртгэх, хуулийн этгээд цахим гэрчилгээтэй байх, хувийн хэрэг хөтлөх, лавлагаа олгохгэх мэт бүх харилцааг цахим хэлбэрээр хийхээрзохицуулжээ. Хууль батлагдсанааар хуулийн этгээдийн бүртгэлийг 2-3 хоногийн дотор хийж, олон газар хийдэг байсан ажлыг нэг газарт нэгтгэж, гэрчилгээг цахим хэлбэрээр илгээдэг болно.
Хуулийн төсөл боловсруулахдаа Дэлхийн банкнаас жил бүр гаргадаг "Бизнес эрхлэх нь" тайланд эхний долоон байр эзэлсэн орнуудын эрх зүйн зохицуулалттай харьцуулж үзсэн тул олон улсын жишигт нийцсэн зохицуулалт болно гэж Засгийн газар үзэж байна.