Монгол Улс өнгөрсөн жилүүдэд эдийн засгийн тогтворгүй байдлаасаа болж дэлхийд итгэлээ алдсан. Үүнийг зээлжих зэрэглэл буурсантай холбон тайлбарлаж болно. Зээлжих зэрэглэл гэдэг бол Монгол Улсыг гадаадад харах нэгэн өнцөг байдаг.

Ийнхүү дэлхийн томоохон судалгааны байгууллага болох ”Мoody’s”, ”Fitch S and P” байгууллагууд манай улсын зээлжих зэрэглэлийг бууруулаад байсан юм. Тодруулбал, ”Мoody’s” агентлаг манай зээлжих зэрэглэлийг “Caa1” болгон бууруулсан бол ”Fitch” агентлаг “B”-ээс “B-” болгосон нь сөхөрч явсан эдийн засгийг шавартай хутгасан гэж хэлэхэд болно.

Үүнийг дагаад дотоодын банкуудын зээлжих зэрэглэл дагаж буурсан юм. Зээлжих зэрэглэлээ сайжруу-лахын тулд гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татах, уул уурхайн мега төслөө хөдөлгөх, улс төрийн тогтвортой байдлыг бий болгох хэрэгтэй гэдгийг гадаадын мэргэжлийн байгууллагууд зөвлөж байв. 
Харин хэдэн сарын өмнө “Moody's” агентлаг манай зээлжих зэрэглэлийг “Тогтвортой” гэж үнэлсэн юм. Учир нь  “Монголын Засгийн газар болон Олон улсын валютын сантай хамтран хэрэгжүүлэх хөтөлбөр нь банкны үйл ажиллагаанд эергээр нөлөөлнө” хэмээн дүгнэж, сөрөг үнэлгээнээс тогтвортой төвшинд аваачсан билээ. Түүнчлэн Олон улсын валютын сангийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-тэй зэрэгцэн Оюутол-гойн далд уурхайн бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалт орж ирж, эрдэс баялгийн үнэ ханш 2016 оны уналтаас дээгүүр байх зэрэг нь Монголын эдийн засгийг тогтворжуулж, 2018 оноос өсөлтийг эргүүлэн авчирна” хэмээн тус агентлаг харсан юм. Ийнхүү “Moody's” агентлаг манай зээлжих зэрэглэлийг тогтвортой төвшинд аваачсан нь гаднынхан Монголд итгэх нэг гарц нээгдэж байгааг харуулсан. 
Тэгвэл Олон улсын үнэлгээний “Fitch” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийн төлвийг “тогтвортой” төлвөөс “эерэг” болгон ахиуллаа. Харин ерөнхий зэрэглэлийг өөрчлөлгүй “B-“ зэрэглэлд хэвээр үлдээсэн байна. Олон улсын валютын сангийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр” хэрэгжсэнээр ирэх жилүүдэд 3.5 тэрбум ам.долла-рын санхүүжилт орж ирэх боломж бүрдсэн юм. Үр дүнд нь хөрөнгө оруулагчдын итгэл сэргэж, 800 сая ам.долларын бонд гаргахад түлхэц болсон гэж “Fitch” агентлаг үзсэн байна. Нэмэлт санхүүжилтийг дагаад санхүү, эдийн засгийн төлөв ч мөн сайжирсныг тус агентлагийн шинжээчид онцолжээ. Монгол Улсын дотоодын нийт бүтээг-дэхүүнд эзлэх төсвийн алдагдлын хэмжээ энэ онд 7.3 хувьтай гарч, ирэх онд 6.5 хувь болж буурахаар байна. Мөн 2018 онд Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүн 4.5 хувиар өсөх төлөвтэй байгааг “Fitch” агентлаг таамаглажээ. Өмнө нь тус агентлаг шинээр гаргасан Монгол Улсын Засгийн газрын бондод улсын зээлжих зэрэглэлтэй ижил “B-“ үнэлгээг өгсөн юм. Ямартай ч гадаад  ертөнц Монголд итгэж эхэллээ.  Итгэлийг нь алдахгүйн тулд энэ Засгийн газар хичээх л хэрэгтэй болж байна.

 

Үндэсний шуудан сонин