Шинэ он угтахад хоёр хоног үлдлээ. Арванхоёрдугаар сар гарангуут байгууллага, хамт олны шинэ жил болж хийж бүтээсэн ажил үйлсээ үнэлж, дүгнэсээр шилдгийн шилдгүүдээ шалгаруулсаар байгаа. Уншигч та бүхэндээ 2013 онд спортын салбарын тамирчид маань ямар амжилт гаргасныг  хүргэе.

Н.Түвшинбаяр Олимпийн эрх цуглуулах Чэжүгийн “Гранпри”-д аваргалав

БНСУ-ын Чэжүгийн "Гранпри"-д олимпийн аварга Н.Түвшинбаяр оролцсон билээ. Түүний хувьд энэ оны хамгийн сүүлийн барилдаан байв. Тэрбээр Финалын барилдаанд Украйны бөх Артем Блошенкотой барилдаж торгуулиар ялснаар алтан медаль хүртсэн юм. Ийнхүү тэрбээр 2016 оны зуны олимпийн наадамд оролцох эрхийн оноогоо нэмж чадсан. Учир нь Н.Түвшинбаяр Чежүгийн "Гранпри"-д түрүүлснээр олимпийн эрхийн оноогоо 300-гаар нэмж, т нийт оноо 500 болжээ. Өмнө нь "Их дуулга"-аас хүрэл медаль хүртэн 200 оноотой байсан юм. Үүнээс гадна тэрбээр Үндэсний их баяр наадмаараа зодоглож, Улсын харцага цолонд хүрснээр  түүнийг дэмжиж явдаг ард олондоо илүү их баяр жаргалыг авчирч чадсан билээ.

Монголын анхны Дэлхийн аварга эмэгтэй жүдоч М.Уранцэцэг
Жүдо бөхийн 2013 оны насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Бразилийн Рио-де-Жанейро болсон. Энэ тэмцээний 48 кг-д өрсөлдсөн ОУХМ М.Уранцэцэг жингийнхээ ангилалд аваргалсан юм. Тэрбээр энэ бахдам амжилтаараа Монгол Улсаас төрсөн анхны дэлхийн аварга эмэгтэй жүдоч болсноороо онцлог.

Мөн энэ жилийн "Бөртэ чоно"-ын эзэн болсон. Түүнчлэн их дуулгаас мөнгөн медаль хүртсэн билээ.

Олон жил тасарсан Универсиадын алтан медаль энэ жил Монголых болсон
Энэ жилээс Монголын чөлөөт бөхийн баг тамирчид болоод Монголын чөлөөт бөхийн холбоо хүчирхэг байж чадсан. Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд Лондоны олимпийн хүрэл медальт, дэлхийн аварга С.Батцэцэг "Казань-2013" Универсиадын гурав дахь алтан медалийг энэ 2013 онд эх орондоо авчирч өгсөн юм.

Оюутны "олимп"-оос дээд тал нь хоёр алтан медаль хүртэж байсан монгол тамирчдын түүхэн амжилт Казань хотноо ийн шинэчлэгдсэн. "Софи-77" Универсиадад төрсөн ах дүү З.Ойдов, З.Дүвчин нар Дэлхийн аваргын титмийн эзэн болсон түүхтэй. Тэгвэл З.Дүвчингийн гарын шавь С.Батцэцэг багшийнхаа амжилтыг давтлаа. Ерөөс чөлөөт бөхийн төрөлд манай бөхчүүд хамгийн сүүлд 2005 онд алтан медаль хүртсэн билээ. Эмэгтэйчүүдийн чөлөөт бөхийн төрөл одоогоос найман жилийн өмнө Универсиадын хөтөлбөрт багтахад манай таван охин хүрэл медалийн төлөө хүч сорьсон удаатай.
Харин Унгар улсын нийслэл Будапешт хотноо болсон чөлөөт бөхийн ДАШТ-ээс тэрээр эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд өрсөлдөн мөнгөн медалийн эзэн болсон. Түүний энэ амжилт чөлөөт барилдааны түүхэнд нэгэн шинэ хуудсыг нээсэн амжилт болсон юм.

Эрэгтэйчүүдийн  +100 кг-ын жинд Б.Сугаржаргал түрүүлж дэлхийн аварга болов

Беларусийн нийслэл Минск хотноо энэ сарын 19-22-ны хооронд бүстэй барилдааны насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болсон билээ. Тэгвэл энэхүү тэмцээнд Монголын бүстэй барилдааны холбооны тамирчид амжилттай оролцон  “Женко” клубийн тамирчин ОУХМ Болдпүрэвийн Сугаржаргал эрэгтэйчүүдийн +100 кг-ын жинд түрүүлж алтан медаль хүртэн эх орондоо ирсэн.

Тэрбээр энэ онд оролцсон ихэнх тэмцээнээсээ медаль аваад байгаа юм. Өнгөрсөн зургадугаар сард ОХУ-ын Казаньд болсон дэлхийн оюутны Универсиад их наадмаас алт, хүрэл медаль хүртэж анхны хос медальтан болсон бол энэ удаа дэлхийн аварга цолыг нэмлээ.

МУГT Б.Сэр-Од 2 дахь удаагаа түрүүллээ

2011 оноос жил бүр уламжлал болгон зохиогдох болсон Осакагийн Марафон гүйлтийн тэмцээн амжилттай болж өндөрлөсөн. Энэ удаагийн тэмцээнд Монгол улсын гавьяат тамирчин Бат-Очирын Сэр-Од 2 цаг 11 минут 54 сек амжилтаар тэргүүн байранд орж Монгол улсынхаа нэрийг дахин мандуулсан юм. Энэхүү тэмцээнд 35 орны 28 мянга гаруй марафончид хурд хүчээ үзсэн. Тэрбээр 2010, 2011 онуудад Японы Хофү хотноо болсон тус тэмцээнд аваргалж байсан удаатай.

2013 оны 2 сарын 24 өдөр Хонгконг хотод зохиогдсон марафон гүйлтийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол улсаа төлөөлөн оролцож 2цаг 17мин 47сек амжилтаар Алтан медаль авсан юм.

М.Бундмаа алтан медаль хүртэв

БНСУ-ын Чежү аралд болж буй жүдо бөхийн “Гран при” тэмцээний эмэгтэйчүүдийн 52 кг-ийн жинд өрсөлдсөн Гавьяат тамирчин Мөнхбаатарын Бундмаа алтан медаль хүртсэн амжилтыг үзүүлсэн. Гавьяат тамирчин М.Бундмаа алтан медалийн төлөө БНСУ-ыг тамирчин Юн Ен Жунтай барилдаж, 4:42 минутад цэвэр ялсан юм.

Сэлэнгэчүүдийн 78 жил хүлээсэн аварга цолны эзэн Г.Эрхэмбаяр

Энэ жилийн Тулгар төр үндэслэсний 2222 жилийн тэгш ой, Их Монгол Улс байгуулагдсаны түүхт 807 жил, Ардын хувьсгал ялсны 92 жилийн тэмдэглэлт ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд улсын арслан Гунаажавын Эрхэмбаяр ес даван түрүүлсэн билээ. Өнөө цагийн өнгийг тодорхойлсон хүчит бөх Г.Эрхэмбаяр нь бөх хүний ноён нуруу, ёс жудгийг баримталж яваа олон сайн бөхчүүдийн магнайд явдаг нэгэн. Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат тэрбээр Сүлд спорт хороо, Таванхан дэвжээ, Ноёд группийн бөх. Түүний энэ амжилтыг ч энэ жилийн онцлох үйл явдалд оруулахаас өөр өргөгүй. Учир нь тэрээр Монгол Улсын 21 дэх аварга болж, Сэлэнгэчүүдийн 78 жил хүлээсэн Үндэсний бөхийн Аварга цолыг энэ онд хамгаалан авчирч өгсөн хүндтэй нэгэн.
 

Спортынхон гурван Гавьяаттай боллоо

Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зарлигаар Монгол Улсын жүдо бөхийн анхны эмэгтэй дэлхийн аварга Мөнхбатын Уранцэцэг, жүдо бөхийн дэлхийн аваргын мөнгөн медальт Д.Амартүвшин, чөлөөт бөхийн дэлхийн аваргын хүрэл медальт Г.Мандахнаран нарт МУ-ын Гавъяат тамирчин цол олголоо.

Ой тогтоолтын ДАШТ-ээс таван медальтай

Сүүлийн жилүүдэд Монгол Улсын нэрийг дэлхийн тавцанд мандуулж байгаа спортуудын нэг нь ой тогтоолт юм. Хэдэн жилийн өмнө хэн ч ой тогтоолтын наадам гэж чухам юуг хэлээд байгаа, тамирчид нь хэрхэн оролцдогийг мэддэггүй байсан. Гэтэл Монголын оюун ухааны академи байгуулагдсанаар энэ спортыг сонирхогчдын тоо эрс нэмэгдсэн билээ. Хүүхэд залуусын сурч боловсроход нэмэр болж буй ой тогтоолын аргуудыг одоо олон хүн анхаарах болсон байна. Ялангуяа монгол хүн "Ой" тогтоолтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний дээд амжилтыг эвдэж дэлхийн хэвлэл мэдээллийн анхаарлыг татсан энэ цагт ой тогтоолтын тамирчдын гаргаж байгаа амжилтаар бахархахын байхын аргагүй ээ.

Тэгвэл Английн нийслэл Лондон хотноо болж буй 22 дахь удаагийн ой тогтоолтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс манай тамирчид одоогийн байдлаар таван медаль хүртээд байна.

Бага насны ангилалд /12 нас/ Г.Тэмүүлэн хоёртын тоолол буюу цээжлэх төрөлд дэлхийн шинэ дээд амжилт тогтоож алтан медалийн тавцанд зогслоо. Дунд насны ангилалд (17 нас) Б.Намуунтуул хоёртын тоолол болон тооны марафоны төрөлд хоёр алтан медаль хүртлээ.

Тэрбээр мөн тооны марафоны төрөлд оролцож мөнгөн медаль хүртсэн юм. Харин 15 насны ангилалд Ц.Бат-Эрдэнэ хоёртын тоолол болон тооны марафоны төрөлд мөнгөн медаль хүртлээ.

Ингэснээр манай тамирчид багаараа эхний өдрийн байдлаар германы араас дэд байрт бичигдсэн байна.

"Богдхан хайрханы хишиг" бөхийн барилдаанд Санжаадамба түрүүлэв

МҮБХ, Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газар, АПУ ХК-тай хамтран зохион байгуулдаг "Богдхан хайрханы хишиг" улс аймгийн алдар цолтой хүчит 256 бөхийн уламжлалт барилдаан өчигдөр  Монгол бөхийн өргөөнөө болсон юм.

Долоо дахь удаагаа болсон энэхүү барилдаанд Монгол улсын заан Ч.Санжаадамба түрүүллээ. Ийнхүү тэрбээр энэ онд Монгол бөхийн өргөөнд болсон барилдаануудааас зургаа дахь удаагийн түрүүгээ авлаа.

Энэ удаагийн барилдаанд улсын аварга С.Мөнхбат, улсын арслан Х.Мөнхбаатар, П.Бүрэнтөгс, улсын гарьд Д.Рагчаа, Б.Гончигдамба, Ж.Бат-Эрдэнэ, улсын заан Ч.Санжаадамба, улсын харцага Л.Пүрэвжав, Т.Өсөх-Ирээдүй, Ц.Содномдорж, Ө.Даваабаатар, А.Бямбажав, Ж.Амартүвшин, Н.Батсуурь, улсын начин Э.Энхбат, Ш.Уламбаяр, Ж.Отгонбаяр, Д.Цогзолдорж, Л.Гантулга, Ш.Тогтохбаяр, Н.Батзаяа нарын тэргүүтэй улс аймгийн алдар цолтой бөхчүүд барилдан үзэгч түмнээ баясгасан юм.

Ийнхүү Монгол улсын баг, тамирчид удахгүй улиран одох 2013 ондоо амжилт бүтээлээр арвин, медалийн олз омогтой байлаа.

Х.Даваа