“Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын бүхий л үйл ажиллагаа  олон түмэнд нээлттэй, ил тод байх ёстой. Манай салбарт тусламж дэмжлэг хүссэн хүмүүс ханддаг. Тэр хүмүүст ямар нэг чирэгдэл учруулахгүй, хүнд сурталгүй үйлчлэх үүргийг бид төрийн өмнө хүлээж байгаа. Тиймээс тавьсан асуудалд нь судлаад хариу өгье гэж хандах нэг ч албан тушаалтан энэ салбарт байх учиргүй” хэмээн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг яам болон харьяа газрын удирдлагуудтай хийсэн уулзалтын үеэр онцгойлон анхааруулсан юм. Тэрбээр сайдын ажил авснаас хойш яам болон харьяа газрын удирлагуудтай тус тусад нь уулзаж байсан бол өнөөдөр нэлээд өргөн бүрэлдэхүүнтэй цуглуулан хуралдаж үүрэг даалгавар өглөө. Сайд салбартаа сахилга хариуцлагыг чангатгахад бүгд анхаарч ажиллах ёстойг сануулаад ажлын болон төсвийн сахилга батыг чанд сахиж, бүхий л үйл ажиллагаагаа ил тод нээлттэй явуулж, зөвхөн яам, харьяа газрууд гэхгүй суманд ажиллаж байгаа мэргэжилтнийг ч олон нийт иргэдээр ажлаа дүгнүүлдэг байхыг шаардана хэмээсэн.


             Түүнчлэн төрийн албан хаагчидтай байгуулсан үр дүнгийн гэрээний биелэлт бодитой байх учиртайг сануулж ийш тийш нь бичиг шидэж дамжуулагчийн үүрэг гүйцэтгэснээ ажил хийсэн нэр зүүхийг яав ч хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ хэлсэн юм. 
С.Чинзориг сайд ажилгүйдэл, ядуурал, хүчирхийллийг бууруулахад салбарын бодлогыг чиглүүлж ажиллахын тулд нэн тэргүүнд анхаарах зүйлүүдийг нэг бүрчлэн тайлбарлаж, холбогдох газруудын дарга нарт тодорхой үүргүүдийг өгсөн. Тухайлбал, ажилгүй, ядуу иргэдийн судалгааг хүн нэг бүрээр нарийвчлан гаргаж ур чадварт тохирсон хөдөлмөр эрхлэлтийн бодлого явуулах, зохион байгуулалттай ажлын байрыг дэмжих, ажлын байрыг хадгалах зэрэг арга хэмжээг Ажилгүйдлийн даатгалын сантай уялдуулах арга хэмжээний төлөвлөгөөг ойрын хугацаанд гаргахыг даалгалаа. Ядуурлыг бууруулах үндэсний хөтөлбөр боловсруулж иргэдийг ядуурлаас хамгаалах үйл ажиллагааг санаачлан хэрэгжүүлэх нь ХНХЯ, харьяа газруудын хийх ёстой ажил. Гэр бүлийн хүчирхийлэл, ялангуяа бага насны охид хүчирхийллийн золиос болж буй аймшигт хэргүүд гарч олон нийтийг түгшээж байгаад дүгнэлт хийж урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх ажлыг далайцтай явуулах, эцэг эх, олон нийтийн оролцоотойгоор хүчирхийллийг бууруулахад анхаарч ажиллахыг сануулав.


 


           Хүүхдийн асрамж халамжийн төвүүдийн үйлчилгээний стандартыг шинэчлэх, асрамжийн төвд хүмүүжсэн хүүхдийг бие даан амьдрах чадварт сургах, насанд хүрсэн ч амьдралд хөлөө олоход нь туслах хүүхэд хөгжил, хамгааллын шинэ үйлчилгээг нэвтрүүлэхийг холбогдох албаныханд үүрэг болголоо.  Мэргэжлийн боловсрол сургалтын салбарыг сайжруулахад чиглэсэн дорвитой шийдвэрийг Засгийн газраар гаргуулах, Монголбанк, арилжааны банкуудтай хамтран ажиллаж зээлийн хүүг бууруулах боломжийг судлах, шахаж шаардах ажлыг ч хийх ёстой гэлээ. 
             Ирэх оноос хэрэгжиж эхлэх хуулиудтай холбоотой тооцоо судалгаа, дүрэм журмыг яаралтай гаргаж батлуулах үүргийг ч өгсөн. Тэдгээрт, хүүхдээ асарч буй ээж, өрх толгойлсон эцэг эхэд олгох мөнгөн тэтгэмж, малчдын тэтгэврийн насыг наашлуулан тооцох, ОУВС-тай тохирсон тэтгэврийн насыг жилд зургаан сараар нэмж тооцох аргачлал зэргийг ойрын хугацаанд бэлэн болгох ёстойг ч анхааруулсан юм. Мөн хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарт хэрэгжиж буй гадны төсөл хөтөлбөрүүдийг хүнд наалдсан, бодитой үр дүнтэй байлгахад үйл ажиллагаагаа чиглүүлж, дарга нарын гадаад томилолтыг эрс хязгаарлахаа ч дуулгалаа.