“Тариалангийн талбайн хөрсний тогтвортой ашиглалт, хамгаалалт” сэдэвт зөвлөгөөн боллоо
2017/12/01
ХХААХҮЯ нь “Тогтвортой хөдөө аж ахуй” төсөл, Хөдөө аж ахуйн их сургууль болон бусад эрдэм шинжилгээ, мэргэжлийн байгууллагуудтай хамтран “Тариалангийн талбайн хөрсний тогтвортой ашиглалт, хамгаалалт” сэдэвт үндэсний зөвлөгөөнийг зохион байгууллаа.
Зөвлөгөөнд Дархан-Уул аймгийн Ургамал газар тариалангийн хүрээлэн, Хөдөө аж ахуйн их сургуулийн Агроэкологийн сургууль, Ургамал хамгааллын хүрээлэн, Газар зүй геоэкологийн хүрээлэн, Хими, хими технологийн хүрээлэн, хөрсний задлан шинжилгээ хийдэг лабораториуд болон аймаг орон нутгийн хүнс, хөдөө аж ахуйн газар, мэргэжлийн хяналтын газар зэрэг хөрсний чиглэлээр туршилт судалгаа, сургалт зохион байгуулан ажилладаг эрдэмтэн судлаачид багш, агрономч, байцаагч нарын төлөөллөөс бүрдсэн нийт 150 орчим хүн оролцлоо.
Мөн газар тариалангийн үйлдвэрлэлд олон жил үр бүтээлтэй ажиллаж байгаа Монгол Улсын гавъяат агрономч А.Бадарчин, ХАА-н шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор Б.Дорж зэрэг ахмад үеийнхэн оролцож байгаагаас гадна “БН Киргиз улсын хөрс хамгааллын талаарх бодлого” сэдвээр Төв Азийн хөрс судлалын холбооны ерөнхийлөгч, Киргиз улсын Нарин их сургуулийн Хөрс судлалын тэнхимийн эрхлэгч Профессор, доктор Эрмек Байбагишов, “Газар тариалангийн хөрс дэх органик болон эрдэс бохирдлууд” сэдвээр Дани улсын Копенхагены их сургууль, Байгаль орчны экологийн хими, физикийн сургуулийн захирал Профессор, Бяарнэ Штробел нар илтгэл тавьсан юм.
Энэхүү зөвлөгөөний онцлог нь хөрсний чиглэлээр ажиллаж буй манай улсын эрдэмтэн, судлаачид өөрийн тус тусдаа хийсэн туршилт судалгаагаа нэгтгэсэн. Энэ нь газар тариалангийн хөрсний үржил шимийг сайжруулах, элэгдэл эвдрэлийг бууруулах, нэгжийн ургацыг нэмэгдүүлэн чанарыг сайжруулах асуудлыг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой байлаа.
Мөн газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газраас тариалангийн хөрсний үржил шимийг сайжруулах элэгдэл эвдрэлийг бууруулах чиглэлээр үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулан батлуулж, шаардагдах төсөв хөрөнгийг шийдвэрлүүлэх, төлөвлөгөөний хэрэгжилтийн явцыг жил бүр тэмдэглэн өнгөрүүлэх Хөрс хамгаалах үндэсний өдрөөр тайлагнах саналыг гаргасан юм.