Ц.Нямдорж: 14926 материалыг улсын нууцаас гаргаж байна
2017/12/01
Засгийн газрын ээлжит бус хуралдаан өнөөдөр болж, С.Зоригийн хэргийг улсын нууцаас гаргах эсэх асуудлыг хэлэлцлээ. Улмаар С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн зарим хэсгийг улсын нууцаас гаргах асуудлыг дэмжсэн байна.
Энэ талаар ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж мэдээлэл хийлээ. Тэрбээр "УИХ-ын гишүүн асан C.Зоригийн амь насанд халдсан хэргээр гурван иргэн шийтгүүлсэн байгаа. Энэ гурван иргэнтэй холбоотой 14926 хуудас материалыг улсын нууцаас гаргахаар шийдвэрлэлээ. Мөн ТЕГ-т хадгалагдаж байгаа хэргийн статусыг өөрчилж, УЕПГ-ын Эрүүгийн хэргийн эсвэл Улсын дээд шүүхийн архивт шилжүүлэх болсон. Дээрх хоёр байгууллагын алинд шилжүүлэхээ дахин судалж байж эцсийн шийдвэрээ гаргана.
Мөн гүйцэтгэх ажиллагаатай холбоотой 74 хуудас материал нууцдаа үлдэж байна. Захиалагчийг эрэн сурвалжлах чиглэл бүхий хэргийг үндсэн хэргээс тусгаарлаж, үргэлжлүүлэн шалгаж байгаа. Хэргийг нууцаас гаргаснаар танилцах, өмгөөлөгч нар нь нууцын хайчинд орчихсон байсныг гаргах ажиллагаа хийгдэнэ" гэлээ.
Ингээд сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулав.
-Хэргийг нууцаас гаргаснаар ял авсан гурван хүний асуудал дахин сөхөгдөх үү?
-Шүүхийн журмаар явна. Ер нь бол тийм бололцоо бий. Улсын дээд шүүхийн Хяналтын шатны шүүх хурал таван шүүгчийн бүрэлдэхүүнтэй байдаг. Энэ бүрэлдэхүүн буруу шийдвэр гаргавал Ерөнхий шүүгч эсэргүүцэл бичиж, шүүгч нарын хуралдаанаар орох хуулийн гарц байдаг. Харамсалтай нь энэ хэрэг дээр Ерөнхий шүүгч нь бүрэлдэхүүнээ даргалчихсан учир энэ боломж их хязгаарлагдмал боллоо гэсэн ойлголттой байна. Уг нь Ерөнхий шүүгч хяналтын шатны хуралдаанд оролцоогүй бол алдаа гарсан нөхцөлд залруулах бооломжтой байдаг. Хоёрдугаарт хэрэв алдаа гарсан бол шинээр үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан гарсан алдааг шалгаж, залруулах жим байдаг. Үүнийг хуулийн байгууллагууд хэр зэрэг авч үзэхийг би одоохондоо мэдэхгүй байна.
зочин · 2017/12/01
сайн байна