Засгийн газрын лхавга гаригийн ээлжит хуралдаанаар Дэд бүтцийн сайд, УИХ-ын гишүүн С.Зориг агсны амь насыг хөнөөсөнтэй холбоотой хавтаст хэргийг ил болгох асуудлыг хэлэлцсэн ч шийдвэр гаргахаа хойшлуулсан билээ. Энэ хэрэг болон цаг үеийн асуудлаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.

-Монголбанкны экс ерөнхийлөгч асан Н.Золжаргалыг баривчилсан гэх мэдээлэл байна. Танд албан ёсоор мэдээлэл ирсэн үү?
-Авлигатай тэмцэх газраас өчигдөр орой баривчилсан гэсэн. Надад албан ёсоор мэдээлэл ирээгүй. Ямар асуудлаар баривчилсныг нь мэдэхгүй.
-Засгийн газрын хуралдаанаар С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хавтаст хэргийг ил болгох асуудлыг хэлэлцэж, шийдвэр гаргахаа хойшлуулсан гэсэн. Яагаад хойшлуулсан юм бэ?
-С.Зоригийн амь насыг хөнөөсөн хавтаст хэргийг улсын нууцаас гаргах асуудлыг дахин хэлэлцэхээр болсон. Өнгөрсөн есдүгээр сарын 1-нээс Төрийн болон албаны нууцын тухай хуулийг мөрдөж эхэлсэн. Өмнө нь УИХ-ын дарга асан Р.Гончигдоржийн гарын үсэгтэй Төрийн нууцын тухай хууль, 2004 онд Төрийн нууцын жагсаалт батлах тухай гэсэн хоёр хуулийг хэрэгжүүлж байсан.Энэ хоёр хуулийг нэгтгэж Төрийн болон албаны нууцын тухай хуулийг баталсан юм. Энэ хоёр хуулиар нуу-цаас гаргах саналыг Засгийн газар гаргаж, УИХ-аар хэлэлцэх дэглэмтэй байсан. Шинэ хуулиар Засгийн газар нууцаас гаргах зохицуулалттай болсон. Тиймээс өчигдөр (уржигдар) Засгийн газрын хуралдаанаар С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг ил болгох асуудлыг хэлэлцэх үеэр зарим зүйлийг тодруулах шаардлагатай болсон учир хойшлуулсан юм. Засгийн газрын хуралдаанаар өчигдөр (уржигдар) шийдвэр гараагүй учир энэ асуудал шийдэгдэхгүй байх гэсэн ойлголт гарсан байж магад-гүй. Санаа зовох хэрэггүй. Шийдвэр нь ойрын үед гарна. С.Зоригийн хэрэг дотроо хоёр хэсэг байгаа юм. Нэг нь шүүхээс шийдвэрлэж, гурван хүн шийтгүүлсэн 15 мянга гаруй хуудастай баримт. Нөгөө нь захиалагчийг хайж байгаа асуудал. Одоо олон нийтэд ил гаргах гээд байгаа нь гурван хүний шийтгүүлсэн хавтаст хэргийг л яриад байгаа юм. Энэ асуудлыг ил болгоход их садаа учирч байгаа. Зориуд будилуулж байна. Тун төвөгтэй байна. Үүнийг ил болгочихвол элдэв алдаа завхрал ил болох вий, өмгөөлөгч асуудал ярьж эхлэх вий гэдгээс үхтлээ айж, амь тавьж, элдэв арга их хэрэглэж байна. Монголчуудын дээр үед хэрэглэдэг байсан үг байдаг юм. Алах малын үсийг ав, алах хүний үгийг сонс гэдэг. Ядаж л өмгөөлөгчийн үгийг сонсох хэрэгтэй шүү дээ. Энэ хэргийг бид ингэж илрүүлсэн, ийм хүмүүс гэмт хэрэг үйлдсэн нь ийм ийм баримтаар нотлогдож байгаа гэдгийг ард түмэнд хэлэх хэрэгтэй. Хэрвээ тэгвэл ард түмэн ч, би ч бухимдаад байх шаардлага алга. Юунаас нь айгаад юм бэ. Нэгэнт л тэр хүмүүс 20 гаруй жилийн ял авчихлаа. Тэд хүн амины хэргээр шийтгүүлсэн шүү дээ. Юуг нь нуугаад байгаа юм бэ. Ард түмний хардлага сэрдлэгийг тайлах хэрэгтэй. Одоо ил болгохгүй байх талаас нь хууль ёсны, хууль бус бүх арга хэрэглэж байна. Бүх сүлжээг ашиглаж байна. Гэхдээ миний байр суурь өөрчлөгдөхгүй. 
-Захиалагчийг олох асуудлыг ил болгох талаар яригдаж байсан. 14 хоногийн дотор захиалагчийг зарлана гэж зарим гишүүн хэлсэн шүү дээ?
-Би 14 хоногийн дотор захиалагчийг зарлана гэж хэлээгүй. Захиалагчийг нь тогтоочихсон бол ил гарга, одоо битгий нуугаад бай гэсэн. Хамгийн ноцтой нь захиалгаар хүн алсан хэргээр гурван хүн шийтгүүлсэн. Тэр захиалагчийг нь нуугаад байна даа. Нэг бол Тагнуулын ерөнхий газар, эсвэл шийтгүүлсэн гурван хүний аль нэг нь нуусан байж таарна. Энэ асуудлаар би хуулийнхантай ил, далд хэлбэрээр удаан хугацаанд ярьж явлаа. 2016 онд УИХ-ын сонгууль болж байхад “Захиалагчийг ил болгооч” гэсэн чинь “Сонгуульд нөлөөлөх гээд байна” гэж худлаа хэлж байсан. Сонгуулийн дараа “Одоо ил гаргаач” гэхэд “Болохгүй. Ерөнхийлөгчийн сонгуульд нөлөөлнө” гэсэн. Дараа нь гаргах юм байх гэсэн чинь ил гаргахгүй л байна. Хамгийн сүүлд “Одоо захиалагчийг зарлавал хүмүүс хэлмэгдэнэ” гэж сая нэг хүн хэллээ. Ийм учир битүүлэг зүйл их байгаа учир ямар ч гэсэн шийтгүүлсэн хүмүүсийн тухай олон нийтэд ил болгох ёстой гэсэн хатуу байр суурьтай байгаа. 
-Засгийн газрын хуралдаанаар С.Зоригийн агсны амь насыг хөнөөсөнтэй холбоотой 15 мянга гаруй хуудастай хавтаст хэргээс захиалагчтай холбоотой 74 хуудсыг нь ил болгохгүй гэж ярьсан гэсэн мэдээлэл гарсан?
-Энэ мэдээллийг хэн, хаанаас гаргаад байгаа юм. Ямар ч гэсэн захиалагчийг хайх Ажлын хэсэг байгуулсан шүү дээ. Тэр Ажлын хэсгийнхний хүрээнд нууцлах асуудал байгаа юм байлгүй. Энэ асуудалд би нарийн ширийн оролцохгүй. Миний хувьд гурван хүнд ял өгсөн хэргээ л ил болго гэж байгаа. 
-Ерөнхийлөгч цаазаар авах ялыг сэргээх саналаа танд хүргүүлсэн. Энэ асуудалд та ямар байр суурьтай байгаа вэ?
-Надад албан бичиг ирсэн. Гэхдээ Ерөнхийлөгчийн институц, УИХ, Засгийн газар хоорондын харилцааг зөв болгох ёстой гэж би анхнаас нь ярьсан. Ерөнхийлөгч ийм саналтай байвал өөрөө хуулиа санаачлах ёстой. Эрх нь байгаа. Надад зөвхан албан бичиг л ирсэн. Албан бичгийн дагуу Ажлын хэсэг байгуулж, оролдоод үздэг юм бил үү гэж бодож байна. Хэрвээ Засгийн газартай албан ёсоор харилцах гэж байгаа бол Засгийн газарт чиглэл өгөх тухай Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёрын гарын үсэгтэй шийдвэр гарах ёстой. Ийм шийдвэр надад ирээгүй. Тэгэхээр хууль зүйн хувьд эргэлзээтэй зүйл болоод байгаа юм. Ер нь цаазын ялыг халах нь цагаа олоогүй гэдэгт би Ерөнхийлөгчтэй байр суурь нэг байдаг. Тиймээс ч өнгөрсөн жил Эрүүгийн хуулийг батлах гэж байхад бараг хуульчдын бослого гаргаж, хэвлэлийн хурал хийж байсан. Хүмүүсийг гэрт нь унтаж байхад шатаагаад бүгдийг нь алчихсан хэрэг нэг бус удаа гарсан шүү дээ. Зөвхөн хүн амины ч хэрэг байгаа юм биш. Цөмийн зэвсэгтэй хоёр том гүрний дунд оршиж байгаа цөөн хүн амтай улсын хувьд тусгаар тогтнолын асуудал Эрүүгийн хуульд нь байдаг юм. Эрүүгийн хуулийн хил хязгаар гэж бий. Монголын Эрүүгийн хууль бол зөвхөн Монголын газар нутагт л үйлчилнэ. Монголоос гараад бид байцаан шийтгэх нэг ч эрх байхгүй. Бусад улс ч манай нутагт нууцаар орж ирж, эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаа явуулах асуудал байхгүй. Төрийн тусгаар тогтнол гэдэг чинь ийм жижигхэн зүйлээс эхэлдэг юм. Жижигхэн мөртлөө маш том зүйлийг зохицуулдаг цорын ганц хууль бол Эрүүгийн хууль. Мөн түүнийг дагаж гарсан Байцаан шийтгэх хууль. Бүрэн эрхт байдал байх ёстой. Ийм л нарийн зүйл байдаг юм. Би ажлаа аваад нэг сар л болох гэж байна. Энэ хугацаанд “Баталсан хуулиуд чинь болохгүй байна” гэж тал талаас орж ирж байна. Ерөнхийлөгчийн явуулсан албан бичиг бол надад ирсэн түмэн саналын нэг нь л байгаа юм. 
-Тодорхой хэргүүд дээр цаазын ялыг сэргээх санал танд байгаа юу?
-Хүн амины хэрэг, төрийн зүтгэлтний амь насыг хөнөөж, Монголын тусгаар байдалд халдсан бол гэдгээр л өмнөх хоёр хууль хязгаарлагдсан юм. 
-Давхар иргэншилтэй холбоотой асуудал яриг-даад байгаа?
-Зарим гишүүн давхар иргэншилтэй холбоотой са-нал гаргаж байгаа. Харин хэний тухай яриад байгаа нь мэдэгдэхгүй байна. Юу бодож байгааг нь би яаж мэдэхэв. “Ийм хүмүүс давхар иргэншилтэй байна. Эдгээрийг шалгаж өгөөч” гэж нэр, хаягтай нь өгчихвөл гадаадад байгаа Элчин сайдын яамдаар дамжуулж ажиллагаа хийх бололцоо байгаа шүү дээ. Тодорхой бус юм яриад байхаар энэ 76 гишүүнээс хэнийг нь гэж шалгах юм. Ямар ч гэсэн дотооддоо судалж үзэхэд ийм баримт байхгүй байна. Давхар иргэншлийн асуудал үүсдэг улс нь Казакстан л даа. Манай олон иргэн Казакстан руу гарсан байдаг. Бид энэ асуудлыг яаж шийдсэн бэ гэхээр Казакстанаас өөрийнх иргэн болгосон шийдвэрийг нь авч тэр хүмүүсийг Мон-голын харьяатаас гаргаж байсан юм. Хуучин Засгийн газрын, УИХ-ын гишүүд гэхээр 80 орчим хүн байгаа. Шинэ Засгийн газар, УИХ гэхээр бас л 80 орчим хүн байгаа. Энэ 160 хүнээс О.Баасанхүү хэнийг нь ярьж байгаа нь мэдэгдэхгүй байна. Яг “Ц.Нямдорж Австри, эсвэл Австралийн иргэн болсон байж магадгүй” гэвэл тухайн улсаас судалж болно. Нэр, ус байхгүй тохиолдолд Эл-чин сайдын яам ажиллах боломжгүй. Нэрийг нь хэл гэхээр л таг болчихоод байгаа юм. 
-Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Зол-жаргалыг өөр улсын харьяат болсон гэсэн мэдээлэл байсан. Энэ талаар танд мэдээлэл байна уу?
-Байхгүй. Албан ёсоор мэдэгдсэн зүйл алга. Ер нь банк, “Эрдэнэт үйлдвэр” тойрсон ил, далд тэмцэл бүтэн жил явлаа. Хүн ядарвал ядрах төвшинд хүрлээ. Би 2016 оны наймдугаар сард л энэ асуудлыг ярьж эхэлсэн. Шалгах зүйл их байгаа. Шалгуулах гэхээр хуулийн байгууллага нь хөдөлж өгдөггүй. 
-Та Банкны тухай хуулийн төслийг УИХ-ын чуулганаар хаалттай хэлэлцэх санал гаргасан. Хаалттай хэлэлцэх шаард-лага байгаа юм уу?
-Байна. Энэ хуулийг тойрсон олон яриа гарна. Эдгээр нь эдийн засагт чичиргээ үүсгэж, муу үр дагавар гарна. Тиймээс би хаалттай хэлэлцэх санал гаргаад байгаа юм. 
-Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурцын асуудлаар нийтийн сонсгол хийх юу болсон бэ. Элчин сайд УИХ-аас томилдог албан тушаал биш учраас нийтийн сонсгол хийх шаардлагагүй гэж УИХ-ын Тамгын газрын хуульчид хэлсэн. Тэгэхээр нийтийн сонсгол хийх нь хууль бус юм биш үү?
-Нийтийн сонсгол хийхийг шийдэх ажлын хэсгийнхэн нь гадаад явсан гэсэн. Б.Энх-Амгалан, Н.Номтойбаяр, Ж.Батзандан нар байхгүй. Тэд ирэх долоо хоногоос ирж энэ асуудлаа шийдэх юм байлгүй дээ. УИХ-аас Элчин сайдыг томилдоггүй гэж яриад байгаа. Элчин сайдыг УИХ-аар хэлэлцэж, томилъё гэдэг санал хураалт хийдэг. Олонхи нь дэмжвэл Ерөнхийлөгч томилдог. Олонхийн санал авахгүй бол өөр хүн оруулж ирдэг хуультай. Харин энэ асуудлыг дахиад л булзааруулж байгаа юм. Өөр юу ч биш. 
-“Эрдэнэт үйлдвэр”-ийн асуудлаар ажлын хэсэг байгуулсан. Засгийн газарт саналаа өгч байгаа юу. Ямар процессоор явж байгаа вэ?
-Сангийн сайдаар ахлуул-сан Ажлын хэсэг байгуулаад ажиллаж байна. Ойрын хугацаанд Ажлын хэсэг хуралдаж, санал оруулах байх. Одоо ерөнхийдөө шийдвэрийн төсөл боловс-руулах төгсгөлийн шат руу орж байгаа. Маш төвөгтэй нөхцөлд ажиллаж байна. Би томилогдохдоо хэлж байсан. “Маш их дайралт ирнэ, гүтгэлэг дагана, би дуртай биш байна. Гэхдээ улсын эрх ашгийг бодож энэ саналыг хүлээж авъя” гэдгийг хэлсэн. Одоо өдөр, шөнөгүй дайралт ирж байна. Үхэл, сэхлийн төлөөх тулалдаан явагдаж байна. Чимээгүй дайн болж байна. Цусгүй дайн гэж хэлдэг дээ. 
-Засгийн газрын өчигдрийн (уржигдрын) хуралдаанд Тагнуулын ерөнхий газрын дарга яагаад оролцоогүй юм бэ?
-Тагнуулын ерөнхий газрын дэд дарга Б.Энхсүх оролцсон. Өөдөөс харж сууж байгаад зарим зүйлийг худлаа хэлж байна лээ. Ингэж л асуудал явж байна. Гэхдээ болох байлгүй дээ. Аливаа зүйл алхам алхмаар урагшилдаг. Санаж явбал бүтдэг, сажилж явбал хүрдэг гэдэг. Одоохондоо сажилж л явна даа. Танил талын нууц сүлжээнүүд бий болсон. Эдгээрийг тайлах гэж их юм болж байна.

 

Үндэсний шуудан сонин