Мал, тэжээвэр амьтдын жилийн эцсийн тооллогыг аймгийн хэмжээнд энэ сарын 7-17-ны өдрүүдэд зохион байгуулахаар болжээ. Үүнтэй холбогдуулан аймгийн Засаг даргын А/688 тоот захирамжаар тооллогын бэлтгэл ажлыг хангах, хяналт тавих үүрэг бүхий ажлын хэсгийг аймгийн Засаг даргын орлогч Ш.Хавалаар ахлуулан байгуулсан байна.

Аймгийн Статистикийн хэлтсээс өгсөн мэдээллээр энэ жил тооллогын маягтад зарим өөрчлөлтүүд оржээ. Учир нь Засгийн газраас малчдын тэтгэвэрт гарах насыг таван жилээр наашлуулах бодлого хэрэгжиж байгаатай холбоотой  хөдөө аж ахуйн салбарын нарийвчилсан тоон мэдээллийн сан бүрдүүлэх шаардлага гарсан аж.

 

Мал, тэжээвэр амьтдын тооллогыг сумын Засаг даргын захирамжаар байгуулсан тооллогын комисс малчдын хотонд очиж газар дээр нь гүйцэтгэх юм. Тооллогоос зайлсхийсэн, эсхүл тооллогод хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр оролцоогүй иргэнийг Зөрчлийн тухай хуулийн дагуу тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ажээ.  

 

Дашрамд хэлэхэд, 2016 оны жилийн эцсийн тооллогоор Баян-Өлгий аймгийн иргэд түүхэнд хамгийн олон буюу 4933 толгой тэмээ, 85779 толгой адуу, 155615 толгой үхэр, 937710 толгой хонь, 983314 ямаа, нийтдээ 2167351 толгой мал тоолуулсан юм. 

 

 

Ө.Нурболат

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг