Биткойны талаар эхлээд мэдлэгээ зузаатга. дараа нь шийдвэрээ гарга
2017/12/06
Сатоши Накомото гэх бие хүн, аль эсвэл бүлэг хүмүүс ч зохио-сон байж болох биткойн гэх цахим мөнгө дэлхийг хөдөлгөөнд оруу-лав. Энэ давалгаа Монголыг ч тойрсонгүй. Биткойныг сонирхож, худалдаж авах, зарах, тэр бүү хэл төхөөрөмжийг нь худалдаж аваад олборлодог залуус маш ихээр бий болж байна. Яг энэ цаг үетэй давхцаж, “Ард санхүүгийн нэгдэл”-ээс “Крипко үндэстэн” чуулга уулзалтыг энэ сарын 1-2-ны өдрүүдэд зохион байгууллаа.
Такс нь 100 мянган төгрөгийн үнэтэй ч “Корпрэйт” зочид буудлын А, Б танхимын суудал нь дүүрсэн байв. Үүнээс харахад биткойн үнэхээр Монголд давалгаа үүсгэжээ. Тэд криптовалют, блокчэйн технологи, биткойн буюу цахим алтны талаар мэдлэгээ зузаатгахыг хичээж, тэмүүлж буй нь илт. “Крипто үндэстэн” чуулга уулзалтад УИХ-ын гишүүн, Гадаад хэргийн яам, Санхүүгийн зохицуулах хороо, Монголбанкнаас төлөөлөл оролцон үгээ хэлэв. Үүнээс гадна Биткойн.ком сайтын захирал Стерлин Луяан, АНУ-д төвтэй “Степпе” компанийн захирал Б.Гэрэлмаа, Трэйд.мн сайтын захирал Б.Гантиг, УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, “Бананакойн” компанийн захирал Анна Гүнчэва, “Битмайн” компанийн захирал Жанг Юан, “Айтүүлс”-ийн Б.Баттамир зэрэг шинэлэг, содон хүмүүс оролцож, мэдээллээ иргэдтэй хуваалцав. Тус хурлаар “Биткойн, блокчейн, криптовалют гэж юу вэ”, “Финтекийн цаашдын хөгжил, олборлолт”, “Блокчейны Монгол дахь хууль эрх зүйн орчин” зэрэг сэдвээр хэлэлцүүлэг өрнөлөө.
Биткойны суурь болох блокчэйн системийг 2008 онд олон нийтэд танилцуулж, 2009 онд биткойны Вайтпэйпэр хэмээх төслийг Сатоши Накомото гэх хаягаас СайферПанк гэх бүлэг хүмүүс рүү майлаар илгээсэн байдаг. Энэхүү СайферПанк нь 1990-ээд онд үүсэн байгуулагдаж, либралчлал, хараат бус байдал, хувь хүний мэдээллийн нууцлал гэх мэт сэдвүүдээр хоорондоо уулзаж ярилцдаг аж. Иймээс хүний өдөр тутмын хэрэглээ болох санхүүгийн үйлчилгээг тэд онцлон авч биткойн гэх ямар нэгэн санхүүгийн байгууллага болон Засгийн газарт харьяалагддаггүй төлбөр тооцооны хэрэгслийн үндсийг тавьсан гэж хэлж болно. Харин 2015 оны эцсээр Европын холбооноос “Биткойн цэвэр мөнгө юм байна. Татвар авах боломжгүй” гэсэн мэдэгдэл гаргасны дараа ханш нь өсч, 2016 оны эцсээр 1000 ам.долларт хүрчээ. Харин 2017 он гарснаар Япон Улс биткойныг хүлээн зөвшөөрч, мөн бусад улс орнуудын Төв банк, Засгийн газрын анхааралд өртсөнөөр өнөөдөр 10000 ам.доллар хүрээд байна. Гэхдээ биткойн нь ямар ч зохицуулалт байхгүй, буух эзэнгүй санхүүгийн хэрэгсэл учраас иргэд өөрсдөө эрсдэлээ үүрч, мэдээлэлтэй байх хэрэгтэй гэдгийг чуулганд оролцогчид онцолж байлаа. Гол нь боломжийг нь харж ашиг олохоос гадна эрсдлээ үүрч чаддаг байх хэрэгтэй гэж зөвлөж байв. Ингээд “Крипко үндэстэн” чуулга уулзалтад оролцсон тал, талын төлөөллүүдийн яриаг хүргэе.
Д.Цогтбаатар: Монгол Улс дижитал яамтай болох хэрэгтэй
(Гадаад хэргийн сайд)
Биткойн бол шинэ бизнес боломж. Энд эрсдэл үүрч болно. Харин блокчэйн бол шинэ технологи. Үүнийг мандтугай гэж хэлмээр байна. Тоон ертөнц өнөөдөр бодит амьдрал болж байна. Үүнээс цааш бидэнд ямар дэвшил авчрахыг тааж таашгүй. Тиймээс дижитал яамтай болох саналыг дэвшүүлж байна. Бас дижитал Элчин сайдуудыг томилно. Төрийн албаны тунгалаг байдлыг блокчэйн технологид түшиглээд жинхэнэ утгаар нь бүрдүүлэх гарц харагдаж байна.
Ч.Ганхуяг: Нэг машинаас сард 300 ам.доллар олборлох боломжтой
(“Ард санхүүгийн нэгдэл”-ийн гүйцэтгэх захирал)
Дараагийн долоо хоногт УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо криптовалют, блокчэйны асуудлаар нээлттэй сонсгол хийхээр болсон. Тэгээд Засгийн газар нь дэлхий нийтэд энэ технологийг ашиглахаар болсон талаараа зарлахаар болж байна. Нэг ёсондоо криптовалют, блокчэйн технологи дээр төрийн бодлого тодорхой болох ёстой. Дэлхийн бүх улс орнуудаас парламент нь ийм мэдэгдэл гаргаж байна гэдгээрээ Монгол Улс тасраад явчихлаа. Энэ нь хурлын үр дүн. Иргэддээ үнэн зөв мэдээллийг анхдагч эх үүсвэрээс нь өглөө. Бодлого хэрэгжүүлж байгаа хүмүүст цэгцтэй ойлголт өглөө. Монголчууд тодорхой биткойн олборлох туршилтыг дор бүрнээ хийгээсэй гэж хүсч байна. Ялангуяа зууханд нүүрс шатаадаг байсан бол биткойн олборлоод дуулаахан суух боломжтой болж байна шүү дээ. Нэг машинаас сард 300 ам.доллар олох боломжтой. Блокчэйн технологи бол биткойны үндэс суурь нь. Блокчэйн программын ачаар бидний амьдрал орвонгоороо өөрчлөгдөнө. Банкууд, хуульчид байхгүй болно.
Ц.Түмэнцэнгэл: Иргэд биткойны талаар маш сайн мэдээлэлтэй байх ёстой
(Монголбанкны эдийн засагч)
Биткойн бол цөөн хүрээллийн хүмүүсийн санаа зовж буй цахим мөнгө. Үүний суурь нь болох блокчэйн гэдэг технологи нь маш олон салбарт огцом өөрчлөлт авчирна. Эрүүл мэнд, үл хөдлөх хөрөнгийн бүртгэл зэрэг байж болох бүх салбарт. Харин санхүүгийн салбарт төлбөр тооцоог илүү үр ашигтай болгох боломжтой. Блокчэйн хамгийн анх 2009 онд биткойноор нэвтэрсэн юм. Одоо бол блокчэйн дээр суурилсан биткойноос гадна 1300 төрлийн зоос бий. Үүнээс гадна блокчэйн технологи дээр суурилсан даатгал, үл хөдлөх бүртгэл явагдаж байна. Банана жимс хүртэл зарж байна шүү дээ. Өнөөдөр манайд хөдлөх хөрөнгийн гэрчилгээгээ наториатаар батлуулахад дундын зуучлагч байдаг. Эсвэл мөнгө шилжүүлэхийн тулд санхүүгийн байгууллагаар дамжуулдаг. Ингэж дамжихгүй байх боломжийг блокчэйн олгож байгаа юм. Тэгэхээр цаг хугацаа, мөнгө хэмнэнэ гэсэн үг. Монголд бол биткойн албан ёсны төлбөрийн хэрэгсэл биш. Үнийн хувьд маш их савалгаатай. Түүнчлэн дэлхийд зохицуулалт алга. Энэ нь өөрөө том эрсдэл. Гол нь олон нийт маш сайн мэдээлэлтэй байх ёстой. Боломжийг нь ойлгох хэрэгтэй. Эрсдлийг сайн мэдэж байх хэрэгтэй. Тэгээд шийдвэрээ гаргаасай.
Анна Гүнчэва: 14 сая ширхэг банана койн гаргасан
(“Бананакойн” компанийн захирал )
Бидний гаргасан криптовалютын ард банана жимсний аж ахуй байгаа. Тиймээс хэрэглэгчдэд бодит зүйл дээр суурилсан криптовалютад хөрөнгө оруулж, өгөөж хүртэх боломжийг бий болгож байгаа. Нөгөө талаас хөдөө аж ахуйн салбарын хувьд маш шинэлэг зүйл. Нийтдээ 14 сая ширхэг банана койн гаргасан. Үүнээс одоогийн байдлаар 1.5 сая сая ширхэг нь зарагдсан байна. ICO буюу анхдагч зах зээл дээр шинээр криптовалют гаргах процесс нь дахиад гурван жил үргэлжилнэ. Үүний дараа эргэлтэд ороод явах учиртай.
Стерлин Луяан: Биткойнд том хэмжээний хөрөнгө оруулалт хийж, алдагдал хүлээх хэмжээнд очиж болохгүй
(Биткойн.ком сайтын захирал)
Биткойноос мөнгөө алдсан тохиолдолд хариуцлага үүрэх ганц этгээд нь тэр хүн өөрөө. Ямар нэгэн хандах байгууллага байхгүй. Монголчуудад хандаж хэлэхэд маш их боломжууд байна. Биткойн хүн бүхэнд зориулагдсан зүйл. Биткойнд том хэмжээний хөрөнгө оруулалт хийж, алдагдал хүлээх хэмжээнд очиж болохгүй. Харин өдөр тутмын амьдралдаа санхүүгийн хувьд эрх чөлөөтэй байх талаас нь ашиглавал зүгээр болов уу. Биткойнд тухайн улсаас нь хууль, эрх зүйгээр зохицуулж, хянах шаардлага байхгүй. Яагаад гэвэл технологийн инноваци дээр хязгаарлалт тавиад эхлэхээр хурдыг нь сааруулдаг. Биткойныг хэрэв хянах шаардлагатай гэвэл Засгийн газар биш, блокчэйн технологи өөрөө хянах боломжтой.
Б.Гэрэлмаа: Биткойн дээр тулгуурласан дижитал мөнгөн тэмдэгтийг гаргаж байгаа компани бий
(“Степпе” компанийн захирал)
"Манайх АНУ-д байдаг технологийн компани. АНУ-д биткойн дээр ямар ч зохицуулалт хийгдэхгүй байгаа. Тэд үзэхдээ “Эдийн засгийн тодорхойлолтод нийцэхгүй, шинээр гарч ирж байгаа зүйл учраас байгалийн жамаараа хувийн секторуудаас босч иртэл нь зүгээр ажиглаад байж байя. Хууль бус гэж хэлэхгүй. Татвар олгохгүй” гэж байгаа. Гэхдээ гурав хоногийн өмнө АНУ-ын нэгэн компани биткойн дээр тулгуурласан өөрсдийн дижитал мөнгөн тэмдэгтийг гаргахаар болсноо зарласан. Япон Улс энерги болон худалдааны салбартаа оруулаад ирчихсэн. Хуулиа баталчихлаа. Үүний дараа 4000 гаруй худалдааны байгууллага биткойноор худалдаа хийгээд эхэлчихсэн" хэмээлээ.
Эцэст нь хэлэхэд Монголын хилээр биткойн олборлох зориулалттай 2500 төхөөрөмж аль хэдийнэ орж иржээ. Хүмүүс энэ тэнд ганц нэгээрээ, хэсэг хэсэгээрээ хуваагдан биткойн олборлоод эхэлсэн байна. Үүнийг худалдаж авч, зардаг “Ардбит” болон “Трэйд.мн” сайт аль хэдийнэ үүсгэн байгуулагджээ. Аль хэдийн галт тэрэг хөдлөөд эхэллээ. Тиймээс төрөөс тодорхой хэмжээний бодлого гарах байх гэдгийг чуулганд оролцогчид хэлж байлаа. Харин төр, засгийн зүгээс “Ойлгоогүй зүйл дээр төрийн зохицуулалт оруулж ирэх гэж яарах хэрэггүй. Хэрэв ингэвэл энэ зах зээл нуугдмал байдалд орж, хар зах зээл рүү орох магадлалтай. Тиймээс ажиглах байр суурьтай байна. Харин блокчэйн дээр суурилсан засаглалыг тогтоох боломжтой. Энэхүү технологийг дэмжиж ажиллах нь зүйтэй” гэдгийг хэлж байлаа.
Үндэсний шуудан сонин