Сайд нарт гардуулсан зөвлөмжид юу нуугдаж байгаа вэ?
2017/12/07
Авлигын эсрэг олон улсын өдөр жил бүрийн 9-нд болдог. Ирэх бямба гаригт тохиох юм байна. АТГ энэ жил үндсэн үүргээ хэрэгжүүлж чамгүй ажиллачих шиг боллоо. Хавраас хойш бүх яаманд ажиллаж, хяналт шалгалтынхаа дүнг өөрсдөд нь танилцуулсан. Яамдад хийсэн шалгалтаар олон ноцтой зүйл илэрсний зах зухыг дуулгасан. Саяхнаас сайд нарт нь зөвлөмж болгож гардуулжээ. Хамгийн сүүлд БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа тэрхүү зөвлөмжөө гардлаа гэж хэвлэлээр мэдээлэв.
Ц.Цогзолмаа сайдад өгсөн АТГ-ын зөвлөмжид “…Ерөнхий боловсролын лаборатори сургуулиудын захирлыг сонгон шалгаруулалтын үндсэн дээр томилох, боловсролын байгууллагын удирдах албан тушаалтны ёс зүйн хэм хэмжээг батлах, суралцагчдад ногдох хувьсах зардлын хэмжээг үндэслэлтэй, оновчтой тогтоох, хууль бусаар олгогдсон хувьсах зардлыг төсөвт буцаан төвлөрүүлэх арга хэмжээ авах, Боловсролын зээлийн сантай байгуулсан гэрээний үүргээ биелүүлээгүй этгээдээр хохирлыг нь нөхөн төлүүлэх, зээлийн сангийн санхүүжилтээр суралцагчдыг төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоо, шинжээчдийн багийн төлөөлөлтэйгээр сонгон шалгаруулж, олон нийтийн хяналтын тогтолцоог бий болгох, улсын хилээр соёлын өв нэвтрүүлэх чиглэлээр яамны гүйцэтгэх үүрэг, тавих хяналтыг сайжруулах, үнэт олдворын үнэлгээ, чанарыг тодорхойлох жишиг тогтоон мөрдүүлэх, улсын шалгалт, элсэлтийн ерөнхий шалгалтыг зохион байгуулах үйл ажиллагаанд тавих дотоод хяналтыг сайжруулах зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг тусгасан” хэмээн АТГ болон яамнаас нь мэдээлсэн байна. Харин Ц.Цогзолмаа сайд зөвлөмжийг хүлээн аваад “…Бид мэргэжлийн байгууллагаас өгсөн зөвлөмжийг ойрын хугацаанд хэрэгжүүлэх ажлыг шуурхай зохион байгуулж ажиллана” гэсэн гэнэ. Гэхдээ энэхүү албан мэдээлэлд дурдсан нь тойм төдий зүйл юм. Тойм мэдээг нь үг бүрчлэн уншвал ноцтой л харагдаж байна. Тиймээс АТГ-ын бэлтгэж хүргүүлсэн зөвлөмжийн “боть”-д юу нуугдаж байгаа вэ гэдэг асуулт гарч ирнэ.
Учир нь дээрх шалгалтын дараа “гутлаа үдээд, зангиагаа зүүсэн” яамдын удирдлагууд АТГ-ын дарга нарын үгийг маш томоотой сонсоод гарч байсан. Одоо тэр үг нь албан ёсны зөвлөмж болоод сайдынх нь гар дээр очиж байгаа юм. Тухайн үед, одоогоос гуравхан сарын өмнө Батлан хамгаалах яамнаас тендер сонгон шалгаруулахдаа хууль зөрчин шууд гэрээ байгуулдаг, Нэр бүхий цөөн тооны компаниуд байнга сонгон шалгаруулалтад орж шалгардаг. Худалдан авах ажиллагааг хэн нэгэн албан тушаалтны хувийн үзэмжээр шийддэг. Бусдад давуу байдал олгодог.Хуулийн заалтыг буруу хэрэглэдэг. Хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг АТГ-аар хянуулахгүйгээр шууд томилгоо хийдэг зэрэг зөрчлийг дурдаж байсан юм. Мөн Зам, тээврийн хөгжлийн яам 2015 оноос хойш төрийн захиргааны албан тушаалд гэрээгээр томилсон есөн хүн нь хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгээ хуульд заасан хугацаанд гаргаагүй хугацаа хоцроосон байна. Мөн таван хүний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг АТГ-аар хянуулалгүй албан тушаалд томилсон. Яамны ажилтан, албан хаагчдын үр дүнгийн гэрээний урамшуулалд 2015-2016 онд 508 сая төгрөг зарцуулсан. ИНЕГ-т сүүлийн гурван жилийн хугацаанд удирдах болон гүйцэтгэх албан тушаалд нийт 469 албан хаагчийг ямар нэгэн сонгон шалгаруулалт зарлалгүйгээр шууд томилсон. Боловсон хүчний халаа сэлгээ ихтэй. Хувь хүний үзэмж болоод улс төр, намын харьяаллыг харгалзан томилох асуудал их гардаг. Тендер шалгаруулалт нь худалдан авах ажиллагааны тухай хууль тогтоомжийг зөрчсөн. Зарим тендерт өөр хоорондоо холбоо хамааралтай хоёр компанийг оролцуулсан байж болзошгүй. “Монголын хөлөг онгоцны бүртгэл” ХХК-ийн орлого төвлөрүүлэлт, зарцуулалт, гэрээний үүргийн биелэлтэд тавих хяналт сул, чиг үүрэг, статус нь тодорхойгүй гэсэн дүнг танилцуулж байсан юм. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны удирдлагууд харьяа агентлагийн албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг АТГ-аар хянуулалгүй томилсон, илт ашиг сонирхлын зөрчилтэй этгээдийг албан тушаалд томилсон. Халаа сэлгээ их хийгддэг. Гадаад томилолтын зардлыг хэтрүүлж олгосон. Төрийн зарим ажил, үйлчилгээг төрийн бус байгууллагуудаар гүйцэтгүүлэхдээ сонгон шалгаруулсан гэх боловч холбогдох баримт бичиг нь байгаагүй зэрэг зөрчил, дутагдал илэрч байв. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал газрын тосны газрын албан хаагчид ажил үүргийнхээ хажуугаар шинжээчийн үүргийг давхар гүйцэтгэж ажилладаг. Уул уурхайн 19 мэргэжилтэн аж ахуйн нэгжийн ашигт малтмалын ордын нөөцийг тогтоосон тайланд шинжээчээр оролцож, 3-25 сая төгрөгийн хөлс авсан нь илэрсэн гэж мэдээлсэн. Барилга, хот байгуулалтын яамны мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, газар, хэлтсийн дарга зэрэг 20 албан тушаалтны 40.7 хувь нь барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байжээ. Мөн барилгын салбарт 2015-2017 онд томилогдсон удирдах албан тушаалтны 76 хувь нь 2016 онд буюу сонгуулийн дараа тухайн албан тушаалд томилогдсон байв. Энэ мэтчилэн цааш нь ухвал юу гарч ирэх нь тодорхой.
Тэгвэл АТГ яамдад хэдэн сар ажиллаж, хамаг бичиг сачгийг нь ухаж төнхөөд олж илрүүлсэн зөрчлөө ийн сайдад нь зөвлөмж болгон өгөөд байна. АТГ-ын энэ шалгалт 2015 оноос хойшхийг хамарсан байгаа юм. Тэгэхээр У.Хүрэлсүхийн Засгийн газрын сайд нарт Ч.Сайханбилэг, Ж.Эрдэнэбат нарын сайд нарын үеийн факт, баримтууд очсон байна. Томилгооноос эхлээд тендер, худалдан авалтын ажиллагаа, бусад ноцтой зүйлүүд бий гэсэн үг.
Зөвлөмжид багтсан мэдээллийг сайд задлах нь юу л бол. Цаашлаад л өмнөх сайдаа өмнөө бөхөлзүүлж, нууцыг нь хадгалсан гавьяа зүүнэ. Харин аль яамнаас ямар зөрчил илэрснийг одоогийн сайдад нь хэрхэн танилцуулсан талаараа, зөвлөмжид юу гэж бичсэнээ АТГ олон нийтэд мэдээлэхгүй байгаа нь хачирхалтай байгаа юм. Тэгж болохгүй гэсэн хууль дүрэм үгүй. Тиймээс сайдад өгсөн зөвлөмж нэртэй өмнөх сайд нарын “хавтаст хэрэг”-т юу нуугдаж байгааг хэвлэлийнхэн биш юм гэхэд олон нийт сонирхсоор байх болов уу.
Б.Дамдин-Очир
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин