Хөгжлийн банкийг хөгжлийн бэрхшээлтэй болгож, хөрөнгийг нь хүүлсэн этгээдүүдийн хэрэг юу болов. 16 жилийн дараа Засгийн эрхэнд гарсан Ардчилсан намынхан өсөлттэй байсан эдийн засгийг хэвтэрт ортол нүдэж, балбасан гэм нүгэл үйлдсэнийг сөрөг хүчнийхэн тодотгодог.

Эзэн Чингисийнхээ нэрийг, Японы Самурайтай нь худалдсан ч гэлцдэг. Ямартай ч Хөгжлийн банк хөрөнгөгүй болж, хэсэг хүн хөлжсөн нь үнэн. Эргэн саная.

Н.Мөнхбат. “Фортуна” Батбаярын цүнх баригчаас Хөгжлийн банкны захирал болтлоо дэвшсэн нэгэн гэдгийг улс төрийн хүрээнийхэн андахгүй. Гэхдээ тэр энэ их хөрөнгийг дангаараа залгисан уу, барах уу гэдэг асуулт. Хэдийгээр зах замбараагүй урсгалын эхэнд суучихаад мутарлаж байсан хүн ч Хөгжлийн банкны ТУЗ-ийнхнийг энэ хэргийн гадна үлдээх боломжгүй. Хөшгөө хаасан Хөгжлийн банкны гүйцэтгэх удирдлага мэргэжлийн бус, салбарын хэмжээнд удирдах албан тушаал хашиж байгаагүй, туршлага дутуугаас үйл ажиллагаанд доголдол үүссэн тухай Хөгжлийн банкинд хийсэн шалгалтын материалд бий. Гэхдээ удирдлагын багийн гишүүдийн ажиллах болон гүйцэтгэх захирлыг томилох журмыг Төлөөлөн Удирдах зөвлөл батална гэх “хууль” Н.Мөнхбатын үед мөрдөгдөж байсангүй.

Мань эр 2013 оны наймдугаар сарын 21-нд хөрөнгийн эх үүсвэрийн тамгаа гардан авсан. Үүнээс хойш Хөгжлийн банкинд халаа сэлгээ хийгдэж, олон хүн өөрчлөгдөв. Тухайлбал, Г.Одонтуулыг зээлийн газрын захирлаар мөн оны аравдугаар сарын 21-нд авсан. Гэхдээ асуудал үүсч түр хугацаагаар чөлөөлж 2014 оны гуравдугаар сарын 31-нд дахин авсан тушаал бий. Хачирхалтай нь, энэ хүний нийгмийн даатгалын дэвтрийг санхүүгийн албанд огт өгдөггүй. Мөн Хөрөнгө оруулалтын газрын захирлаар 2014 оны гуравдугаар сарын 31-нд Б.Буянмөнхийг, эл өдөр Хяналт, захиргааны газрын захирлаар Б.Батбилэгийг, Актив, пассивын удирдлагын газрын захирлаар М.Бат-Өлзийг 2014 оны долдугаар сарын 23-нд тус тус томилсон байдаг. Гол нь дээрх нэр бүхий эрхмүүд Н.Мөнхбаттай адил банк санхүүгийн салбарт 10-аас доошгүй жил, үүний дотор 5-аас доошгүй жил удирдах албан тушаал хашсан байх шаардлагыг ганц нь ч хангадаггүй.

Энэ мэтчилэн томилгоо, халаа сэлгээ хийгдэж, тэр бүү хэл, 2014 оны хоёрдугаар сарын 26-н гэхэд орон тоог 168 болгон нэмэгдүүлсэн тоон мэдээлэл бий. Өөрөөр хэлбэл, жил бүр бүтэц, орон тоог өргөжүүлсэн. Жишээ нь, ТУЗ-ийн 2012 оны арванхоёрдугаар сарын 24-ний өдрийн “Хөгжлийн банкны бүтцийн нэгжүүдийг батлах тухай” 54 дүгээр тогтоолоор дэд нэгжүүдийн тоог нэмэгдүүлэн нийт 15 дэд нэгжтэй болгожээ. Дараа жил нь ТУЗ дахин хуралдаж, “Барилга захиалагчийн алба”-ыг шинээр үүсгэн байгуулсан байх жишээтэй. Мэдээж тэр хэрээр цалингийн зардал өсөв. 2011 онд 373.8 сая төгрөгт хэмжигдэж байсан цалингийн сан даруй 12.4 дахин нэмэгдэж 2015 оны жилийн эцэс гэхэд 4 тэрбум 700 сая төгрөгт хүрэв.

Үргэлжлэлийг 

Нийгмийн шуудан сонин