Засгийн газрын өнгөрсөн лхагва гарагийн ээлжит хуралдаанаар төрийн албаны халаа сэлгээг “бөөндүүлжээ”. Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Б.Баатарцогтыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, оронд нь Х.Хэрлэнг томилсон талаархи мэдээллийг бид өмнө нь хүргэсэн.

 

 

Хэн хүний сонирхлыг татдаг, болчих юмсан хэмээн зүтгэдэг эл сэнтийг  үе, үеийн Засгийн газрын тэргүүнүүд хамгийн дотно хүндээ “бэлэглэдэг”. У.Хүрэлсүх ч энэ уламжлалаас ангид байж чадаагүй. Өвөг дээдсээс бидэнд бүрэн бүтнээр нь өвлүүлж үлдээсэн газрын хэвлийн баялаг Х.Хэрлэн болон түүний тойрон хүрээлэгчдийн гарт очих нь тодорхой болсон юм. Тэгвэл түүний томилгоотой зэрэгцээд ерөнхий чиг үүргийн хоёр ч яамны Төрийн нарийн бичгийн даргыг албан тушаалаас нь чөлөөлжээ.

 

Тодруулбал БСШУСЯ болон Сангийн Яамны төрийн нарийн бичгийн дарга нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргажээ. БСШУСЯ-ны төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Ж.Болормаа нь Ж.Эрдэнэбатын томилсон сүүлчийн албан тушаалтан юм.  Тэрбээр Засгийн газраа огцорсоныхоо дараа буюу Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэж байхдаа түүнийг яаруу сандруу томилсон байдаг. Гэвч энэхүү томилгоо нь хууль бус гэдгийг Төрийн Албаны зөвлөл үзэж Засгийн Газарт шаардлага хүргүүлсэн.

 

Учир нь өмнө БСШУСЯ -ны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Б.Баярсайханыг  үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн нь тогтоогдсон тул түүнийг эргүүлэн ажилд томилох шийдвэрийг шүүх гаргаад байгаа юм. Түүнчлэн БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа түүнтэй хамтарч ажиллаж чадахгүй гэсэн үндэслэлээр Засгийн газрын хуралдаанд оруулж, огцруулахаар зүтгэж байна гэх мэдээлэл хэд хоногийн өмнө цацагдаж байсан билээ.

 

Ямартай ч Ж.Болормааг ийнхүү албан тушаалаас нь огцруулах хэд хэдэн шалтгааныг тоочиж болох ч  Сангийн яамны төрийн нарийн бичгийн дарга Б.Нямааг ямар  үндэслэлээр албан тушаалаас нь чөлөөлсөн нь тодорхойгүй байна. Зарим эх сурвалжийн мэдээлж байгаагаар түүнийг өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн гэж байгаа ч  цаанаа өөр шалтгаан байхыг үгүйсгэх аргагүй юм.

 

24tsag.mn Б.Өрнөх