М.Оюунчимэг: “Алаг толгод”, “Гашуун” зэрэг талбайд зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтыг цуцалсан
2017/12/15
Өнгөрсөн онд уул уурхайн зориулалтаар ашигласан 27068 га талбай эвдрэлд оржээ. Үүнээс 12375 га-д техникийн нөхөн сэргээлт, 7425 га-д биологийн нөхөн сэргээлтийн арга хэмжээ авсан талаар Өргөдлийн байнгын хорооны хуралдааны үеэр салбарын сайд нь танилцууллаа.
Монгол Улсын 21 аймгийн удирдлагуудыг хамруулсан анхны цахим хуралдааныг Өргөдлийн байнгын хороо зохион байгууллаа. Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг байнгын хороонд иргэдээс ашигт малтмал, уул уурхайн ашиглалт, хайгуулийн тусгай зөвшөөрөлтэй холбоотой гомдол ихээр ирснийг танилцуулсан юм. Орон нутагт уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, байгууллагын буруутай үйл ажиллагааны улмаас газрын эвдрэл үүсч, нөхөн сэргээлт хийгддэггүй. Үүнээс болж тоос шороо босч, хүн, малын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөн, ундны усны хомсдол үүссэн тухай гомдол иржээ. Иймээс буруутай этгээдэд хариуцлага тооцуулах, учирсан гэм хорыг арилгуулах, Гол мөрний урсац бүрэлдэх эх, ойн сан бүхий газар ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгохгүй байх, уул уурхай, ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цөөрүүлэх, бэлчээр нутгийг хамгаалах, байгаль орчныг нөхөн сэргээх, хуулийн хэрэгжилтэд хяналт тавих, эрх зүйн орчныг сайжруулах зэрэг хүсэлтүүдийг гаргасан байна.
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбатын хэлж байгаагаар энэ онд найман аймгийн 20 гаруй суманд шалгалт явуулж, 30 аж ахуй нэгж, 20 бичил уурхай эрхлэгч, 80 гаруй хууль бус алт олборлогчийг шалгажээ. Шалгалтын дүнд хууль бусаар алт олборлогчдыг албадан буулгах үүрэг өгсөн байна. Ингээд 22 аж ахуй нэгж, 28 нөхөрлөл, 23 иргэний үйл ажиллагааг зогсоож, 15 аж ахуй нэгж, найман иргэний асуудлыг цагдаагийн байгууллагад хүргүүлжээ. Нөхөн сэргээлтийн зардлыг буруутай этгээдээр гаргуулсан тохиолдол одоогоор байхгүй гэсэн тайлбарыг хийсэн юм.
Засгийн Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар “Уул уурхайн нөхөн сэргээлтийг хийх зөвлөмжийг гаргасан. Ашигт малтмал ашигласны төлбөр хураамжийг орон нутагт үлдээдэг байх санал их явж байна. Төвлөрлийг сааруулах хүрээнд орон нутгийн эрх мэдлийг уул уурхай, байгаль орчныг хамгаалахад нэмэгдүүлэх хэрэгтэй. Орон нутгийн эрх мэдлийг нэмэгдүүлж байж байгаль орчноо хамгаалж, эвдэрсэн газруудыг нөхөн сэргээх асуудал үр дүнд хүрнэ гэж үзэж байна. Энэ талаар хуулийн төслийг ирэх оны нэгдүгээр сард өргөн мэдүүлнэ” гэлээ. Мөн тэрбээр Архангай аймгийн Цэнхэр сумын нутаг дэвсгэрт орших ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд газар дээр нь ажилласан талаар танилцуулсан. Энэ оны 05 дугаар сарын 23-ны байдлаар Цэнхэр сумын нутаг дэвсгэрт 17 ашиглалтын тусгай зөвшөөрөл байгаагаас бүгд алтны нөөцтэй талбай. Газар дээр нь очиж танилцахад бүх талбайн хэмжээнд эвдрэлд орсон, ашиглалтын үйл ажиллагаа явуулаагүй ч хөрс нь хөндөгдсөн, олон тооны нуур далан байгуулагдсан учир бороо хур орох болон уулын ус буух тохиолдолд голын ус нь бохирдолд ордог байна. Иймд тус талбайн хэмжээнд хамгаалах нуур далан хийлгэж, нөхөн сэргээлт хийх шаардлагатай гэж үзэж, Байгаль орчны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага болон Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын байцаагчийн дүгнэлт гарсан тохиолдолд тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх болон цуцлах арга хэмжээ авч болохыг хэлсэн байна.
Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл “Уул уурхайн үйл ажиллагаа явуулснаар эвдэрсэн газруудыг нөхөн сэргээх асуудал чухал. Байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэхээс гадна хүн, амьтан тэр орчинд амьдрах боломжгүй байна. Тухайлбал, Хан-Уул дүүргийн XII хорооны Туул голын орчим карьерын үйл ажиллагаа явуулснаас хүн, амьтан зорчих боломжгүй болсон. Бид газар нутгийнхаа бүрэн бүтэн байдлыг хамгаалж, нөхөн сэргээлтийг хийх ёстой. Буруутай этгээдүүдээр нөхөн сэргээлт хийлгэх хэрэгтэй” хэмээв.
Аймгийн Засаг дарга нар мөн цахимаар санал бодол, тулгамдаж буй саад бэрхшээлийнхээ талаар ярьсан нь энэ хурлын гол ач холбогдол нь байлаа. Тухайлбал, Баянхонгор аймгийн Засаг дарга Г.Батжаргал “Өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээнд 14 сумын нутаг дэвсгэрт 58,262.04 га талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий 52 аж ахуйн нэгжийн 84 тусгай зөвшөөрөл, 15 сумын нутаг дэвсгэрийг хамарсан 505,562.93 га талбай буюу 75 аж ахуйн нэгжийн 100 хайгуулын зөвшөөрөл олгогдсон байна. 2017 онд аймгийн хэмжээнд 15 аж ахуйн нэгж ашигт малтмалын олборлолтын үйл ажиллагаа, 11 аж ахуйн нэгж хайгуулын үйл ажиллагаа явуулсан. Үүний дотор иргэдийн эсэргүүцэл гомдолтой тулгарсан хэд хэдэн аж ахуйн нэгжүүд байна” гэв. Мөн тэрбээр Баянхонгор аймгийн Заг сумын нутаг дэвсгэрт 390 га талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшдэг нэгэн компанийн үйл ажиллагааг зогсоох талаар иргэд удаа дараа хүсэлт ирүүлсний дагуу ажлын хэсэг томилж, тус ажлын хэсгийн тайлан, дүгнэлтийг аймгийн Засаг даргын Зөвлөл, аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн өргөтгөсөн хурлаар хэлэлцүүлснийг танилцуулсан. Үр дүнд нь аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн “Нөхөн сэргээлтийн талаар авах арга хэмжээний тухай” тогтоолын дагуу 2019 оны нэгдүгээр сарын 1-н гэхэд эвдэрсэн газруудын нөхөн сэргээлтийг дуусгаж дахин үйл ажиллагаа явуулахгүй байхаар шийдвэрлэсэн байна.
Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Ч.Бат-Эрдэнэ “Уул уурхайн ашиглалтын улмаас эвдэрсэн газрын тооллого хийх ажлын удирдамж”-ийн дагуу аймгийн Засаг даргын 2017 оны А/137 тоот захирамжаар байгуулагдсан Ажлын хэсэг тооллого судалгааны ажлыг орон нутгийн холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран энэ оны тавдугаар сарын 22-ноос 10 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл ажиллалаа. Тооллогын дүнгээр нийт 415.26 га талбайд эвдрэлд орж орхигдсон бөгөөд 371.26 га талбай гар аргаар хууль бусаар ашигт малтмал /алт, нүүрс, анар/ олборлох, 37.96 га нь ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн дагуу уул уурхайн олборлолтод, 2.58 га нь овоолгод дарагдсан, 3.46 га талбай нь түгээмэл тархацтай ашигт малтмал /хайрга/ техникээр олборлох үйл ажиллагаанд тус тус өртсөн. Нийт талбайд нөхөн сэргээлт хийх шаардлагатай эсэх талаар ангилан авч үзвэл 305.64 га-д шаардлагатай, 109.62 га-д шаардлагагүй гэсэн дүгнэлт хийгээд байна. Энэ онд нөхөн сэргээлтийн ажлыг 11 га-д төрийн бус байгууллагуудаар хийлгэж хүлээн авав. Хууль бусаар ашигт малтмал олборлох үйл ажиллагааг тухай бүр нь зогсоох арга хэмжээ авсны дүнд Улсын байцаагчийн албан шаардлага 3, үйл ажиллагааг зогсоох акт 2, нөхөн төлүүлэх тухай акт 2, нөхөн төлбөрт 3.9 сая төгрөг, мөн 11.4 сая төгрөгийн шийтгэлийн арга хэмжээ авч, барагдуулан ажиллалаа” гэв.
Түүнчлэн УИХ-ын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар тус Байнгын хорооны 05 дугаар тогтоолын хэрэгжилтийн хүрээнд
Хурлын төгсгөлд Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг 05 дугаар тогтоолын хэрэгжилтийн явцад Дорноговь аймгийн Даланжаргал сумын “Алаг толгод”, “Гашуун” зэрэг талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалт зарласныг цуцалж өгөхийг хүссэн иргэдийн өргөдлийн дагуу Өргөдлийн байнгын хороо Ашигт малтмал, газрын тосны газартай хамтран ажилласан үр дүнгийн талаар танилцуулсан. Тэрбээр “Тус газрын даргын 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн А/199 тоот тушаалаар сонгон шалгаруулалтыг цуцалсан” гэлээ.
Зочин · 2017/12/15
Ярихаас цаашгуй ечнеен жил боллоо
Зочин · 2017/12/15
Ярихаас цаашгуй ечнеен жил боллоо