Б.Хурцын талаар нээлттэй хэлэлцүүлгийг өнөөдөр хийнэ Улс төр, Бусад 2017/12/15 2017-12-15 09:39:51 2024-11-30 00:47:46 Монгол Улсаас БНСУ-д суух Элчин сайдад нэр дэвшээд байгаа ТЕГ-ын дарга асан Б.Хурцын томилгоог хэлэлцэхээс өмнө нээлттэй сонсгол явуулах саналыг нэр бүхий гишүүд гаргасан. Тус асуудлыг УИХ-ын Өргөдлийн байнгын хороонд харьяалуулсан. Тэгвэл тус байнгын хороо Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороотой хамтран өнөөдөр нээлттэй хэлэлцүүлэг явуулахаар болжээ. Нээлттэй хэлэлцүүлэгт сонсгол хийх санаачилгад нэгдэж гарын үсэг зурсан гишүүд, өргөдөл гаргасан иргэдийн төлөөллийг оролцуулах юм байна. Энэ асуудлыг Өргөдлийн байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн М.Оюунчимэгээс тодруулахад Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурцтай холбоотой өргөдөл найман иргэнээс ирсэн Тэдгээр өргөдлийг Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хороогоор хэлэлцэх ёстой байсан ч манай байнгын хороо руу шилжүүлсэн. Бид өргөдөл бүрийг судлах ёстой учраас УИХ-ын даргаас хугацаа хүссэн. Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хороо манайд ирүүлснээс хойш 30 хоногийн дотор хэлэлцэх ёстой. Өргөдлүүдийг авснаас хойш тав хонож байна. Өргөдлүүдийн агуулгыг би хамаагүй хэлж болохгүй. Тэр дотор хувь хүний нууц, хууль шүүхээр шалгаж байгаа асуудал багтсан. Нэг зүйлийг тодотгоход өргөдлүүдийг нээлттэй хэлэлцэхийн тулд 900 хүний гарын үсэг цуглуулах шаардлагатайг хуульд заасан. Иймд энэ асуудлыг байнгын хорооны гишүүдэд танилцуулж, ямар байдлаар хэлэлцэх вэ гэдэг дээр санал авах гэсэн боловч ирц хүрээгүй’ гэжээ.
шаабар · 2017/12/15
Нээлттэй хэлэлцэж чадахгүй л болов уу. Харин иргэдийн дунд хэлэлцүүлэг зохион байгуулвал бүтэж магадгүй. Одоогийн УИХ-д гэмт хэрэг хийдэггүй, ямар нэг хэмжээгээр холбогдоогүй гишүүн байхгүй гээд хэлчихэд нэг их хол зөрөхгүй л болов уу. Мэдээж шүүхээр тогтоогоогүй болохоор гэмгүй гэж бодоод гэдгэр явцгадаадаг биз. Цаг хугацаа гэж хэнээс үл эмээх шударга шүүх байдаг болохыг мартаж боломгүй. Нүгэл зузаарах тусам шийтгэл хүндрэх болно. Арай нимгэн дээр нь зогсоодог бол өөрт нь үр удамд нь хэрэгтэй л юм даа.