“Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах онол-практикийн асуудлууд” сэдэвт эрдэм шинжилгээний хурал “1992 оны Үндсэн хууль ба түүний хэрэгжилтээс үүдэн гарч буй үр дагавар” сэдэвт илтгэлүүдээр үргэлжилж байна. Уг сэдвийн хүрээнд “Үндсэн хуулийн боломж шавхагдсан уу” гэсэн  сэдвээр Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, академич С.Нарангэрэл илтгэл тавилаа. 

 

Тэрбээр илтгэлдээ, Та бүхэн миний илтгэлийн гарчгийг уншаад 1992 оны Үндсэн хуулийн боломж, нөөц шавхагдсан гэх үндэслэл, гаргалаа гаргах нь гэж бодож болох юм. 1999 онд гэв гэнэт, хуйвалдааны журмаар оруулсан монголчуудын дунд  дордохын долоо хэмээн нэрлэгдсэн нэмэлт, өөрчлөлт Монгол Улсад хөгжил, дэвшил авчирсан уу гэдэг асуултыг иргэний хувьд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлтийг  хийсэн 1999 оны парламент, үүнийг баталгаажуулсан 2000 оны парламентын гишүүдээс хариуцлагатайгаар асуумаар байна. Өнөөдөр Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн талаарх хариултыг нурших шаардлагагүй гэж бодож байна. Харин Үндсэн хуульд оруулах гэж байгаа нэмэлт, өөрчлөлтийг дахин оруулахгүй байх баталгаа байна уу гэдгийг Улсын Их Хурлаас иргэн, судлаачийн хувьд асуумаар байна гэдийг онцлов.

 

Үндсэн хуулиа л сайн болговол, өргөс аваад хаясан мэт сайхан болно гэж бодож суугаа бол энэ их эндүүрэл гэдгийг судлаачийн хувьд хэлмээр байна. Тэгвэл Монгол Улс цаашдаа яах ёстой вэ, ямар гарц байна вэ. Өнөөдөр монголын нийгэм бүхэлдээ ёс суртахуунгүй, хариуцлагагүй болсон. Хууль, тэр дундаа Үндсэн хууль үүсмэл бол, ёс суртахуун бол хүн бүрийн уураг тархинд байдаг төрмөл зүйл. Аливаа улс, нийгэм, хувь хүн, айл өрх ёс суртахуунаа алдаад ирэхээр уналт, доройтол, ялзралд ордог нь жам ёсны зүйл. Монгол Улсын өнөөгийн  байдал нь Үндсэн хуулиас шалтгаалаагүй гэдэг нь бодит үнэн зүйл гэдгийг академич С.Нарангэрэл онцолоо.

 

Мөн тэрбээр илтгэлдээ, Бид эх орныхоо үүх түүх, туулсан зам мөрийг  сүүлийн 1000 жилд цогцоор нь нэгтгэн дүгнэж байж, монгол төрийнхөө язгуур үзлийг олж харах билгийн нүд маань сая нээгдэнэ. Монголын өнөөгийн гарцгүй мэт нийгэм улс төр, эдийн засаг, эрх зүй, оюун санааны гүн хямралаас гарах цорын ганц гарц нь ёс суртахууныг бүхнээс дээгүүр тавих явдал юм. Монгол төрийн үзэл суртлыг бий болгож, түүнийг цаг алдалгүй бий болгох шаардлагатай гэдгийг онцоллоо.  

 

Үргэлжлүүлэн “Улс төрийн хямрал Үндсэн хуулиас шалтгаалсан уу” гэсэн сэдвээр Хууль зүйн доктор  Б.Гүнбилэг  илтгэл тавив.

 

Тэрбээр илтгэлдээ “Эрх зүйн шинэтгэлийн таван тусгагдахуун байдаг. Үүнд:

 

-Хууль тогтоомжийг шинэтгэх. Хууль тогтоох, хуулийн гүйцэтгэлийг хангах,

 

-хууль хэрэглэх тогтолцоо, арга ажиллагааг шинэтгэх,

 

-хууль зүйн мэргэжлийн боловсролыг шинэтгэх,

 

-хууль зүйн эрдэм шинжилгээний ажлын зохион байгуулалт, арга зүйг шинэтгэх,

 

-нийгэмд эрх зүйн шинэ ухамсар төлөвшүүлэх гэх мэт.   

 

Энэ таван тусгагдахууны нэг нь байхгүйгээр, нөгөө нь нөхөгдөнө гэсэн ойлголт үгүй. Бид хууль тогтоомжийг шинэтгэх, хууль тогтоох, хуулийн гүйцэтгэлийг хангах асуудалд нэлээд ажил  хийсэн. Энэ ажлын хүрээнд 600 орчим ердийн хууль батлах, тогтолцоогоо шинэтгэх оролдлогуудыг хийсээр ирсэн. Харин хууль зүйн мэргэжлийн боловсролыг шинэтгэх, хууль зүйн эрдэм шинжилгээний ажлын зохион байгуулалт, арга зүйг шинэтгэх ажлыг хийсэн үү гэвэл эргэлзээтэй байгаа. Эцэст нь хэлэхэд, нийгэмд эрх зүйн шинэ ухамсар төлөвшүүлж чадсан уу гэвэл үгүй гэдгийг илтгэлдээ дурдав.    

 

Мөн өнөөгийн улс төрийн хямралыг Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт хийснээр засрахгүй бөгөөд харин улс төрчдийн хууль бус үйл ажиллагааг таслан зогсоох, улс төрийн намуудыг төлөвшүүлэхэд Үндсэн хуулиас бусад хуулиа ягштал сахих, сахиулах нь зүйтэй байна. Тухайлбал, аль нэг нам сонгуулийн үр дүнд ялалт байгуулбал тухайн намын төлөөлөл болсон албан тушаалтан төрийн албан хаагчдыг хоморголон халдаг байдлыг эрүүжүүлж, албан тушаалын гэмт хэрэгт хамруулан шийтгэж эхлэх цаг нь болсон. Үндсэн хуулийн 2000 оны 12 дугаар сарын 14-ны өдрийн 7 нэмэлт, өөрчлөлтийг эргэн харж, яаралтай эдгээр зүйлүүдэд нэмэлт, өөрчлөлт оруулах ёстой. Эрх зүйн шинэтгэлийн тусагдахууны талаар гурван чиглэлийг хэрэгжүүлэх үзэх ёстой. Үүнд, хууль зүйн мэргэжлийн боловсролыг шинэтгэх, хууль зүйн эрдэм шинжилгээний ажлын зохион байгуулалт, арга зүйг шинэтгэх, нийгэмд эрх зүйн шинэ ухамсар төлөвшүүлэх гэх мэт. Үндсэн хуулийн эдийн засаг, эрхэд суурилсан төсвийн төлөвлөлт, захиран зарцуулалтын талаар огт мэдэж байгаа, мэдсэн ч хэрэгжүүлэхгүй байгаа өнгөрсөн 25 жилийн парламент, Засгийн газрыг гайхан “биширч” байна. Түүнчлэн Junk news, populism-ийг хязгаарлах хуулийн зохицуулалтуудыг шинээр бий болгох, дордохын 7 өөрчлөлтөө өөрчлөх, ердийн хуулиа хэрэгжүүлэх шаардлагатай байна гэдгийг  хууль зүйн доктор Б.Гүнбилэг илтгэлдээ онцоллоо.   

 

Эхний сэдвийн хүрээн дэх гуравдахь илтгэл  судлаач нийтлэлч Б.Баабарын “Үндсэн хуульд оруулах шаардлагатай нэмэлт, тодотголууд” сэдвээр  үргэлжлэв.

 

Түүний хувьд Үндсэн хуульд тусгагдсан асуудал тодорхой бус байдгаас Үндсэн хуульд тодотгол хийх асуудлууд зайлшгүй гарч ирсэн. 1999 оны дордуулсан долоон өөрчлөлт гэдэг ч Үндсэн хуульд хийсэн тодотгол байсан гэдгийг онцолж байлаа. Мөн өнгөрсөн 25 жилийн турш улстөрчид нь Үндсэн хуулиа санаатай, санамсаргүйгээр  зөрчдөг. Төр нь хуулиа баримтлахгүй байгаа нь зөрчлийн үндэс болж байгааг дурдсан. Түүнчлэн Үндсэн хуульд оруулах шаардлагатай нэмэлт, тодотголуудыг дэлгэрэнгүй танилцуулснаар эрдэм шинжилгээний хурал түр завсарлалаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.