Би ийм бодолтой, их хаанаа тахин дээдэлж, дүрийг нь хоймортоо залан шүтэж явдаг нэгэн. Олон хүн надтай адилхан бодолтой байгаа гэдэгт би итгэлтэй байдаг. Саявтархан зурагтаар монголчуудын эрхэмлэн дээдлэх шүтээн юу вэ? гэсэн асуултад нэгэн “том" эрхэм: “Эх орон, газар шороо, эрх чөлөө, монгол хүн өөрөө” гэх зэргээр хариулж байхыг нь сонслоо.

Зөв биз ээ. Гэхдээ үүнийг ингэж тойруулан нуршихын хэрэг байна уу? Дээр нэрлэсэн бүхнийг буй болгож өгсөн их эзэн Чингис хаан гээд шуудхан хэлчихэж болохгүй байсан юм уу гэсэн миний хувийн бодол давамгайлсны улмаас энэхүү сэдвийг хөндөхөд хүрсэн хэрэг. Энэ нь бусдыг өөртэйгөө адилхан бодолтой байлгах гэсэн өвгөн миний хувийн явцуу үзэл байж болох авч ард олны нийтлэг эрх ашигтай зайлшгүй холбогдох асуудал гэж би бодож байна.

 

Аливаа улс, түүний ард түмэн үндэсний бахархал болох зүйлтэй, шүтэх шүтээнтэй байдаг нь зүй ёсны хэрэг бөгөөд тэр нь тухайн орны ард түмний оюун санааны нэгдлийн дээд хүч нь болж байдаг ёстой болов уу. Энэ нь төрийн сүлднээс ч эрхэм дээд ойлголт. Сүлд нь тусгаар тогтносон улсын бэлгэ тэмдэг болж байдаг бол бахархан дээдлэх зүйл нь тухайн орны ард иргэдийн үлгэрлэн дуурайх хүчин, тэмүүлэх оргил нь болж байдаг учиртай. Тиймээс ард олон дээдлэх зүйлийнхээ хүрсэн оргилоор мөнхөд бахархан, байгуулсан гавьяаг нь шүтэн дээдэлж, түүхэн уламжлалыг хэрэгжүүлэхийн төлөө итгэл төгс ажиллаж, амьдрах ёстой билээ. Тэгвэл манай улсын ард иргэдийн бахархан дээдлэх зүйл чухам юу вэ. Сүүлийн жилүүдэд эзэн Чингис хааныхаа мэндэлсэн өдрийг “Монгол бахархлын өдөр” болгон тэмдэглэдэг болсон нь сайшаалтай боловч бусад хугацаанд хэнээр, юугаар бахархах юм бэ? гэдэг асуулт тавихад хүрч байна. Энэ нь эзэн Чингис хаанаа бахархан дээдлэхийг зааж уриалсан бичиг баримт байхгүйтэй холбоотой бөгөөд хүн бүр дуртай зүйлээ эрхэмлэн дээдэлж болох мэт сэтгэгдлийг төрүүлдэг болжээ. Тийм бол тэр нь улс орны хөгжилд хэрхэн нөлөөлөх вэ?. Нөгөө олон толгойтой нэг сүүлтэй могойн үлгэрийг давтахгүй байгаа даа. Ингэхэд залуу үеийнхэн маань энэ талаар ямар бодолтой байдаг болоо, арай гаднынхныг шүтэн дээдэлж явдаг юм биш байгаа даа гэсэн элдэв бодлын үүднээс энэхүү асуудлыг тодруулж, аливаа орны ард иргэд нэгдсэн бодлого, нэг зорилготой хөдөлмөрлөж байж улс хөгждөг юм шүү гэдгийг сануулан хэлье.

 

Их эзэн Чингис хаан бол улс орондоо эв нэгдлийг бататган тогтоож, Их Монгол Улсыг байгуулан хүчирхгийн манлайд хүргэж, Ази- Европын орнуудыг төвшитгөн тохинуулснаар улс орныхоо нэр алдрыг даян дэлхийд мандуулан цуурайтуулсан аугаа их удирдагч, цэргийн алдар суут жанжин гэдгийг бид бүхэн мэдэх билээ.

 

Эдүгээ цагт ч их хааны эхлэл суурийг нь тавьсан олон талт үйл ажиллагааг дэлхийн улс орнууд баяжуулан хөгжүүлж, түүхэн замналыг бататгаснаар өнөөгийн ертөнцийг үндэслэн байгуулагч гэж нэрлэгдэж байна. Тиймээс эзэн Чингис хааны байгуулсан гавьяа, баатарлаг үйлс, хүн төрөлхтний түүхэнд оруулсан агуу их хувь нэмрийг дэлхийн улс орнууд дүгнэн мэдээлсээр байдаг. Тухайлбал их хааныг хоёрдугаар мянганы суут алдартнаар тодруулснаас гадна дэлхийн хамгийн нөлөө бүхий арван гэр бүлийн дөрөвдүгээрт багтаан нэрлэж, хүн төрөлхтөнд хамгийн их буюу 728.1 тэрбум ам долларын өв үлдээсэн хүнээр тодруулах зэргээр их эзэн Чингис хааны нэр алдрыг гадаадын орнууд л өргөн дээдэлсээр байгаа нь ажиглагддаг.

 

Тэгвэл Тэмүжин-Чингис хааныг төрүүлж өсгөөд, их хааны зэрэгт хүргэсэн эх Монгол Улс нь их хаанаа алдаршуулах талаар ямар ажил зохиож байна вэ? гэдэг асуулт тавих нь зүй ёсны хэрэг.

Манай улс өөрийн орондоо төдийгүй дэлхий дахинд бүх талаараа хүлээн зөвшөөрөгдсөн их хаантай боловч нэр алдар, үнэт сургаалыг нь улс орныхоо хөгжилд нөлөөлж, ард түмний итгэл үнэмшлийг төрүүлэхүйц хэмжээгээр ашиглаж чадахгүй, хааяа нэг хурал цуглаан зохиож, дүр барималд нь цэцэг өргөж, мэхийн ёслох төдийгөөс хэтрэхгүй байгаа нь туйлын хангалтгүй санагдана.

 

Өнөөгийн бидэнд арвин их баялагтай өргөн уудам газар нутаг дээр эрх дураараа амьдрах боломж, эрх чөлөө, тусгаар тогтнолын баттай эх суурийг буй болгож өгсөн их эзэн Чингис хаанаа бахархан дээдлэх шүтээн болгож өргөмжлөхөд чухам юу саад болоод байгааг гайхаж эргэлзэн байж дараах товч дүгнэлтийг хийсэн болно.

Түүхийн үүднээс үзвэл манай монголчууд манжийн эрхшээлд 220 жил дарлагдаж, оросуудыг дагалдан 70 жил явахдаа үндэсний эрх ашиг, түүх уламжлалаа умартан гээж, эзэн Чингис хааныхаа нэрийг ч хэлэх эрхгүй, хүлцэнгүй байдалтай явж ирсний нөлөө арилаагүй байгаагийн илэрхийлэл гэж үзэж болох биз ээ. Мөн сүүлийн 27 жилд барууныхныг дагалдан дуурайж, хэл соёлыг нь нэвтрүүлэх гэж ёстой л “Галууг дагаж хэрээ хөлөө хөлдөөх”-ийн үлгэрийг үзүүлж явна. Энэ бүх цаг хугацааныхаа туршид өөрсдөө сэтгэх эрхгүй мэт бусдын дуугарсан ам, далайсан гарыг харж аялдан дагалдаж ирсний балаг бөгөөд нөгөө талаар Монгол ёс, зан заншил, түүхэн уламжлалаа гээж, харийнхныг даган дуурайх үзэлд хэт их автсаны гай гэж хэлж болно.

 

Ер нь эзэн Чингисийн байгуулж өгсөн Монгол төрийн гал голомт мандан бадарч, өвөг дээдсийн үлдээсэн өв хөрөнгө байсаар, хүн, мал нь өссөөр байхад Монгол Улс юугаар дутагдаж гачигдсандаа, бусдаас юу горьдсондоо харийнхны өмнө бөхөлзөн, өрийн урхинд нь боомилуулж байх ёстой юм бэ гэдэгг өнөө цагийн нам төвтэй төр засгийн удирдах бүлгийн хүрээнийхэн ч улс үндэстнийхээ ирээдүйн эрх ашгийн үүднээс зохих дүгнэлт хийх цаг болсон мэт бодогдоно.

Энэ бол дэлхий дахиныг хаврын шуурга мэт нөмрөн байгаа даяаршлын салхинд Чингисийн монгол хийсэн уруудах уу, нэгдмэл хүчээр үндэс угсаагаа аварч, бие даан дангааршиж үлдэх үү гэдэг улс үндэстний эрх ашгийн тухай том асуудал бөгөөд үүнийг шийдвэрлэх үндсэн хүчин зүйл нь эзэн Чингис хаанаа дээдлэн хүндэтгэж хэлсэн үг, билиг сургаалыг нь хэрэгжүүлэхэд ард олноо сэхээрүүлэн, залуу үеэ Чингис хаанч ухаанаар төлөвшүүлэн хүмүүжүүлж, монгол ёс заншил, түүх уламжлалаа сэргээн дээдлэхэд орших билээ. Энэ нь урт удаан хугацаанд үргэлжлэн явуулах ажил боловч гагцхүү эхлэлийг тавих цаг аль хэдийнэ болсныг би сануулан бичиж буй хэрэг.

Монгол улсын төрийн шагналт, гавъяат багш Ш .Чоймаа “Тэмүжин хөвгүүнээс тэнгэрлэг эзэнд” хэмээх номдоо “Аливаа улс үндэстэн, ард түмэнд бахархах бахархал, шүтэх шүтээн гэж буй. Монгол Улс, монгол туургатны хувьд тэр нь юу вэ гэвэл, “Эзэн богд Чингис хаан” хэмээн олон хүн, ам бардам хэлэх буй заа” гэж 2012 онд бичсэнийг уншсанаа санаж байна. Мөн тун саяхан Соён гэгээрүүлэгч телевизийн “Бага хуралдай, эрдмийн чуулган” нэвтрүүлэгт оролцсон хэсэг ахмад эрдэмтэд “Эзэн Чингис хаан бол монголчуудын эрхэмлэн дээдлэх шүтээн мөн” гэдгийг санал нэгтэй баталж байхыг баясан харж суулаа. Энэ бол монголын ард түмний санаа бодлын илэрхийллийн нэг хэсэг.

 

Иймээс Их эзэн богд Чингис хаанаа монголчуудын бахархах бахархал, шүтэх шүтээн мөн болохыг батлан тунхаглаж, бүх ард нийтийг хамарсан өргөн хүрээтэй ажил зохион байгуулж өгөхийг Монгол Улсын Их хурал болон эрхэм ерөнхийлөгч Х.Баттулга та бүхнээс хичээнгүйлэн хүсье.

Мөнх тэнгэр ивээх болтугай.

 

 

Ю.Пүрэв

/МНТ-ны газар нутгийг судлаач, ахмад настан/