Сурагчдаас төлбөр, хураамж авахыг хориглоно. Энэ бол боловсролын салбарынхны сахин мөрдөх учиртай “хууль”. Харамсалтай нь, энэ хууль дээд, доод шатандаа огтхон ч хэрэгждэггүй.

Ерөнхий боловсролын сургуулийн багш нар хүүхдүүдээс хандив нэрээр мөнгө хурааж, ном шахаж, элдэв үзвэрийн тасалбар шахах нь энгийн үзэгдэл. Хэрэв мөнгө төгрөгөө хугацаанд нь өгөхгүй, ном худалдаж авахгүй бол үглэж, загнадаг аюул ч бий. Эцэст нь сурагчид сургуулиас даажих шалтгаан болж байгааг хүүхдийн эрхийн байгууллагууд хэлж байсан.

Ганц жишээ дурьдахад, Нийслэлийн ерөнхий боловсролын 18-р сургууль гэхэд хандивын мөнгө сар бүр 5000 төгрөг хураадаг. Энэ мөнгөний дийлэнх хэсгийг анги цэвэрлэхэд зориулдаг гэж байгаа. Уг нь сургууль цэвэрлэгчтэй. Тухайн цэвэрлэгч төсвийн мөнгөнөөс цалинждаг. Гэтэл анги цэвэрлэж, давхар цалинждаг болж таарч байгаа юм. Энэ нь дүүрч гэхэд ангидаа телевизор авна хэмээн багш хүүхэд бүрээс 20.000 төгрөг цуглуулсан байгаа юм. Мөн сурагчдын хувцас хийх шүүгээний мөнгө, шинэ жил болох гэж байгаа тул хүүхэд бүр 27000 төгрөгийн үзвэр үзэх “даалгавар” ч өгчээ.

Циркийн тасалбарыг багш нараар сурагчдад шахан борлуулдаг үзэгдэл сүүлийн үед ихэд дэлгэрээд байгаа. Мэдээж багш сурагчдад тасалбар шахсаныхаа хөлсөнд өөрөө болон үр хүүхдээ үнэгүй үзвэр үзүүлнэ. Эсвэл тухайн борлуулсан тасалбарынхаа хэдэн хувиар орлого олно. Ном борлуулах ч адилхан. Багш тодорхой хэмжээний ашиг хүртэх үндсэн дээр тохиролцоо хийдэг байна. Энэ гаж тогтолцоог хэзээ халах вэ, Ц.Цогзолмаа сайд аа.

1800-1969 дугаарын утсанд ирсэн санал гомдлын багагүй хувийг боловсролын байгууллагатай холбоотой буюу ерөнхий боловсролын сургуулийн захирал, багш нар хүүхдүүдээс элдэв хураамж, хандив нэрээр мөнгө хураан авдаг гомдол эзэлдгийг эрх биш дуулсан байлгүй.

Хууль яривал, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д “Албан тушаалтан, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, нутгийн өөрөө удирдах байгууллага нийтийн хэрэгцээнд зориулан иргэн, хуулийн этгээдээс бэлэг, бусад санхүүгийн туслалцааг авах, хүсэхийг хориглоно”,  Боловсролын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.7-д “Суралцагчаас хуульд заагаагүй төлбөр, хураамж авахыг хориглоно” гэж заасан байдаг. Гэвч энэ хуулийн хэрэгжилт хангагддаггүй.

niigmiintoli.mn