Хувь хүний нэр хүндэд халдах, гүтгэн доромжлох асуудлыг Эрүүгийн хуулийн онц ноцтой гэмт хэрэгт оруулан тооцохыг шаардаж, “Хөх Монгол”, “Хамаг Монгол”, “Даяар Монгол” бүлгэмээс Төрийн гурван өндөрлөг болон УИХ-ын гишүүдэд мэдэгдэл хүргүүлжээ.

2015 онд батлагдсан Эрүүгийн хуулиар бусдын нэр хүндэд халдах, гүтгэн доромжлох заалтыг Зөрчлийн хуульд шилжүүлж, торгох ялаар шийтгэх болсон. Ингэснээр нийгэмд бусдын нэр хүндэд халдах, гүтгэн доромжлох асуудал хавтгайрч байгааг “Хөх Монгол” бүлгэмийн үүсгэн байгуулагч Б.Энхбат шүүмжлэв.

 

Тэрбээр, “Монгол хүний нэр хүнд асар үнэтэй. Жирийн иргэний үнэлэмжийг өсгөж, хамгаалж чадвал Монгол орны эх орны тусгаар тогтнол баталгаажиж, дэлхийн тавцанд нэр хүнд нь өсөх юм. Тиймээс Монгол хүний нэр хүндэд халдсан хүнийг онц ноцтой гэмт хэрэгтэн гэж үзэх ёстой. Саяхан БНХАУ-д Их эзэн Чингис хааны хөргийг гутаасан хүнийг хорих ялаар шийтгэсэн. Хөрш орнууд бидний түүх соёлыг ингэж хүндэтгэж байхад Монголчууд бид бусдыгаа гутаан доромжилсоор байна. Тиймээс хувь хүний нэр хүндийг хамгаалдаг болохын төлөө бид хуулийн хүрээнд тэмцэх болно. Хуулийн хүрээнд тэмцсэн ч тодорхой шийдэлд хүрэхгүй бол хүчирхийллийн хэлбэрт шилжинэ. Монгол хүний нэр хүнд бол амь наснаас үнэтэй байх ёстой” гэлээ.

 

Төрийн өндөрлөгүүдэд хүргүүлсэн мэдэгдэлд бусдын нэр хүндэд халдсан ч хариуцлага хүлээдэггүй, эдүгээ төрийн дээд албан тушаал хашиж буй хүмүүсийн талаарх мэдээллийг хавсаргасан байна. Мөн төрийн нууцад хамаараарах материалыг ч хавсаргасан гэдгийг бүлгэмийн гишүүд дурьдаж байлаа.

 

 

Ч.Ариунболд

Гэрэл зургийг Н.Батбаяр

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг