Өнгөрсөн арваннэгдүгээр сарын 2-нд Дорноговь аймгийн Замын-Үүд сумын хоёрдугаар сургуулийн сурагч, найман настай Д.Сэржмядаг охин сураггүй алга болоод багагүй хугацаа өнгөрч байгаа билээ. Тэгвэл өнөөдрөөс охины авга ахыг цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлсэн талаар мэдээлэл гарч эхэлсэн. Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү “Охины авга ахыг шалгаж байгаа нь үнэн. Гэхдээ охин алга болохоос өмнө бага насны хүүхдийг хүчирхийлэхийг завдсан хэргээр шалгаж, цагдан хорьж байсан тухай Замын-Үүдээс мэдээлсэн. Эрлийн ажиллагаа одоо ч үргэлжилж, ажлын хэсэг одоо Замын-Үүдэд ажиллаж байна” гэлээ.