Ирэх оны 1-нээс татварыг 25%-иар нэмэгдүүлэхээр болоод байгаа. Үүнийг эсэргүүцсэн олон иргэд үзэл бодлоо илэрхийлсээр байгаа бол жилийн өмнө З.Энхболд руу оймсоо шидэж шуугиан тарьсан Уул уурхайн шинжээч Л.Наранбаатар ч мөн адил өөрийн байр суурийг илэрхийлжээ.

Хэд хоногийн өмнө "Уурхайчин" залуу эхнэр дөрвөн хүүхдээ тэжээж чадахгүй болж буйдаа харамсан фэйсбүүк хуудсандаа бичсэн нь олон хүнд хүрсэн билээ. Тэгвэл уг залуу Л.Наранбаатарын төрсөн дүү юм байна.

Тэрээр дүүгийнхээ бичсэнийг уншаад сэтгэл эмзэглэсэн тухайгаа дурьдаад: "Миний дүү уурхайчин. Бид гэр бүлээрээ удам дамжсан уурхайчид. Уурхайн буянаар л бид эрдэм боловсрол эзэмшиж, ажил төрөлтэй байж, ар гэрээ авч явна. Миний дүү уурхайчин аавын минь голомтыг сахиж, уурхайн тоос, тосонд хутгалдаж яваа жинхэнэ бүтээгч уурхайчин.

Дүү минь дээд боловсрол эзэмшээгүй ч эр цэргийн алба хааж эх орноо хамгаалаад ирсэн. Уурхайд 13 жил ажиллаж, татвараа улсдаа төлж, эхнэр 4 хүүхдээ амьжиргаатай нь залгуулж яваа жирийн л аав.

Саяхан дүү минь цалингаа нэмүүлсэн гэж баярлаад ахаа би одоо л ханиа, үр хүүхдүүдээ сайхан байранд оруулах боломжтой боллоо, зориглоод Дарханд байр лизингээр авчихлаа, гэртээ ийм тавилга авлаа, хүүхдүүдээ гоёлоо гээд гэж орж ирж билээ. Би ямар их баярлаж, дүүгээрээ бахархаж байваа. Хүнд хэцүү үедээ миний дүү хэзээ ч надаас таван төгрөг гуйж, зовлон тоочиж байгаагүй. Өөрөө өөрийгөө болгоод л явдаг юм. Дүү нь чаднаа л гэдэг.

Өчигдөр дүүгийнхээ постыг уншаад үнэхээр эмзэглэсэн. Амьдралд нь маш хүнд тусаж байгаа. Хуучин муу байраа зараад байрныхаа лизингийн урьдчилгаанд өгчихсөн, одоо төлж чадахгүй бол яанаа гэх айдас нь давамгайлж байгаа. Ард нь 5 ам ангалзаж байгаа шүү дээ! Аргагүй.

Гэхдээ миний дүү тайвширдаа, 11 хүүхэд төрүүлж, өсгөх гэж зүтгэсэн уурхайчин аав, ээж хоёр чинь чи биднээс ч илүү хүнд хэцүүг үзсэн. Гэхдээ хэзээ ч төрдөө татвар өглөө гэж уурлаж байгаагүй юм. Болгоод л байсан. Тэгэхээр бид даваад гарнаа, улс эх орон минь өнөөдөр хүнд байна. Идээчин, уугаачин, гацаагчид, тархи угаагчдын буянаар бидний үе хангалттай хөгжих боломжуудаа алдлаа. Бид тэдэнд итгэснийхээ төлөөсийг төлж байгаа юм. Харамсаад яахав. Цаг хугацааг эргүүлж чадах биш. Ямарсайндаа ах нь ийм байдлыг урьдчилан хараад тэдгээр худалч, хулгайч, эдийн засгийн алуурчид уруу "оймсоо шидэж" амьтны ад болж байхавдээ.

Шинэ засгийн амласнаар удахгүй нүүрсний "ДИПЛОМАТ ХОРИГ" цуцлагдаж, төмөр зам баригдаж, нүүрсээ зах зээлийн үнээр зардаг болж, том төслүүд хөдлөх байх гэж итгэж, найдаж, бүсээ чангалан сууна. Тэд татвар нэмэхгүй гэж амлаж сонгогдсон ч дампуурсан төр, хоосорсон санг хүлээн авсан учраас арга буюу биднээс, уурхайчдаасаа тусламж хүссэн нь тэр бизээ. 

Улсын эдийн засаг өндийх аяс ажиглагдаж, удахгүй улам сайжрахаар энэ татварын дарамтаа цуцлах байх гэж найдаж байгаа. Тэр үед цуцлахгүй бол харин нь ч нэг үзнэ шүү эд нартай. 

Тэгэхээр дүү минь, чиний илүү төлсөн татвар ядарсан айлын нэг ч гэсэн хүүхдэд халамж болон очиж, боловсролд нь хувь нэмэр болж, магадгүй хэн нэгнийг үхлээс аврах эм тариа болж очиж байна гэж бодоод өөрөөрөө бахархах хэрэгтэй. Бүсээ чангалаад хамтдаа зүтгэе! Зөв яавахад зөөлөн зөөлөн замбуулин гэдэгдээ миний дүү" хэмээн бичжээ. 

Эх сурвалж: Seen.mn