НӨАТ-аас 500 сая төгрөг хожжээ

Алганд багтахгүй их аз авчирна гэдэг тэр бүрий хүнд олдоод байхгүй ховор завшаан. Тэр тусмаа өөрт хэрэгтэй зүйлээ худалдан аваад түүний НӨАТ-ын баримтаас 500 сая төгрөг хожно гэдэг тун ч ховор хэрэг биз ээ.

Тэгвэл "БСБ сервис" компанид Хүний нөөцийн мэргэжилтнээр ажилладаг Ж.Алтанзул хэмээх бүсгүй 500 сая төгрөгийн азтанаар тодорсон байна. Ж. Алтанзул нь 10 дугаар сарын 22-нд болсон сугалааны тохирлоор супер шагналын азтан болсон билээ. Тохирлыг төрийн байгууллагууд гурван сарын турш шалган баталгаажуулж сая ийнхүү гардуулжээ. Тэрбээр "Азтан болсондоо баяртай байгаа. Хэн ч өөрийгөө ийм их мөнгөний азтан болно гэж боддоггүй. Өнөөдөр л эргэлзээ маань тайлагдаж байна. Их баяртай байна. Гэрийнхээ доод талд байдаг дэлгүүрээс худалдан авалт хийгээд 500 сая төгрөг хожлоо. 500 гаруй баримт бүртгүүлсэн байж байгаад азтан болсон. Одоохондоо мөнгөө юунд зарцуулахаа төлөвлөөгүй байна" гэжээ.

Ингээд аз нь алгандаа багтаж ядан буй Ж.Алтанзулд сайтынхаа мянга мянган уншигчийн өмнөөс баяр хүргэж ирэх ондоо аз жаргалаар дүүрэн явахыг хүсэн ерөөе.